Өнөөдөр улаан өндөгний баяр буюу Пасха

Twitter Print
2018 оны 05-р сар 01-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

Улаан өндөгний баяр гэгддэг пасха өнөөдөр тохиож байна. Христийн шашин шүтлэгтнүүдийн дунд хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг энэ баяр Үнэн алдартны шашинтнуудын хувьд энэ жил тавдугаар сарын 1-нд таарчээ. Энэ бол үхэл амьдралын утга учрыг ухааруулсан баяр бөгөөд үхлээс амьдралд, газраас тэнгэрт гэх христийн шашинтнуудын сүсэг бишрэлийг илтгэсэн хаврын баяр аж. Христос амилав! Ертөнцөд урин дулаан цаг ирж, баяр баясгалантай гэгээн шинэ өдрүүд эхэлж байгаагийн тэмдэг гэж үздэг энэ баярыг эртнээс тэмдэглэж ирсэн бөгөөд Иисус бурхан үхлийг ялж, амьдралд эргэн ирсэн нь сүсэгтэн олонд амьдралын баяр баясалыг ухааруулах бурхан тэнгэрийн хүсэл таалал байсан хэмээн үздэг аж.

Харин домгоор бол Иисус бурхан хүн төрөлхтний балгийг үүрч загалмай модонд цовдлуулж, тарчлан зовсоор амь тавьсаныхаа дараа гурав дахь хоногтоо амь орж, үхэгсдийн ертөнцөөс хорвоо дэлхийд эргэн ирсэн гэж үздэг билээ. Тэрээр гэгээн сүнсний хүчээр жирийн хүний бие махбодид хувиран төрж, авснаас гарахдаа дээр нь тавьсан бунхны хавхаг чулууг огт хөндөлгүй, харуул хамгаалалтад ч мэдэгдээгүй байсан гэдэг. Харин харуулууд хоосон авс цагдан манаж байснаа мэдээгүй бөгөөтөл гэнэт газар хүчтэй хөдөлж, дээд тэнгэрээс сахиусан тэнгэр бууж ирсэн байна. Тэгээд тэрээр бунханы чулуун хавхагийг ховж татаж, авсан дээр суужээ. Түүний зүс царай аянга ниргэх мэт, өмсгөл хувцас нь цалин цагаан харагдаж байв. Харуулд зогсох дайчид харин айж ширвээтсэндээ үхэтхийн унаж, дараа нь босоод зугтаж одсон байна.

Эл явдал шинэ долоо хоногийн эхний өдөр тохиолдсон бол Иисусийг оршуулахдаа өвч биеийг нь үнэртэн гангаар хандалсан тосоор тосолж амжаагүй Мария Магдалина, Мария Иаковлева, Иоанна, Саломия нарын олон бүсгүйчүүд (сүм хийдүүдэд эдгээр эмэгтэйчүүдийг сайн санаатнууд гэж залбиран сүсэглэдэг) гэгээн ёсыг гүйцэтгэхээр өглөө эртлэн бунхан дээр ирдэг. Тэд харин Христийн бунханд харуул манаа тавьсныг мэдээгүй байсан бөгөөд бунхан таглаж тавьсан том чулууг «хэн бидэнд зайлуул өгөх юм бэ ?» хэмээн хэлцэж байх зуур бусдаас өрсөн хамгийн түрүүнд бунханд хүрсэн Мария Магдалина бунханы хавхаг чулуу хөдлөсөн байхыг олж харж, Петр, Иоанн нарт шууд хэл дуулгаж, «Бурхан тэнгэрийг минь аваад явчихаж, хэн хаашаа авч явав» хэмээхэд Петр, Иоанн хоёр бунхан руу даруй гүйн хүрэв.

Энэ бол сүсэгтэн олны ам дамжин хүрнэж ирсэн Христийн шашны номлол. Бурхан дахин хорвоод хэрхэн мэндэлсэн тухай зураглан өгүүлсэн домог бөгөөд эгэл заяат хүмүүний биед бурхан тэнгэр зэрэгцэн оршсон тухай өөр олон номлол бий.

"Христ дахин төрлөө" А.Рублев (1408-1410)

Оросоор ням гарагийг “Воскресенье” гэдэг. Харин Иисус дахин төрсөн гэхийг “Христос Воскрес” хэмээдэг нь бурхан тэнгэр эргээд ням гарагт төрснийг билэгдэж өгсөн нэршил аж. Чухам энэ өдрийг тохиолдуулан Пасха хэмээх улаан өндөгний баярыг хийдэг бөгөөд олон өнгөөр будсан өндөг, цагираган боов, пасха (үзэмтэй амтат аарц) тэргүүтнийг баярын ширээнд өрдөг байна. Өнгө алаглан будсан өндөг нь  (урьд өмнө зөвхөн улаан өнгөөр буддаг байжээ) Иисус Христийн цусаар төлсөн энх амьдралын билэг тэмдэг бол цагираган боов нь сүсэгтэн олны сүслэн залбирах бурханы бие махбодийг төлөөлүүлсэн билгэ тэмдэг байдаг ажээ. Сонирхолтой нь дасха баярын эдгээр бүх идээ цагааг өмнөх өдөр нь буюу “аймшигт” гэдэг бямба гарагт сүм хийдэд очин аравнайлж ариусгасан байдаг гэдэг.

Сонирхолтой нь үнэн алдартны Пасха баяр жил бүр өөр сар өдөр тохиодог тул заавал ч үгүй ням гарагт тэмдэглэх аргагүй байдаг аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.194.114.60) 2016-05-02 12:50
      • 0
      • 0

      Христийн шашныг сурталчилдаг сайт болжээ.

      Хариулах