Хайрыг зөвхөн ургуулан бодоход л стресс болон вирус халдахаас хамгаалагддаг

Twitter Print
2016 оны 05-р сар 22-нд 11:21 цагт
Мэдээний зураг,

Бидний амьдралд, нийгэмд хайргүйдлийн үр болсон хагарал, тэмцэл, хуваагдлуудыг бид харж байна. Харин хайрын үр жимс нь эв нэгдэл, хайр, өршөөл уучлал, энэрэн нигүүлсэхүй, амар тайван шүү дээ. Хайранд суралцацгаая. Энэ л бидэнд ус, агаар шиг хэрэгтэй байна.

ХАЙР

Сүүлийн үед би хайр гэгч энэ агуу хүчээр амьсгалж, түүнийг яг л өөрийн оршихуй болгохсон гэсэн хүсэл тэмүүлэл, зорилго тавиад явж байгаа хүн. Надтай уулзаж учирч буй хүмүүс ч, зөвлөгөө авахаар ирж буй хүмүүс ч яг үнэндээ наанаа хууль дүрэм, шударга ёс яриад байгаа ч гэсэн цаанаа өөрөө хайргүйгээс эсвэл хэн нэгний хайргүйгээс болсон золиосын түүхүүд. Хадам ээжийн түүх ярьж орж ирж буй бүсгүйчүүд тун олон. Миний ээж зургаан хүргэний хадам ээж. Зургаан хүргэнээс гурав нь бага насандаа ээжээсээ хагацсан болохоор ээжээс минь эхийн хайрыг мэдэрдэг. Гэтэл ээж шиг минь хадам ээжүүд олон байвч бас ээж шиг минь хадам ээжийн хайр үгүйлэгдэж буй гэр бүлүүд дэндүү олон. Хадам ээжийн харгис хатуу “хайр”-нд гэмгүй бяцхан үрс хохирдог.

Гэрлэсэн үр хүүхдүүдийнхээ хэрэгт оролцон, миний хүүг чи тэгсэнгүй, ингэсэнгүй гэж хошуу дүрсээр яваад нэг л өдөр бэр нь тэсгэлгүй хатуухан үг хэлэхэд тэр үгээр насан туршийн хонзон болгож хүүгээ эхнэрээс нь, үр хүүхдээс нь салгаж санаа амардаг хадам ээжийн “хайр” дэндүү их байна. Мөн өөрийнх нь мах цусны тасархай ач зээгээ бодохгүй нэг, хоёр өрөө байрыг тэднээс булаацалдан гудамжинд хөөж гаргахаа юман чинээнд бодохгүй хадам ээж, эгч нар дэндүү олон.

Улаанбаатарчууд бид өглөө босоод сайхан хувцсаа өмсөөд хайртай хүмүүсээ үнсээд машинаа бариад гэрээсээ гарна. Гараад л гудамжинд замын хөдөлгөөнд оролцоод л нөгөөх хайргүйдлийн золиос болсоор сэгсийсэн, ууртай, хараал хэлсэн амьтан ажлынхаа хаалгыг татна. Тамын тогоо гээч аймшгийн тамын золиос болсоор өөдлөхгүй хамтдаа зовцгооно. Энэ бүхэн бидний нийгэм дэх хайргүйдлийн дүр зураг.

Тэгвэл хайр гэж юу вэ гэдгийг тодорхойлцгоое. Энд яригдсан жишээнүүдийн эсрэг зүйлс. Хайр бол агуу хүч. Агуу эерэг хүч. Хайр бол энэрэл, нигүүлсэл. Хайр бол тэвчээр. Хайр бол зовлон бэрхшээл. Хайр уурладаггүй. Хайр хорон мууг санадаггүй. Хайр шунадаггүй. Хайр хов ярьдаггүй. Хайр бусдыг шүүн тунгаадаггүй. Хайр бусдыг гүтгэдэггүй. Хайр ойлгодог. Хайр хүнд эрүүл сэтгэлийг, эрүүл сэтгэлгээг, эрүүл харилцааг, эрүүл бие махбодийг өгдөг байна. Зарим нэгэн хүмүүс хайр бол амаргүй зүйл. Хувиа хичээсэн хүн л хамгийн аз жаргалтай байж чадна гэж “номлодог” юм байна лээ л дээ. Үүнийг бататгах хүчин зүйлс ч байдаг л байх. Харин хайрын хамгийн чухал шинж бол хувиа хичээхгүй, бусдын сайн сайхны төлөө бодож, дуугарч \эсвэл хэрэгтэй үед дуугүй байж чадах\, үйлчилж чадах агуу хүчний тухай ойлголт юм. Хайрын тухай шинжлэх ухааны судалгаа ч гайхамшигтай зүйлүүдийг бидэнд хэлж байна.

Харвардын Их Сургуулийн судалгаагаар хайрын чадвараар хүний дархлааны эс болох цагаан бөөмний тоог ч удирдах боломжтой ажээ. Хэрвээ бид хайрыг жинхэнээсээ хэрэгжүүлж чадах юм бол алфа эсвэл цагаан бөөмөө олшруулах гэж зовохгүйгээр, ядартлаа дасгал хийхгүйгээр, янз бүрийн үнэтэй бүтээгдэхүүн идэхгүйгээр эрүүлээс эрүүл сайхан амьдарч чадна гэдгийг нотолжээ. Хайр бол бидний эрүүл байхын үндсийн үндэс юм. “Хайр талархлаар дүүрэн амьдрал бидний биенд цагаан бөөм болон эндорфинийг маш их хэмжээгээр үйлдвэрлэдэг” гэж хавдар судлалын томоохон эмч нарын нэг Доктор И Сан Гү хэлжээ. “Хайрыг зөвхөн ургуулан бодоход л стресс болон вирус халдахаас хамгаалагдаж хүний дархлаа ба эдгэх чадвар нүдэнд мэдэгдэхүйц сайжирдаг” хэмээн Харвардын их сургуулийн Анагаах ухааны судалгааны багийнхан нотолсон байна. Хайр ямар ч болзол тавьдаггүй. Энэ бол агуу их ариусал юм. Зүгээр л өгдөг гэсэн үг. Хайрын хамгийн том жишээ бол Тереза эх. Бурхны хайрыг тээн амьдарч байсан энэ эмэгтэйн тухай ярих, түүний тухай кино юмуу зургийг нь үзэхэд л хүний биед глобин гэгч гормон нэмэгддэг байна. Энэ бол жинхэнэ хайрын хүч.

Хайрыг устгадаг үгүй хийдэг зүйл бол уур хилэн, өшөө хорсол. Тийм сөрөг сэтгэлгээнд баригдсан үедээ хүн хайрын хүчийг устгадаг байна. Тэхээр хайрыг бидэнд эргүүлж авчрах тэр хүчин зүйл бол уучлал. Хүн гэдэг төгс төгөлдөр биш. Таныг гомдоосон нэгнийг уучил. Сэтгэлийн гүнээсээ хайрлан уучил. Би ч гэсэн бусдыг гомдоох зүйл хийдэг шүүдээ гэж эхлээд бод. Тэгээд тэднийг уучил. Зөвхөн тэр цагт хайр гэгч агуу хүч бидний бие, сэтгэлийг нэвтлэн орж, бид өөрсдөө ч амар амгалан байж чадна. Хайргүйдлээсээ болж бусдын зовлонгийн эх сурвалж байж яах юм? Бусдыг шүүн тунгаадаг хурц хэл амаа захирцгаая. Бузар үгс амнаасаа урсган өөрийгөө ч бусдыг ч бохирдуулж байх нь хамгийн муу зүйл билээ. Урам, дэмжлэг, сайн сайхан үг, үйлс. Энэ бүхэн бидэнд хайрыг авчирна. Харин хүнд тусалчихаад түүнийгээ байдгаараа нэг зарлан тунхаглаж, хариу нэхэн хашгирч явах нь харин хайр биш юм шүү. Энэ бол хувиа хичээж, өөрийгөө бодож л хийсэн “тус”. Хайр бол чимээгүй. Усны урсгал мэт дөлгөөн байдаг ажээ.

Бүр хайрлах боломжгүй хүнийг хайрлах хүч тэнхээтэй байж л үүнд бурхан биднийг суралцуулдаг юм байна гэдгийг саяхан ухаарлаа. Энэ процесс бол хэцүү. Гэхдээ хэрэгтэй. Яагаад гэвэл хайраас ургах үр жимсээ бид бодох хэрэгтэй. Хайргүйдлийн үр нь хагарал, тэмцэл, хуваагдал. Хайрын үр жимс нь эв нэгдэл, хайр, өршөөл, амар тайван шүү дээ. Хайранд суралцацгаая. Хайрлаж сурцгаая. Болзолгүй хайр. Хариу нэхдэггүй хайр. Бусдыг байгаагаар нь хүлээн авдаг хайр. Хайрын шинж тэмдгүүдээ өөр дээрээ шалгаарай. Уучлаагүй хүмүүс таны амьдралд байгаа бол уучлаарай. Үүнээс л хайр эхэлнэ. “Сайхан сэтгэл бол хэзээ ч хуучирдаггүй цорын ганц хувцас” гэж нэгэн хэлсэн байдаг.

Манжаагийн Ичинноров

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.