Дэлхийн хамгийн үнэтэй зоог

2017 оны 01-р сар 04-нд 11:51 цагт
Мэдээний зураг,

Ходоод бол хогийн сав биш гэх нь бий. Гэтэл зарим нь энэ бол хөрөнгө чинээтэй хүмүүсийн хэлдэг үг гэнэ. Харин ходоодондоо хамгийн амт шимт сайтай хүнс тэжээл хийхийг эрмэлздэг хүмүүст зориулсан тусгай зоог байдаг. Гэхдээ дэлхийн хөрөнгө чинээгээрээ гайхуулдаг нэр хүндтэй алдартнууд хүртэл тэр бүр авч хүчирдэггүй хамгийн үнэтэй хоол, зоогийн талаар сонирхуулъя. Юуны түрүүнд дэлхий дахинд хамгийн үнэтэй хоол, зоогнуудын нэг нь банш гэдгийг мэдэх үү? Мөн хамгийн үнэтэй төмсийг хэрхэн ургуулдаг гэх мэт.

Банш

Дэлхийн хамгийн үнэтэй хоолнуудын жагсаалтанд Оросуудын хамгийн их эрхэмлэдэг зоог болох банш багтсан байна. Гэхдээ энэ жагсаалтанд бичигдсэн банш бол ердийн Орос банш биш, Нью Йорк хотын Бронкс дүүрэг дэх "Голден Гейтс" зоогийн газрын нэрийн хуудас болдог зоог юм байна. Тус зоогийн газрын зочдын үндсэн хэсгийг Оросын цагаачид бүрдүүлдэг аж. Энэхүү баншны гол орц нь тугалын зөөлөн мах, гахайн мах, яргай загасны мах сэлт бус харин далайн бүр гүнд амьдардаг Curtius Flame хэмээх загасны мах байдаг аж. Энэхүү загасны мах нь баншийг ер бусын хөх-ногоон өнгийн туяатай харагдуулдаг ч амтны хувьд гайхалтай юм. Найман банш бүхий нэг порц нь 2,400 доллар, 16 банш бүхий порц нь 4,400 долларын үнэтэй байдаг байна.



Макадамийн самар

Хүн бүр л самрыг маш ашигтай бөгөөд амттай хүнс гэдгийг мэднэ. Макадамийн самар хэмээх энэ самар Дэлхийн хамгийн үнэтэй хүнсний нэгд тооцогддог. Эрт цагт Австралийн уугуул иргэдийн хоол хүнсний үндсэн хэсгийн нэг байсан энэ самар одоо ховор төрлийн хүнсний нэг болсон байна. Дэлхий дээр хоёрхон төрөл ургадаг Макадамийн самрын мод зуун жилийн настай ч онцгой арчилгаа шаарддаг. Жилд нэг л удаа ургацаа өгдөг Макадамийн модноос жилийн эцэст ердөө 40 хүрэхгүй тонн самар хурааж авдаг байна. Макадамийн самар ургадаг нутгуудад нэг килограмм Макадамийн самар 30 долларын үнээр худалдаалагддаг.

Хач гүргэм

Дэлхийн хамгийн үнэтэй амтлагч болох хач гүргэмийг гүргэмийн цэцэгний дохиураас гаргаж авдаг. Эхлээд гараар болгоомжтой түүж, хатаасны дүнд хач гүргэм бэлэн болдог. Нэг килограмм хач гүргэмийн үнэ 1100-11,000 долларт хүрдэг байна.


 

Трюфель буюу цагаан булцуу мөөг

Энэ мөөгний  үнэ харилцан адилгүй,чанараасаа шалтгаалдаг.Трюфель мөөгийг дуудлага худалдаагаар зардаг бөгөөд хамгийн дээд үнэ нь 30,000 еврод хүрч байжээ.



Хар шоколад

Данийн тогооч Fritz Knipschildt-ийн үүсгэн байгуулсан Knipschildt Chocolatier үйлдвэрийн бүтээгдэхүүн дэлхийн хамгийн үнэтэй шоколадыг танилцуулж байна. Тус үйлдвэрийн гайхамшигтай амттай хар шоколадны 453 грамм нь гэхэд 2600 доллараар үнэлэгддэг байна.



La Bonnotte төмс

Дэлхийн хамгийн үнэтэй хүнсний жагсаалтанд төмс байна гэхээр хөгийн, инээд хүрмээр санагдаж магадгүй. Францын эргээс холгүй Атлантын далайд орших Noirmoutier арал дээр зөвхөн ургадаг La Bonnotte төмсний ганц килограммын үнэ 500 евро байдаг аж. Дэлхий дээр ердөө ганцхан газар ургадагаас гадна маш гайхалтай амттай гэдэгт өндөр үнийн учир оршдог байна.



Үхрийн мах

Дэлхийн хамгийн үнэтэй мах бол Японы Wagyu үүлдрийн үхрийн мах юм. Өсгөж үржүүлэхэд онцгой анхаарал халамж шаарддаг энэ үхрийн махыг цагаан будааны архи, шар айрагны даруулга болгон хэрэглэхэд маш тохиромжтой. Япон улс энэ үхрийг өөр газарт үржүүлэхээс сэргийлэн урт хугацаагаар экспортлохгүй байсан хэдий ч өдгөө энэ үхрийг Австралид бас үржүүлдэг болжээ. Европт Wagyu үүлдрийн үхрийн 200 орчим грамм цул маханд 100 гаруй доллар төлөх  энүүхэнд. Махны хамгийн зөөлөн хэсэг нь бүр 1000 долларын үнэд хүрдэг байна.



Хачиртай талх

Өнөөгийн зав, зайгүй амьдралын хамгийн түгээмэл хүнс бол хачиртай талх. Гэтэл хамгийн үнэтэй хачиртай талхыг Von Essen-ийн сүлжээ зочид буудлаас л олж идэх боломжтой. Von Essen Platinum Club Sandwich хэмээх энэ хачиртай талханд тусгай исгэгчээр исгэсэн талх, иберийн утсан мах, цагаан булцуу мөөг, бөднө шувууны өндөг, Итали хатаасан улаан лооль, Францын Bresse сууринд өсгөдөг тахианы мах зэрэг ордог байна.



Пицца

Дэлхийн хамгийн үнэтэй пиццаг пиццаны эх орон гэгддэг Италид амсах боломжтой. “Luis XIII” буюу 13-р Луи хааны нэр зүүсэн энэ пиццаны үнэ 8300 евро хүрдэг. Тэжээвэр одос үхрийн сүүгээр хийдэг баффало моцарелла бяслаг, улаан далайн хавч, гурван төрлийн түрс, далайн хавч болон сам хорхой зэргээс орц нь бүрддэг энэ пиццаг зөвхөн захиалгаар хийдэг аж. Маш үнэтэй энэ пиццанд мөн Австралийн хамгийн урт, мөн давсархаг устай гол болох “Murray River” –ын уснаас гаргаж авсан давсыг л хийдэг байна.



Омлет

Нью Йорк-ын “Le Parker Meridien” зочид буудалд  дэлхийн хамгийн үнэтэй омлет байдаг. Тансаг амттай энэ омлетыг амсаж үзэхийн тулд урьдчилан захиалга өгч 1000 доллар төлөх хэрэгтэй. Омлет мэдээж өндөгтэй байх ёстой,харин энэ омлетонд бүхэл бүтэн хавч ордог бөгөөд чимэглэлд  нь “Sevruga” нэрийн яргай загасны түрс байдаг байна.



Зууш

Florette Sea & Earth хэмээх  салатыг Их Британиийн Оксфордын ойролцоо Грийт Милтон суурин дахь “Le Manoir aux Quat' Saisons” тансаг зочид буудалд хийдэг байна. Нэг таваг нь 800 еврогийн үнэтэй энэ зууш 50 грамм дээд зэргийн цагаан “beluga” түрс, Корнвэллийн хавч, далайн хавч, амтат гоньд, хясаа, өргөст хэмхний хэрчим дээр тавьсан яргай загасны түрс, шинэхэн ногоон сонгино, бага зэрэг чидун жимсний тос, улаан чинжүү, үрсэн булцуу мөөг, төмс болон хэрээн нүд зэргээс бүрддэг.



Түрс

Голдуу саарал эсвэл хар түрсийг хамгийн үнэтэй түрс гэдэг эндүүрэл байдаг. Almas хэмээн нэрлэгддэг “beluga” буюу  цагаан хилэм загасны түрс жинхэнэ урлагийн бүтээл гэж хэлж болом алтан лаазанд савлагддаг бөгөөд ердөө 100-хан грамм энэ түрс 2000 долларын үнэтэй аж.

Кофе

Дэлхийн хамгийн үнэтэй “Kopi Luwak” кофег дал модны муур гэгддэг нэг зүйл амьтны хооллодог Coffea хэмээх цэцэгт ургамлын үрнээс гаргаж авдаг. Kopi гэдэг нь Индонези хэлээр кофе гэсэн үг бөгөөд Luwak гэдэг нь кофены модны бүрэн боловсорсон хамгийн сайн жимсийг түүж идэх дуртай жижиг махчин амьтны нэр юм. Энэ амьтан өөрийн хэрээс хэтэрсэн их үр жимсийг иддэг учраас идсэн жимс нь шингэж боловсролгүй бүтэн чигээрээ гадагшилдаг байна. Харин шулуун гэдсэнд нь битүү боловсорсон үр энэ кофенд дурлагчдын батлан хэлдгээр гайхалтай онцгой амт, үнэр бүхий Kopi Luwak болдог байна. Нэг килограмм Kopi Luwak 300-400 долларын үнэтэй аж.


 

Цай

Дахунпао буюу том улаан нөмрөг гэсэн утга бүхий нэртэй цай дэлхийд хамгийн үнэтэй. Хүчтэй амт үнэр бүхий энэ цайны бут Tianxing хэмээх сүмийн ойролцоо ургадаг байна. 350 жилийн настай энэ цайны нэг килограммынх нь үнэ 685,000 доллар ажээ.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.