Ч.Сайханбилэгийн хамар зүв зүгээр

Twitter Print
2016 оны 05-р сар 03-нд 14:47 цагт
Мэдээний зураг,

Өглөө ажилдаа ирээд сурсан зангаараа мэдээллийн сайтуудын шинэ мэдээлэлтэй танилцаж суутал Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хэн нэгэн танхай этгээд намалдаглаж, хамрыг нь далийлгасан тухай хачин жигтэй мэдээлэл шил шилээ даран гарсан байв. Монгол төрийн гурван өндөрлөгийн нэгэн, хэн нэгэн хамрыг нь шалчийтал дэлсэх нь байтугай хажуугаар нь ойрхон зөрөхийн ч аргагүй, хамгаалалтынх нь  бахь  залуусын хаагуур нь шунгинаж ороод хамар нармайг нь хугарч, далийтал нь гөвшчихдөг хэрэг вэ гэж тун их гайхаж, үнэн худлыг нь чадах ядахараа тодруулахыг оролдсон юм. Засгийн газрын хэвлэлийн албаны таньж мэдэх нөхдүүд рүүгээ утасдаж “Ерөнхий сайдын хамрыг хуга цохичихдог овоо муу гар нь хэн бэ” гэж байдгаараа тодруулахыг хичээсэн ч маньтайгаа адилхан мэдээлэлтэй Засгийн хэвлэлийнхэн ч “Худлаа цуурхал байх аа. Хэн л Ерөнхий сайд руу халдаж зүрхлэв гэж дээ” гэсхийгээд утсаа тасалцгаасан юм.

Уг нь “Засгийн газрын тэргүүний хамрыг далийтал дэлсчээ” гэдэг бол чухал хэрэгтэй мэдээ юу гэхээр огт биш. Сонирхолтой юмуу, хачин жигтэй мэдээ юу гэхээр яах аргагүй мөн. Тэгээд л цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгчид ихэд сонирхож, бас ч гэж хэвлэл мэдээлэлтэй ойр байдгийг минь бодолцож хэд гурван хүн утасдаж асуусан юмдаг. Гэтэл цахим ертөнцөөс мэдээлэл авсан нөгөө хэдтэйгээ адилхан ойлголттой надад “Тийм асуудал болсон, болоогүй” гээд барим тавим хэлчих баттай мэдээлэл байхгүй тул “Арай ч тийм зүйл болоогүй байх. Ер нь ч боломжгүй шахуу” гэсхийгээд өнгөрөөсөн юм. Энэ жигтэй шуугианы талаар Ерөнхий сайд ч, түүний хэвлэлийн алба ч ганц үг ган хийгээгүй.

 

Мэдээж хамрыг нь шалчийтал гөвшсөн бол Ч.Сайханбилэг сайдад гар хүрч зүрхлэх хүн хэн байж таарах вэ. Хамгийн магадлалтай нь Ч.Сайханбилэг сайдыг гудамжинд гиеүрээд алхаж явахад нь хэн нэгэн уурлаж бухимдсан хүн дэлсээд авна гэж түүхэнд байхгүй. Харин эрх баригч АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болсон бол хэрүүл шуугиан, түлхэлцээн болсон байх магадлалтай. Гэтэл тэрхүү дуулиантай хурал болоогүй гэж байгаа. Хамгийн муугаар бодоход л Ерөнхий сайдад халдаж зүрхлэх түрэмгий нөхөр нь дор хаяж ямар нэгэн эрх мэдэлтэн, үгүй бол хэн нэг олигархи нь байж таарна. Албан үүрэгтэй нь холбож үзвэл хамгийн сүүлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Цагдаагийн ерөнхий газрын  дарга Р.Чингисийг хамгаалж, Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг “Танхимын зарчмаар ажиллаж чадахгүй бол өргөдлөө өгөөд зайлаарай” гэсэн дуулиан дэгдсэн юмдаг. Асуудлыг тэр талаас нь хөөгөөд үзвэл Ч.Сайханбилэгийн хамрыг хуга цохисон эзэн нь тодорхой ч юм шиг. Гэтэл ЦЕГ-ын дарга Р.Чингисийг хавсайдаж байгаад зайлуулах гэсэн хоёр эрхэм бас л таг чиг байгаа. Мэдээж замдаа хөндөлссөн хэн нэг даргыг зайлуулах гээд болохгүй болохоор Ерөнхий сайдаа барьж авч балбаад байж чадахгүй, тэгдэг үе нь ч өнгөрсөн. Аль эсвэл нэр хүнд нь навсайтлаа уначихаад байгаа Ерөнхий сайдыг нийгмийн сэтгэлзүйгээр өрөвдүүлэх тактик уу явж байна уу. Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр хэвлэлийнхнийг сорьсон ч байж болох л юм.

Гэтэл үдээс хойш “Ерөнхий сайдын хамрыг хуга цохисон гэдэг нь үндэслэлгүй шал худлаа, ташаа мэдээлэл шүү” гээд л шуугиж эхэллээ. Ийм айхтар цуурхалыг хаанаас, ямар зорилготой тараасныг хэн ч нягталсангүй, ТЕГ ч таг чиг өнгөрөв. Хамгийн сүүлд баттай эх сурвалж гэгчээс “Ерөнхий сайдыг хэн ч дэлсээгүй. Хамар нь зүв зүгээр” гээд л мэдээлж гарав. Тэдний зүгээс “Ч.Сайханбилэг сайд сагс тоглох дуртай. Үсэрч харайж байгаад хамраа хөнгөн гэмтээчихсэн юм” гэсэн мэдээллийг баталгаажуулав. Тэрхүү баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр сайд нарын хоёрдугаар эмнэлэгт очиж хамраа үзүүлсэн байна. Ийм л юм болоод өнгөрч. Харин хэвлэлийнхэн баярынхаа өдрөөр хэн нэгний зуурсан жонхууг хэд сайн халбагдаад авлаа. Нэлээн гашуун, бас аргуун жонхуу байсан нь ч ойлгомжтой.    

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.