Бүхнийг ялалтанд, бүгдийг фронтод!

Twitter Print
2017 оны 05-р сар 07-нд 20:57 цагт
Мэдээний зураг,

-Бүгдийг ялалтанд, бүгдийг фронтод!- 

Энэ уриан дор Дэлхийн 2-р дайны хүнд он жилүүдэд БНМАУ өөрийн холбоотон, анд нөхөр ЗХУ-д чин сэтгэлээсээ, чадах чинээгээрээ туслахыг чармайж байлаа. Тэд цэрэг стратегийн чухал гол түүхий эд болох гянт болдыг ЗХУ-д экспортлож, улаан армид 500,000 шахам агт морьд нийлүүлсэн ба  энэ нь фронтод зүтгэж байсан таван морь тутмын нэг нь туулах чадвар, шандас сайтай монгол морьд байж. Монгол морьдын тэсвэр хатуужил, туулах чадвар үнэхээр гайхагддаг байсан гэдэг. 

Монголчууд тэр үед өөрсдийнхөө идэж уух, өмсөх зүүхээ умартан улаан армийн ялалтанд зориулан мал мах, ноос бэлтгэж байлаа. Цэрэг арми, ар талд мах, махан бүтээгдхүүн зэр зэвсэг, эм тариа мэт чухал байв.

Тухайн үеийн холбоотон дэлхийн том гүрэн АНУ тэр жилүүдэд 665 мянган тонн консерв нийлүүлсэн байдаг. Тэгвэл дөнгөж 800 мянган хүн амтай, аж үйлдвэржээгүй, бараг эдийн засаг гэх зүйлгүй, мал аж ахуй дагнасан ядуу буурай Монгол улс 500 мянган тонн бэлчээрийн малыг амьдаар нь, ангийн тураг мах нийлүүлжээ. Зээрийн сүргийг тэр чигээр нь төмөр замын өртөө рүү шахаж үргээн хэдэн мянгаар нь ав хомрог хийн бүхнийг фронтод илгээж байж.

-Ажлын 10 цагт шилжэв-

1944 онд цөөхөн хүн амтай, олон сая малтай хөдөө аж ахуйн энэ орон бараг өлсгөлөнгийн байдалд орсон юм. Монголын тал нутгаас галын шугам руу бас нэгэн чухал цэрэг дайны бүтээгдэхүүн ачигдаж байсан нь ноос байв. Ноос бол шинель. Ноосон шинельгүйгээр Европын жихүүн чийгтэй салхи, Оросын тэсгим хүйтнийг газар доогуурхи нуувчинд байрлан байлдаж буй цэрэг эрс даван туулах нь юу л бол. Холбоотон АНУ тэр үед 54 мянган тонн ноос нийлүүлсэн байдаг. Тэгвэл мөнөөх буурай Монголчууд 64 мянган тонн ноос нийлүүсэн нь мөн л 5 цэргийн 1 нь “монгол” шинельтэй байжээ гэсэн үг.

-Дэлхийн II дайнд монгол хүн бүр байлдсан-

1942-45 онд Зөвлөлт-Германы фронт дээр БНМАУ-ын хөрөнгөөр байгуулсан “Монгол Ард” байлдааны нисэх онгоцны эскадриль, ”Хувьсгалт Монгол” танкийн цуваа /бригад/ тулалдаанд орж байлаа. Мянга мянгаар яригдах цэргийн техник дунд хэдэн арван танк онгоц өчүүхэн мэт боловч энэ нь агуулгын хувьд маш чухал, бараг боломжгүй зүйлийг бий болгосон байдаг нь гайхамшигт тооцогдоно. 

Харин Алс дорнодод Японтой хийсэн чөлөөлөх байлдаанд Монголын талын оролцоо жинтэй байсан юм. Хэдийгээр фашист Германтай хийсэн том тулалдаануудын дэргэд 1945 онд япончуудтай хийсэн тулалдаан гарз хохирол багатай, бараг марш шахуу юм болсон боловч монголчуудын хувьд байдал огт өөр байсан юм. Монголын 10 хүн тутмын 1 нь 5 батальон болж Цагаан хэрэм, Бээжин хүрч тулалдсан билээ.

Энэ үзүүлэлтийг хүн амых нь тоонд харьцуулбал цэргийн насны бүх хүн /хүн бүр шүү/ дайнд татагджээ гэсэн үг. Энэ үзүүлэлтээрээ Монголчууд дайны үед Сталины зохион байгуулсан ЗХУ-ын цэрэгжсэн цэрэгжүүлэлтийг давж гарсан билээ. 1945 оны 8-р сарын байлдаанд Монголын армийн гарз хохирлыг бие бүрэлдэхүүн, хүчин чадалд нь хувьчилж тооцоход 2-р дайны турш америкчуудын амссан гарз хохирлын үзүүлэлтийг мөн л давж гарсан байдаг.

Бид ийм л холбоотонтой байлаа гэж http://rusplt.ru/society/mongolia-v-voine.html сонинд бичсэнийг аугаа их ялалтын ойгоо тэмдэглэж буй энэ өдрүүдэд та бүхэнд сонирхуулан хүргэлээ. 

Ред. Тэгээд ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин аугаа их ялалтын 70 жилийн ойн баярын индэр дээрээс "Дайны туршид Монгол улс асар их дэмжлэг туслалцаа үзүүлсэн билээ. Энэ ялалт бол бидний хамтын ялалт юм" гэж хэлсэн нь Монголчуудын дэлхийн 2-р дайны ялалтанд үзүүлсэн хувь нэмрийг асар өндөр үнэлсэн хэрэг билээ.

Орчуулсан Л.Алтанзаяа

Эх сурвалж: mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.