Оюутолгойн уурхайг өргөтгөх төслийг ирэх долоо хоногт батална

Twitter Print
2016 оны 05-р сар 01-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

“Рио Тинто” компани зэс, алтны “Оюутолгой” ордын 4 тэрбум долларын өргөтгөлийн төслийг ирэх долоо хоногт батлахаар төлөвлөсөн байна. Ингэснээр тус компанид 4.7 тэрбум доллар бүхий үнэ цэнэ нэмэгдэж, цаашид өргөжих суурийг тавина гэж шинжээчид үзжээ.

“Рио Тинто” компанийн зэс, нүүрсний группийг хариуцсан гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак ирэх долдугаар сард тус компанийн гүйцэтгэх захирал Сэм Уолшийн халааг авна. Тус компани ирэх пүрэв гарагт Брисбэн хотод жил бүрийн ерөнхий уулзалтаа хийх бөгөөд энэ нь тус компанийн ТУЗ-ийн энэ оны эхний хагас жилийн сүүлчийн уулзалт болох төлөвтэй байна.

Өнгөрсөн 12 дугаар сард “Рио Тинто”, Монголын Засгийн газрын хооронд үүсээд байсан маргааныг зохицуулж, төслийн санхүүжилтийн гэрээг байгуулах болон өргөтгөлийн төслийг батлах эхлэлийг тавьсан билээ. “Оюутолгой” ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг хийснээр тус ордын баялгийн 80 хүртэлх хувийг ашиглах боломжтой болох юм.

“Оюутолгой” төслийг “Рио Тинто” -гийн охин компани “Turquoise Hill” болон Монголын Засгийн газар батална гэж найдаж байна. Бид далд уурхайн нэгдүгээр шатанд “Рио Тинто”-гийн эзэмшиж байгаа 34 хувийг 4.7 тэрбум доллар буюу нэгж хувьцааг 3.50 доллароор үнэлж байгаа гэж “Deutsche” банкны шинжээч хэлэв.

Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 4.9 тэрбум доллар болно гэж “Рио Тинто” компани 2014 оны 10 дугаар сард мэдэгдэж байсан билээ. Харин “Deutsche” банк барилгын зардлыг бууруулах замаар уг тоог 4 тэрбум болгож бууруулж болно гэж үзжээ.

“Оюутолгой” ордын далд уурхайн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг ТУЗ энэ улиралд багтаан гаргах төлөвтэй байгаа нь төслийн хэрэгжилт урагшлах сайн дохиог өгч байна гэж “Рио Тинто” компани гуравдугаар сард гаргасан улирлын тайландаа дурджээ.

“Оюутолгой” орд нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 700 мянган тонн зэс, 500 мянга унц алт олборлох боломжтой.

“Deutsche” банк бусад жижиг ордуудыг ашиглах замаар Оюутолгойг өргөжүүлэх боломжтой гэж үзсэн байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.