Урваж дуусдаггүй улстөрчид

2016 оны 05-р сар 02-нд 17:22 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны баасан гарагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2012 оны УИХ-ын сонгуульд анх хэрэглэж, УИХ-ыг 11 эмэгтэй гишүүнтэй болгосон сонгуулийн холимог буюу пропорциональ тогтолцоог Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан нь Монголын улстөрийг жинхэнэ утгаар нь самарч эхлэв.

2012 оны сонгуулиас өмнөхөн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, пропорциональ системээр сонгууль явуулсан нь Монголын улстөр, намуудын төлөвшилд зарим нэгэн томоохон шинэчлэлт авч ирсэн гэдэгтэй Монголчууд санал нийлж эхлээд байтал Үндсэн хуулийн цэц дөрвөн жилийн өмнөх шийдвэрээ хүчингүй болгож жинхэнэ холион бантан хутгаж орхив.

Үндсэн хуулийн цэцийн эргэж буцсан, Монголын улстөрийг дахин бохир мөнгө, сонгуулийн элдэв амлалт, боов боорцог тарааж өнгө мөнгөөр УИХ-ын гишүүн болдог хуучирсан тогтолцоо руу нь авч шидсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Монголын улстөрийн хоёр том буюу хамгийн их хор найруулж, тохиролцож наймаалцдаг АН, МАН-ынхан уухайн тас шүүрэн авч, энэ жилийн УИХ-ын сонгуулийг 76 жижиг тойргоор явуулах бэлтгэл ажилдаа ханцуй шамлан ороод байгаа.

Хамгийн гол нь гарсан өдрөөсөө буюу дөрөвдүгээр сарын 22-ноос хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын дүгнэлт нь Монголын улстөрд хүчтэй сөрөг хүчин буюу гурав дахь хүчин гарч ирэх бүх боломж нөхцлийг хааснаараа туйлын хорлонтой, жинхэнэ утгаараа МАНАН үүсэх нөхцлийг хангаж өгч байгаагаараа Монголд улстөрийн хямрал дээд цэгтээ хүрэхийг хуульчилсан хэрэг юм. Эргээд хуучнаараа мажоритар системээр сонгууль болох нь тодорхой болж байгаа тул байгуулагдсан цагаасаа даргаа ч олигтойхон томилж чадахгүй, намын жагсаалтаа наймаалалцсаар эхнээсээ тараа таниулсан ХҮН байтугай Монголын улстөрд сайн, муугаараа хангалттай танигдсан МҮАН-ын дарга М.Энхсайхан хүртэл “За мөнгөний сонгууль болох нь тодорхой боллоо. МАНАН-гийн хөлд чирэгдэж, үрэгдэж байхаар энэ хоёрын тулааныг уулын орой дээрээс харж суух нь өлзийтэй” хэмээгээд ирэх сонгуульд АН-ыг дэмжиж оролцоно гэдгээ зарлачихлаа.

Анх гарч ирэхдээ “Монголын улстөрийн гурав дахь хүчин болно” гэж чанга дуугарч байсан “Сэхээтний нам” гэгддэг ХҮН-ынхан хөнжилдөө хөлөө жийлцэж, долоо хоноод л даргаа сольж пижигнэлдсээр эцэстээ “Эрх мэдэл, эд баялагт улайран шунахайрсан бүлэг этгээдийн бөөгнөрөл байсан”-аа Монголчуудад эцэст нь тултал ойлгуулаад С.Боргил, Т.Доржханд, Ө.Мөнхбат зэрэг дарга нар нь бие дааж нэр дэвшихээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө гардуулцгаасан.

Гэтэл ХҮН-ынхны холион бантангаас илүү ичгүүртэй, урвалт шарвалт тун удахгүй болох гэж байгааг төрийн ордноор шуугиж байна.

Энэ шуугиан ХҮН-ын даргаар 2016 оны нэгдүгээр сарын 17-нд сонгогдсон ч Улсын Дээд шүүхэд хоёр ч удаа очоод баталгаажиж чадалгүй байсаар өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр намын даргын тамгаа “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдод хүлээлгэн өгч байсан “Босоо Ганбаа” буюу УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-аас гарч АН-д элсэх гэж байгаа дуулианыг ч нам дарж эхэллээ. Учир нь С.Ганбаатар эргэж буцамтгай, тэгээд ч эрх баригч АН-аас ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр улайрч байгаа горилогчид нь багтаж шингэхгүй бөөн зодоон нүдээн дээрээ тулчихаад байгаа тул яаж ч магадгүй бас нэгэн гайг өөртөө наахыг З.Энхболд дарга тэгтлээ хүсэхгүй нь тодорхой.

Харин намын хувьд цаашид оршин тогтнох нь ч тодорхойгүй болчихоод байгаа МҮАН-аас саяхныг хүртэл УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийг толгойлсон болж явсан Н.Батцэрэг, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй шахам явдаг “амьгүй албат” М.Сономпил нар “урваж” эрх баригч АН-д дагаар орох нь тодорхой болсон нь төрийн ордноор нэг шуугиан болж байна.

Н.Батцэрэгийн хувьд өнгөрч байгаа дөрвөн жилд хааяа хааяа тун “ноцтой” мэдээлэл хийчихээд л үндсэндээ “Шударга ёс” эвслийг шударга бус болгож бөөрөнхийлсөн нөхөр гэдгийг УИХ байтугай Монголын сонгогчид залхтал харж тарыг нь таньсан. Үндсэндээ М.Энхсайханыг бараадаж явж УИХ-д хоёр дахь удаагаа орж ирсэн энэ бөөрөнхий, өөрийн гэсэн үзэл бодолгүй нөхөр өнөөдөр УИХ-ын гишүүн цаашлаад сайдын суудалд суулгаж дөнгөсөн М.Энхсайхан даргаасаа урван АН-ыг бараадаж, Өвөрхангайгаас нэр дэвших тохиролцоог яг энэ цаг мөчүүдэд ичиж нэрэлхэлгүй хийж явна. УИХ-ын дарга З.Энхболд Улаанбаатарын аль нэг дүүргээс нэр дэвших, Г.Батхүү, Д.Зоригт нар Өвөрхангайд буцаж очих нүүргүй шахам болсон тул Н.Батцэрэгт боломж гарч байгаа бололтой юм.

Харин нөгөө нэг “амьгүй албат, урвагч” М.Сономпил нь Дарханаас нэр дэвшихээр тохиролцон наймаалцаж эхэлсэн дуулдана.

М.Сономпилийн хувьд 2007 онд Батлан хамгаалахын сайд байхдаа Барилгын цэргийн зарим ангиудыг татан буулгах тухай Засгийн газрын 100 дугаар тогтоолыг далимдуулан нэг тэрбум гаруй төгрөгийн луйвар хийж АТГ-ын хаалга татаж явсан нэгэн билээ. Тэрээр Барилгын цэргийн 182 дугаар ангийн төрийн өмчит үйлдвэрийн газрыг Дарханы “Сэргэн мандалт” компанид 500 сая төгрөгөөр зарсан гэдгээ тухайн үед өөрөө албан ёсоор хүлээн зөвшөөрсөн атлаа тэр мөнгө Батлан хамгаалахын дансанд ороогүйг, бас дээр нь уг үйлдвэрийн газрын зөвхөн байруудыг нь 600 сая төгрөгөөр худалдаж халаасалсан талаараа огтхон ч тайлбар хийхгүй гүрийсэн удаатай. Тиймээс ч дээрх нэг тэрбум нэг зуун сая төгрөг хаачив гэдэг асуултын араас АТГ-ынхан хэсэг л бэдэрсэн юмдаг.

Тэгвэл өнөөдөр сайд асан М.Сономпил улстөрийн хонжоо харж, эрх баригч АН-ыг бараадах нь чухамдаа хоног өдрийн л асуудал болоод байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Хамгийн гол нь ирэх сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд нэр дэвшигчдээ хуулийн хугацаа буюу тавдугаар сарын 4-нд тодруулсан байх ёстой ч Нийслэлийн Сонгуулийн хорооноос “Тавдугаар сарын 17-н гэхэд нэр дэвшигчид тодорсон байх ёстой” гэж 14 хоног хойшлуулж байгаагаа өнөөдрөөс зарлаж эхэлсэн. Ингэхээр МҮАН, ХҮН-аас урваж АН-ыг бараадагсдад ямар ч гэсэн боломж нээгдэж байгаа нь тодорхой болов. Тэгээд ч өнөөдөр 14:00 цагаас зарлагдаад байсан УИХ дахь АН-ын бүлгийн хурал хойшилж маргааш хуралдахаар болсон нь урваж шарвагсдын асуудлыг яаралтай нэг тийш болгохоор анхаарал тавьж эхэлсэн гэдгийн нотолгоо болж байна. Монголын улстөрд “Мөнхийн нөхөр гэж байхгүй, мөнхийн эрх ашиг л байдаг” гэдгийг Н.Батцэрэг, М.Сономпил, С.Ганбаатар нарын урвагчид тун удахгүй батлан харуулах нь ээ.      

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.