Өнөөдрийн 20 насаа зугаалж алдвал ирээдүйд ирэх 30, 40 насаа алдана...

Twitter Print
2023 оны 01-р сар 08-нд 14:09 цагт
Мэдээний зураг,

Эмч хүн гэдэг амьдрал дунд, өвчин дунд, айл гэрийн амьдрал дунд, эхнэр нөхрийн харилцаан дунд, эцэг эх үр хүүхдийн хайран дунд ажил үүрэгээ гүйцэтгээд явдаг болохыг нас нэмэгдэхийн хэрээр ухаарч, намба суухын хэрээр өөрийгөө дайчлах, өрөөлийг бодох хуучтай болдог болтой.

Энэ олон залуус дунд олж харсан зүйл маань нэг хэсэг залуус маань дэлхийн хэмжээний хүн болох гэж, болоод дэлбээлж эхэлсэн, хүлээн зөвшөөрөгдсөн гээд боловсорч байгаа нь намайг жигүүрлэдэг бас баярлуулдаг. Тэд өөрсдийн мэргэжил мэдлэгээрээ дэлхийн аль ч оронд ажиллаж амьдрах боломж, бололцоог ханган шилэгдэж байна.

Гэтэл зарим нь 2020 оны сонгуульд амьдралаа даатгасан дарга сонгуульд ялбал би Монголдоо буцна, надад ажил бэлэн, амьдрал цэцэглэнэ гэж хэн нэгэн даргын хармаанд амьдралаа, ирээдүйгээ хийчихсэн эндүү ташаа явдалтан ч байх юм. Ийм залуусыг харахаар өөрийн эрхгүй уур бухимдал хүрээд, хөндий хүйтэн санагдаал, холдоод зугтмаар болчих юм. Монгол залуус маань ийм их заагтайгаар ирээдүйгээ хардаг юм байна.

Мэдээж энэ 2 заагт аль аль нь цөөхөн хувь эзэлнэ. Бусад нь мэдээж амьдралаа дээшлүүлж, аав ээждээ тус дэм болох гэж хичээж, мэрийж яваа олонхи нь юм. Алс хол хүний нутагт ажил амьдралаа өөрчлөн ухаан суух гэж суулгах гэж хүүхэд залуус маань ирсээр, эцэг эх нь илгээсээр...

Гэтэл Монголд өсөж хүмүүжсэн нөгөө замбраагүй хүмүүжил, архи, охин эргүүлсэн хэвээрээ яаж ийж байгаад асуудалд орчих юм. Залуу нас гэж зөвтгөх гэхээр тэгж бас боломгүй юм. Яагаад гэхээр дэлхийн хүн болох гэж боловсорч байгаа залуусыг харахаар тэнд зөв залуу нас яваад байна шүү дээ.

За тэгээд архи уусан бол мэдээж архины ширээний ард охид, хүүхнүүд, залуус гээд ярих юм их, үерхэж найзлах ханилах ижилсэх найз охидынхоо тухай урьдах амьдралыг сонсоод уур омог, шар шаралхуу нь тэр чигээр явсаар хүний нутагт байгаагаа мартаад найз охиноо зодно, гэмтээнэ, түргэн дуудна, эмнэлэг энэ тэр, эгчээ яах вэ... Ийм амьдрал бас байхгүй биш байна. Ийм болохоор хүний нутагт биеэ зөв авч явахад нь тус болох болов уу гээд 2,3 хоног бодож байж бичиж байна.

# Зорилгоо томруулж түүндээ хүрэх гэж хичээ. Тэр чинь таныг хүмүүжүүлнэ бас урагшлуулна.

# Ямар зорилготой хүний нутагт ирснээ бүү март, бүү хазайж мурий.

# Зугаа, цэнгэл, шоу зэрэгт бага цаг гарга... Огт бүү оролц гэж байгаа биш оролцвол цагаа хязгаартай байлга, уух архиа ухаан алдтал утгагүй бүү хэрэгл. Тэр цаг хүртэл гэж бодож зугаалж байгаа бол тэр цагтаа зүгээр л дуусга, гэртээ харь.

# Бие биенээ бүү уруу тат. Хэн нэг чинь боловсон татгалзвал ойлгож сур.

# Ялангуяа эрчүүд архины ширээнд охид хүүхэн ярихдаа нэгнийхээ найз охиныг муу муухайг мэддэг байсан ч муу бүү хэл. Ард нь алдсан хүн амьдралд хөлөө олох гэж хичээж байгаа.

# Хэн нэгтэй хүний нутагт учирч, болж бүтнэ гэж бодож байвал өөртэй чинь учирсан учралаас эхлэн аз жаргалаа хамгаал.

# Охид бүсгүйчүүд ирсэн зорилгодоо хүрэхээс өмнө жирэмсэн болсон бол айж эмээлгүй аав, ээжтэйгээ зөвлө. Тэд чиний хамгийн сайн найдвартай зөвлөгч. Ирэхдээ өр зээл тавьсан, одоо яанаа гэлтгүй чи тэдэндээ бол мөнгөнөөс илүү эрдэнэ.

# Хүний нутагт айлын охиныг жирэмсэн болгох хэмжээний үерхсэн бол хариуцлага үүрч сур. Бас хариуцлагатай бай.

# Цаг хугацаандаа хяналт тавьж зорилго уруугаа тэмүүлж чадаж л байвал та өдөр өдрөөр ахиж, амжилт алгуур алгуураар танд ойртсоор нэг л мэдэхэд та дэлхийн хэмжээний хүн болох зорилго өвөрлөсөн туршлагатай мэдлэгтэй хүн болно.

Танд байгаа тэр туршлага хэн ч мөнгөөр олж авч чадахгүй баялаг, бас таныг хүнд байдлаас аварч бас туулах гаргалгаа болж чадна.

Өнөөдрийн 20 насаа зугаалж алдвал ирээдүйд ирэх 30 насаа 40 насаа алдана. Өнөөдрийн 30 насаа алдвал ирээдүйд ирэх 40 нас 50 насаа алдана. Тийм болохоор өнөөдрийн 20 насандаа дэлхийн хүн болох гэж тэмүүлж байгаа залуустайгаа мөр зэрэгцэн өөртөө тохирсон зорилготой тэмүүл залуус минь.

Аав ээжийнхээ алдааг уучилж сур, бүү ялал, бидний үед нийгэм өөр байсан. Алд биеийг чинь төрүүлсэн төдийд л тэд чинь бурханы дээд бурхан билээ.

Нэгэн залуугийн болчимгүй үйлдлийг дэргэдээс нь хараад эргэцүүлэн байж бичлээ шүү.

Лхагвадорж овогтой Энхтуяа

Япон улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.