О.Баасанхүү М.Энхболдтой уулзах уу, Г.Уянгатай гар барих уу...

2016 оны 05-р сар 05-нд 16:47 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь “Шударга ёс” эвслээс Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр гарч МАН-ыг бараадсанаар МАХН-МҮАН-ын хамтарсан эвсэл зургаан гишүүнтэй үлдэж УИХ-д бүлгийн хэмжээнд ажиллах боломжгүй болсон. Өнөөдрөөс Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг “Шударга ёс” эвслийн сайд нар болох Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Н.Батцэрэг нарыг танхимаасаа удахгүй хөөх гэж байгаа талаар төрийн ордноор шуугиж эхлэв.

МАХН-ын гурван сайдын хувьд хоргодоод байх зүйлгүй л болов уу. Харин МҮАН-ын дарга М.Энхсайханыг хэдэн жил дагаж гүйсээр УИХ-ын гишүүн, бүлгийн дарга, сайдын суудалд заларсан Н.Батцэрэгийн хувьд тун удахгүй АН-д элсэж, ирэх сонгуулиар Өвөрхангай аймгаас нэр дэвших тохиролцоогоо хийчихсэн гээд байгаа.

Үндсэндээ УИХ-д “Шударга ёс” эвсэл гэж байхгүй болсон тул Засгийн газраас тэдний сайд нарыг хөөх нь ч ойлгомжтой.

Байдал ингэж эргэсэн тул “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар гуравхан хоног ажиллаад мултарсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн “амиа бодох” цаг ирж байна.

Тэрээр уг нь МАХН-ын нэрээр Орхон аймаг юмуу, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр тооцоолж байсан ч Н.Энхбаяр даргадаа тун ч их гомдсон учир өнөө маргаашгүй улстөрийн сонголтоо хийж таарна. УИХ болон АН-ын дарга З.Энхболд О.Баасанхүү гишүүнд нүүр өгдөггүй тул магадгүй МАН-ыг юм уу, Г.Уянгын Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг зорих болов уу.

Хоёр ах нь түрүүлж очиж байдлыг тандаж мэдсэн тул “МАН-д хүрээд ир ээ” гэж дуудаж ч магадгүй. Гэхдээ Ч.Сайханбилэгийн танхимыг унагахаар санаа сэтгэл нэгдэж явсан Г.Уянгын намд Л.Цог ах нь очиж байгаа сургийг сонссоны хувьд Тусгаар тогтнол эв нэгдлийн намыг л сонгох болов уу даа.

Уг нь улс орны эдийн засаг, улстөр хосолсон хямралтай, хүмүүсийн царай баргар байгаа чухам энэ үед УИХ-д О.Баасанхүү мэтийн ганц хоёр зугаатай гишүүн байж хүмүүсийн сэтгэлийг бага ч болтугай зугаацуулан нэг ёсны улстөрийн инээдэмтэй наргиагаараа хэсэгхэн зуур ч гэсэн сатааруулж байсан нь саяхны явдал билээ. 

Гэтэл өнөөдөр байдал үндсээрээ өөрчлөгдчихлөө. Мань О.Баасанхүү гишүүн харагдах царайнаасаа л тун ч зугаатай эр юмсан. Гэтэл сүүлийн хоёрхон хоногт бүр царай алдаж гүйцэв. Сүйдтэй хорлонтой хэрэг тарихгүй ч тэрүүхэндээ хувиа борлуулаад л явсан О.Баасанхүү гишүүнийг Н.Энхбаяр даргаас эхлээд тохой залган суудаг З.Баянсэлэнгэ гээд өөлөн гоочилж, гомдоогсод олон байдаг нь сонгууль дөхсөн энэ үед түүнийг царай алдуулж байгаа гол хүчин зүйл гэдэг нь ч тодорхой. Манай зугаатай эр хамгийн сүүлд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Иргэн харьяатын тухай хуулийн төслийн талаар нэг жаахан “цор, цор” гэж дахиад л УИХ-ын дарга З.Энхболдын уурыг хүргэчихсэн. Уг нь иймэрхүү өөрт нь ямар ч ашиггүй хэрэг тариагүй үедээ УИХ дотроо мань эр шиг хөгжилтэй, зугаатай, авсаархан биедээ таарсан нүүрний баясгалантай эрхэм за даа бараг л байхгүй гээд мөрийцчихсөн ч хол зөрөхгүй. Гэм нь авсаархан хөөрхөн, зугаатай эрхэм гишүүн маань үе үе иймэрхүү хэрэг тарьчихаад дараа нь түүндээ гэмшиж явааг нь харах шиг хэцүү юм лав л энэ УИХ-д барагтай л бол харагдаагүй. Нэг хэсэг “Ц.Нямдоржоос илүүгүй ч, Х.Тэмүүжингээс дутуугүй хуульч” гэж ямар хүний мууд дуртай улс нь тараасан юм мэдэхгүй явган яриа төрийн ордны хонгилоор хий үзэгдэл шиг ниссэнээс хойш л зүв зүгээр явсан мань эрийг зүүгээр хатгасан юм шиг зүгээр суулгахгүй болчихсон юмдаг. 

Тэгээд яах вэ дээ. Зүв зүгээр торжигнотол гүйж явсан манай авсаархан, хөөрхөн О.Баасанхүү гишүүн маань тоолбол нас ойролцоо, төөлвөл гурав, дөрөвхөн хуруу өндөр байж болзошгүй Х.Тэмүүжингээ “огцруулна, хашраана” хэмээн баахан торжигносон юмдаг. Муу хүмүүсийн халдвар гэдэг тийм л аюултай байгаа юм. Зүв зүгээр төрийн ордны хонгилоор торжигнотол гүйж, хааяа нэг телевизийн камер харагдвал хүүхэд шиг баясан зураг, хөргөө татуулчихаад харайж явсан мань О.Баасанхүүг тийм муухай хэрэгт татан оролцуулчихсан удаатай. Харин тун тусгүй хэрэг тарьснаа авсаархан ухаандаа хожуухан ойлгосон мань эр дараахан нь яаруухан мэдэгдэл хийж “Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах төсөлд дурдсан дөрвөн үндэслэлийг зассан тохиолдолд огцруулах төслөө татаж авах боломжтой. Ёс зүйн хувьд алдаа гаргасан гэдгээ залуу хүний хувьд хүлээн зөвшөөрч, цагдаагийн бие бүрэлдэхүүнээс болон энэ үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрч уучлалт гуйвал заавал огцруулна гээд байхаа болилоо” гэсэн билээ. Хөөрхөн гэдэг нь. Янз нь гурав, дөрвөн хуруу нурууны өндөртэйдөө эрдэн Х.Тэмүүжин нь мань О.Баасанхүүгээ гомдоогоод явсан бололтой байдаг. Тэгээд нөгөө хөөрхөн авсаархан О.Баасанхүү нь гомдсон сэтгэлээ илэрхийлсэн нь л тэр юм. Тэгээд ч “Миний гомдол тайлагдсаан. Тэмүүжин л уучлал гуйчихвал болоо” гээд сууж байсан юмдаг. “Хүүхэд ийм дээрээ л хөөрхөн” гэдэг нэг хөөрхөн үг байдаг даа. Манай О.Баасанхүү гишүүн хүүхэд шиг торжигнотол гүйгээд хөөрхөн явсан үе бий. Харин одоо бол хөмсгөө зангидчихаад тун их бодол болж явна. Арга ч үгүй юм. Ямар ч хүн гуравхан хоног дарга хийгээд огцорвол уурлаж бухимдах нь тодорхой. Хүн л юм хойно бухимдаж, гомдсон сэтгэлээ тайвшруулахын тулд ямар нэгэн үйл хөдлөл хийж л таарна. Яг өнөөдөр О.Баасанхүү гишүүн ямар нэгэн шийдвэр гаргах гээд түмэн янзын бодол, тооцоонд дарагдаж яваа нь тодорхой. Харин түүний уулзах хүн нь М.Энхболд уу, Г.Уянга уу, бүр З.Энхболд юмсан уу. 

 

Энд нэг зүйлийг тэмдэглэн хэлэхгүй бол болохгүй. Өнгөрч байгаа дөрвөн жил буюу энэ удаагийн парламентад хэлэлцэж байгаа тухайн асуудлаар хамгийн идэвхтэй байр сууриа илэрхийлж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааныг тасалж үзээгүй хамгийн идэвхи сайтайгаар дөрвөн жилийг үдэж байгаа нь яах аргагүй О.Баасанхүү гишүүн билээ. Бүх хүнд таалагдах албагүй ч тэрээр хууль боловсруулах, батлан гаргах үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцож байсан гавьяаг нь дурсахгүй өнгөрвөл шударга ёсонд нийцэхгүй. Харин энэ эрхмийн дараагийн нүүдэл хаашаа чиглэж, ямар мад юмуу, ацан шалаа хийх бол доо...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin.

      (202.21.117.42) 2016-05-16 10:49
      • 0
      • 0

      zaluu hunii erch huch er zorig baina. Haaa ch ochson yadgiin. Hamuiin gol ni baasanhuu shig shudraga, heleh gesnee zorigtoi helchihdeg hun haanaas ch ner devshsen garch irne. hamgiin gol ni zuv namiig songoh heregtei

      Хариулах