Б.Булганы хоригдож байгаа нөхцөлд шалгалт хийж, зөрчлийг арилгуулжээ

Twitter Print
2016 оны 04-р сар 28-нд 13:18 цагт
Мэдээний зураг,

Б.Булганы хоригдож байгаа нөхцөл байдалтай танилцаж шалгалт хийжээ. Тодруулбал Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Б.Булганыг Төв аймгийн цагдан хориход байхад нь эргэж очин тус хорих ангид хүний эрхийг ноцтой зөрчиж байна” гэсэн мэдээллийг өгсөн. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Б.Булганы хоригдож байгаа нөхцөл байдалтай танилцаж шалгалт хийсэн аж.

Шалгалтаар УИХ-ын гишүүдийн мэдээлэлд дурьдагдсан"...Б.Булганы хоригдож байгаа өрөөний гэрэл тод бусад өрөөнийх бүдэг..." гэсэн нь үндэслэлгүй байсан ба тус байрны хорих бүх өрөөний гэрэлтүүлэг жигд түвшинд суурилагдсан байна гэдгийг УЕПГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хяналтын прокурор Ц.Өлзийжаргал сэтгүүлчдэд мэдээлэв.

Мөн Хорих өрөөний бие засах хэсэг үүдэндээ ил байрласан нь эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг алдагдуулж, залхаан цээрлүүлж байгаа тал ажиглагдаж байна гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийхэд сантехникийн холболтоос шалтгаалаад ганц Булганы өрөө биш бусад найман өрөөний бие засах хэсэг үүдэндээ байрлалтай байсан тул далдлах хаалт хийлгэжээ. Түүнчлэн Б.Булган нь гэрээсээ илгээмжээр ирүүлсэн номыг уншиж байгаа ба бичгийн цаас, бал оруулаагүй, хорих өрөөний эсрэг талын цонхыг хөшгөөр байнга хаалттай байлгасан гэсэн мэдээллүүд нь үндэслэлтэй байсан тул бичгийн цаас, бал өгөх, хөшгийг татуулж, цонхыг нээлгэх зэрэг арга хэмжээ авчээ.

Дээрхи зөрчлүүд нь тус хорих байрны албан тушаалтны зүгээс Хууль зүйн сайдын тушаалаар баталсан "Хорих байрны дотоод журам"-ыг зөрчсөн зөрчил байх тул зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ШШГЕГ-т Прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.