Олимпийн одод: Евгений Плющенко

Twitter Print
2018 оны 02-р сар 14-нд 14:02 цагт
Мэдээний зураг,

Евгений Викторович Плющенко

ОХУ-ын нэрт уран гулгагч Олимп, Дэлхийн аварга Евгений Плющенко 1982 оны арваннэгдүгээр сарын 3-нд хуучин Зөвлөлт холбоот улсын Хабаровск мужид төржээ. Тэрээр дөрвөн настайгаасаа мөсөн коток дээр гулгаж 11 настайдаа анхны багш Алексей Мишинтэй учирч алдарт тамирчин болох замнал нь эхэлсэн байна. Тухайн үед Мишин чадварлаг дасгалжуулагч байсан учир Олимп, Дэлхийн аварга Алексей Ягудин түүний удирдлагад бэлтгэлээ хийж байжээ. Хожмоо уран гулгалтын дэлхийн шилдэг тамирчид болсон Ягудин, Плющенко хоёр энэ үеэс хоорондоо өрсөлдөж эхэлсэн гэдэг. Ингээд 2002 оны Солт-Лейкийн Олимпийн наадамд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын хоёр уран гулгагч алт, мөнгөн медаль хүртэхэд А.Ягудин түүний өмнө гарч чаджээ. Олимпийн аварга цолоо нутаг нэгт анддаа алдсан Плющенко бэлтгэл сургуулиа эрчимтэй хийж өөрийгөө ялан дийлж, гагцхүү Олимпоос алтан медаль авах зорилготой байлаа.

2002-2006 оны хороонд Плющенко Дэлхий болон тивийн хошой аварга болж “Турин-2006”-д оролцох эрхийг авчээ. Ингээд Турины мөсөн талбайд эрэгтэйчүүдийн өрсөлдөөн эхэлж Швейцарын Стефан Лэмбелл, Канадын Жеферри Батли зэрэг шилдгүүдийг ардаа орхиж хүсэн хүлээж байсан Олимпийн алтан медалиа энгэртээ зүүсэн түүхтэй. Дөрвөн жилийн дараа болсон Ванкуверын наадамд Плющенко аваргаа хамгаалах зорилгтой оролцсон ч АНУ-ын Иван Лиасчек түүний өмнө гишгэсэн байна. ОХУ-ын алдарт гулгагч маань мөнгөн медаль хүртсэн бол Японы Дайшику Такахаши хүрэл медаль хүртжээ.

Ийнхүү Плющенко уран гулгалтын спортоор хичээллэж эхэлснээс хойш Дэлхийн хамгийн шилдэг эрэгтэй гулгагч болж чаджээ. Тэрээр 1996 онд анх ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд 6-р байр эзэлснээс хойш Олимпийн их наадмаас 2006 онд алт, 2002, 2010 онд мөнгө, Дэлхийн аваргаас 2001, 2003, 2004 онуудад алт, 1999 онд мөнгө, 1998 онд хүрэл, Европын аваргаас 2000, 2001, 2003, 2005, 2006, 2010, 2012 онуудад алт, 1998, 1999, 2004 онуудад мөнгө, ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнээс 10 алт, 1 мөнгөн медаль хүртэж байжээ. Мөн бусад Олон улсын чанартай тэмцээн уралдаануудаас 30 алт, 6 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж ОХУ-ын нэрийг дэлхий дахинд цуурайтуулж чадсан алдарт тамирчин юм.

Өдгөө 2014 онд эх нутагтаа болох Олимпийн наадамд уран гулгалтын эрэгтэй ганцаарчилсан төрөлд оролцох эрхийг аваад байна. Энэ нь түүний дөрөв дэх цагаан Олимп юм. 2010 онд мөнгөн медаль хүртсэн Плющенко жил гаруй их спортоосоо завсарласан. Харин түүний мөсөн талбайд эргэн ирж байгаа гол шалтгаан нь мэдээж Олимпийн аварга цолыг эх нутагтаа дахин хүртэх юм. Олимпийн алтан медаль гэдэг тамирчин хүнд ямар үнэтэй зүйл болохыг манай ард иргэд 2008 онд харсан билээ. Бас нэгэн гайхалтай зүйлийг дурдахад ОХУ-ын нэрт волейболч Екатерина Гамовагаас сэтгүүлч “та өөрийн авсан бүх медалудаа Олимпийн алтаар сольж чадах уу” гэж асуухад, би эргэлзэх юмгүй Олимпийн алтан медалиар бүх медалиа солино, ягаад гэвэл Олимпийн наадамтай эн зэрэгцэх тэмцээн гэж үгүй хэмээн хариулж байсан. Екатерина Гамова бол өнөө цагийн хамгийн шилдэг эмэгтэй волейболч билээ. Тэрээр 2000, 2004 оны зуны наадмаас мөнгө, 2006, 2010 оны дэлхийн хошой аварга, дэлхийн цом, гран-при, тивийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж гагцхүү Олимпийн алтан медаль хүртэж чадаагүй аж.

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон Олимпийн наадмын аварга цол гэдэг ийм л үнэтэй зүйл аж. Харин өдгөө 32 нас хүрч буй Плющенко ид гарч ирж байгаа залуучуудтай үнэн хүчийг үзэж “Сочи-2014”-өөс алтан медаль хүртэх үү, үгүй юу гэдгийг бид харах л үлдэж байна. Олимпийн өмнөх сорилго тэмцээнүүдэд Евгений уран гулгалтын хүнд элементүүдийг ямар ч алдаагүй цэвэрхэн хийж өөрийгөө Олимпод бэлэн гэдгээ нотолсон нь ОХУ-ын сая сая хөгжөөн дэмжигчдыг баярлуулсан билээ.

ОХУ-ын нэрт уран гулгагч Олимп, Дэлхийн аварга Евгений Плющенко эх нутагтаа болох "Сочи-2014" олимпийн наадамд уран гулгалтын эрэгтэй ганцаарчилсан төрөлд оролцох эрхийн төлөө мөсөн талбайн шилдгүүдийн нэг Фигурист Ковтунтай өрсөлдөж, илт давуу байдлаар Сочид оролцох эрхээ авсан юм. Ингээд Олимпод оролцох эрхийн төлөөх гайхамшигтай үзүүлбэрийн бичлэгийг та бүхэнд толилуулж байна. 

Сэтгүүлч М.Золбаатар

Эх сурвалж: mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.47) 2014-02-04 14:50
      • 0
      • 0

      Ямар мундаг юм бэ

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.47) 2014-01-28 19:03
      • 0
      • 0

      Ямар амархан хийж байнаа? Ухаан алдаж унамаар юм. Зүгээр л юм ярьж, гудамжаар алхаж байгаа мэт амарханаар ийм төвөгтэй хөдөлгөөнүүдийг хийнэ гэдэг үнэхээр гайхамшигтай. 4 дэхь удаагийнхаа өвлийн олимпод оролцох гээд 18тай Оросын уран гулгалтын шинэ үеийн одтой үзэлцээд дийлнэ гэдэг ясны агуу тамирчин гэдгийг л харуулж байна даа.

      Хариулах