Б.Чимид агсан өнөөдрийн хямралыг аль эрт олоод харчихсан байж

Twitter Print
2016 оны 04-р сар 28-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг яаран шүүрч авч, жалга довны буюу өнгө мөнгөний 76 гишүүн төрүүлэх жижиг мажоритари тогтолцоо руу эргэлт буцалтгүй ханарч байгаа нь холимог буюу пропорциональ тогтолцоог Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороод дэмжчихээд байгаагаас тодорхой харагдсан. Өнөөдөр улстөр судлаачид, парламентын гаднах жижиг намууд, тэр ч байтугай МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар мажоритари системийн сул талыг илчлэн дүгнэж, Монголчууд улстөрийн хөгжил, туршлага, ирээдүй хойчийн хувьд гарцаагүй арагш ухралт хийх гэж байгааг сануулсаар байгаа ч Үндсэн хуулийн цэцтэй үгсэн хуйвалдсан АН, МАН-ынханд ямар ч үндэслэл бүхий сэрэмжлүүлэг нөлөөлөхөөс өнгөрөв бололтой.

Гэтэл өнөөдөр Үндсэн хуулийн цэцийнхний хутгасан холион бантан, түүнийг нь яаравчлан шүүрч авсан АН, МАН-ынхны харалган байдлыг тойроод гарах тун ухаалаг хуулийн төсөл одоогоос зургаан жилийн өмнө бэлэн болоод байж. Тухайлбал 2010 онд Үндсэн хуулийн эцэг, Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимид агсан, академич Ж.Амарсанаа, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн нарын тэргүүлэх мэргэжилтнүүд УИХ-ын гишүүн Л.Болдын хүсэлтээр боловсруулж, Л.Болд нарын гишүүд УИХ-д өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай хуулийн төсөл нь өнөөдөр үүсээд байгаа мухардлаас гаргах тун ухаалаг бодож боловсруулсан төсөл байжээ.

Тэрхүү төсөлд хувь тэнцүүлэх тогтолцоог олонхиор сонгох аргатай хослуулан Үндсэн хуультай огт зөрчилдөхгүйгээр тооцоолж боловсруулсан байж. Тухайн үед тун ч ухаалгаар бодож боловсруулсан тэрхүү хуулийн төслийг тухайн үеийн парламентын гишүүд ойлгож дэмжсэн бол өнөөдөр УИХ ч, Үндсэн хуулийн цэц ч ингэж эргэж буцаж, эргэлзэн тээнэгэлзэж сонгогч олны толгойг эргүүлэхгүйгээр асуудлыг хуулийн хүрээнд шийдчих бүрэн боломжтой байжээ.

УИХ-ын гишүүн Л.Болд нарын төсөлд санал болгосныг хүлээн авсансан бол сонгуулийн газар зүйн зарчмыг баримтлан улсын хэмжээнд бүсчлэн байгуулагдах 10 хүртэлх том тойргоос намын жагсаалтад багтсан нэр дэвшигчийг сонгохдоо бодлого сайтай, хэрэгжих үндэслэл бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн намд нь ч санал өгч, дэмждэг улстөрчөө ч сонгогч нэгэн зэрэг нэрийг нь дугуйлснаар 1992 оны Үндсэн хуультай бүрэн дүүрэн нийцэж, сэтгэлд нийцсэн нэр дэвшигчээ ч шууд сонгохын зэрэгцээ тухайн намыг нь ч өгсөн саналаараа дэмжих бололцоотой байж.

Түүнчлэн өнөөдрийнх шиг З.Энхболд юмуу, М.Энхболд, Н.Энхбаяр гээд хэн ч бай аль нэг намын даргадаа шоовдорлогдон жагсаалтын эцэст эрэмбэлэгдсэн ч үнэхээр олон түмнээр хүрээлүүлж чадсан улстөрч бол намын даргын үзэмжээс үл шалтгаалан жагсаалтыг түүчээлэх алтан боломж ч дээрх төсөлд оршиж байж. Гагцхүү тэр л хувилбараар сонгуулийн хуульд Үндсэн хууль зөрчихгүйгээр хувь тэнцүүлэх тогтолцоог суулгаж болно гэж Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид агсан нар гайхалтай олж харсан ч тухайн үеийн эрхэм гишүүд буюу харалган УИХ тэр боломжийг олж харалгүй дээрх хуулийн төслийг унагааснаар өнөөдрийн хүндрэлийг үүсгээд байна.  

УИХ-ын гишүүн Л.Болд нарын санаачилсан дээрх хуулийн төсөл УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн өөр нэг төсөлтэй нэгтгэгдэн 2011 оны 12 дугаар сард Сонгуулийн тухай хууль болж батлагдахдаа намын жагсаалтад байгаа нэр дэвшигчдийг сонгогч өөрөө бүх талаас нь нягталж, бодож байж нэрийг нь дугуйлах тэрхүү амин чухал санаа гээгдчихжээ. Тухайн үеийн парламентын харалган шийдвэр өнөөдөр Төрийн ордонд МАНАН-гийн түлхээс, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн улмаас үүсэн бий болоод байгаа жалга довоос өнгө мөнгөөр гарч ирэх 76 эрхэм рүү буцаад маршлах том ухралтын учир шалтгаан болчихлоо.  Хэрэв тухайн үеийн парламент Монгол Улсын ирээдүйн эрх ашгийг урьтал болгосонсон бол Хөдөлмөрийн баатар, Үндсэн хуулийн эх баригч Б.Чимэд агсны жалга довны депутатуудаас нэгмөсөн ангижрах, хожим хойно улстөрийн хямрал нүүрлэхэд гарц болох байсан алсын хараа бүхий санааг дэмжиж, Л.Болд нарын санаачилсан Сонгуулийн тухай хууль батлагдах байж. Хэрвээ тэр хууль батлагдсан бол өнөөдөр УИХ-д Дархан аварга, аварга бөхчүүд, морь малын уяач гишүүд популизм хийж суухгүй л байх байж.

Мөн намын жагсаалтаар, хэн нэгний оймсонд нуугдан 2012 онд УИХ-д ороод ирсэн “холимог тогтолцооны алдаа”  гэгддэг эрхмүүд буюу З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар засаг төрийн ажлыг гацааж, элдэв дуулиан үүсгэж суухгүй л байж. Тун ухаалгаар бүхнийг зохицуулсан дээрх хуулийн төсөл ажил хэрэг болж батлагдсан бол намын даргынхаа төлөө жагсаж тэмцсээр байгаад УИХ-д орж ирсэн өнөөдрийн эрхмүүд гудамжиндаа тэмцлээ хийгээд л маршилж явах байж.

Жинхэнэ ажил хэрэг болгож яаравчлан батлах ёстой дээрх хуулийн төсөл шиг олон талаас нь шүүсийг нь шахаж, тун ухаалгаар бодож боловсруулсан хуулийн төслүүдийг унагаад, 68 хувийн гэнэтийн ашгийн татвар шиг хоёр гуравхан жилийн настай, хорлонтой хууль баталж суудаг эрхэм төрийн түшээдийг яалтай ч билээ.    

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.