Үдийн ундны дараах санамж

Twitter Print
2021 оны 10-р сар 28-нд 13:28 цагт
Мэдээний зураг,

Өглөө эрт ажилдаа яаран ирэх сайхан. Удирдлагаасаа үнэлэлт авах гэсэн ажлын хэнээтэй гэдэг шүү юм биш шүү. Ажлаа гэх сонирхолгүй хүн яаж ийж цаг нөхцөөж байгаад л хамт олондоо тэр дороо танигддаг. Удирдлагууд нь ч мэдээж асуудал тулгана. За тэгээд хийж амжуулсан ажилдаа жаахан сэтгэл ханамж аваад өдөр бас хоолонд орох сайхан. Хамт олноороо, ганц нэгээрээ ч бай, өдрийн дараагийн хагасыг үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд хоол унд бас хэрэгтэй учраас наргиан шуугиан болоод л хоол ундтайгаа залгана. Олуулаа хоол унд гэж байхдаа бид барагтай зүйлийг анзаардаггүй.

Харин ганц хоёулаа хоол унданд орохдоо  ямар нэг хүний нусаа шурдхийлгэн татах, таашаалж тамшаалж идэхэд гайхахаасаа илүү дүргүй хүрч урдахаа яаж ийгээд нэг хоолой давуулсан болдог. Одоо ч бас цаг сайхан болжээ. Их хотын хөгжил хажуу хавирганаас хүртэл мэдэгдэнэ.

Ерээд оны эхээр болсон ийм нэгэн явдлыг мэдэх юм. Нэг нөхөр найзынхаа хамт Сингапур орж овоо хөлтэй наймаа хийхээр очжээ. Нилээн цулгар мөнгөтэй ч байсан гэсэн. Сингапурын хятад хөл алдаж, гайгүй тансаг зоогийн газар дайлсан юм байж. Хоол унд нь ч зүйрлэшгүй, харин хамт очсон найз нь хэл, яриаг нь ойлгохгүй учраас хачин сайхан ойр орчныг нь нүд харамгүй халиаж суух зуур хоол идэхдээ хамаг юмыг нь баллаж орхиж. Нилээн их дуу шуугиантай хоол идэж байхыг нь харсан хятад багагүй гайхаж байснаа юу юугүй гэнэт уур нь хүрч “та нар мэтийн “хөдөөтэй” наймаа хийнэ гэж саналтгүй юм байна” гэсэн шүү юм яриад гараад алга болсон гэх.

Зах зээлд анх хөл тавьж, таниж мэдэхгүй хөрөнгөтөн нийгмийн зах зухаас гадарлаж эхэлсэн ерээд оныхоны дунд энэ мэт онигоо багагүй л байсан байх. Америкт анх очсон эрчүүд голдуу хэсэг төлөөлөгчдийн дундаас нэг нь байнга өөдөөс нь инээмсэглэх нэгэн шаргал үстэй бүсгүйн өөрт нь талтай байна гэж буруу ойлгоод “учрыг олох” гэсэн явдал бий. Төлөөлөгчид буудлаасаа орж гарах бүрт хүлээн авах албаны ажилтан бүсгүй нөгөө эрд нэг л онцгой элэгсэг хандаад байх юм гэнээ. Манайд ямар тийм инээмсэглэдэг, хүнд элэгсэг ханддаг үйлчилгээ байх биш дээ. Энэ ямар учиртай байдгийм гэж бодсон мань хүн хэл мэдэхгүйн эрхэнд овоо гайгүй хэл устай хэмээн бодсон нэгнийгээ гуйж, хоёулаа ярианы толь бичиг бариад нөгөө хүүхэнтэй хэл амаа ололцсон гэж байгаа. Тэгсэн америкчууд харц тулгарсан ямар ч хүнд элгэмсэг сайхан инээмсэглэл бэлэглэдэг болохыг ойлгосон байна. Монгол хүнд бол “харц буруугүй” байдаг учраас юу таарсан бүхнийг ажиж сонжих дуртай байдаг.

Заа, яадаг юм, энэ мэт явдал зөндөө л байдаг гэж орхиод эргээд хоолны асуудалд оръё. Амандаа дуугаргаж идэхээр ер нь ямар байдаг юм бол гэж бодлоо. Идээд үзлээ, өө зүгээр сайхан, дураараа, зоргоороо харин ч нэг сайхан дуугаргаж байна. Гэхдээ ганцаараа байхад л сайхан юм байна лээ шүү. Харин нусаа татдагын хувьд бол яах аргагүй анхаарах асуудал. Хүн бүр хоол идэхийнхээ өмнө гараа угаадаг болохоор гараа угаахдаа л хамраа цэвэрлээд авчихбал. Гэвч олонхи тохиолдолд жижиг цайны газруудад хооллох үе гарна. Гадаа хүйтнээс дулаан газар орж ирэхэд хамраас өөрийн эрхгүй шингэн гоожих гээд байдаг болохоор ямар нэг өөр арга хэмжээ авах хэрэгтэй болно л доо.

Бас нэг хэлэхгүй өнгөрч боломгүй зүйл байдаг юм. Юу гэвэл халуун, хүйтэн ямар ч шингэнийг хүчтэй сорж уух явдал ажиглагддаг. Ажлын байр, хоолны газар, өөр хаа ч бай хамаагүй аягатай цайгаа сорж уух юм уу, бохь тас няс хийн зажлах явдал биднээс ер нь салахгүй дээ. Монгол нутаг эх газрын хүйтэн, эрс тэс уур амьсгалтай болохоор халуун цайгаа сорж уухгүй бол болдоггүй гэх хүмүүс байдаг л даа. Гэхдээ бас чимээгүйхэн оочоод уудаг хүмүүс ч байдаг.

Япон, солонгос, хятадууд харин гоймонгоо хүчтэй сорж идэхгүй бол идсэн болдоггүй гэдэгтэй утга нэг мэт боловч Монголчууд өөрсдөө тэднийг заваан, сорж иддэг гэж шүүмжилдэг.  Амьдрал үнэхээр баян юм даа, хөөрхий. За, үдийн цайны дараа хоолоо шингээнгээ жаахан юм сарааччихлаа. Уншаад өнгөрөөнө үү, ухаарч ойлгоно уу, өөрсдөө мэдээрэй хө.

Л.Отгонбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.