
Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэнтэй ярилцлаа. Арван жилийн тухайд Хөгжим бүжгийн дунд сургуулийн бүжгийн анги төгссөн. Ажлын гараагаа УАДБЧ-аас эхэлсэн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн герман хэл, орчуулагчийн анги, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хуулийн ангийг төгссөн, багш, орчуулагч, эрхзүйч мэргэжилтэй тэрбээр Удирдлагын академид соёлын байгууллагын хүний нөөцийн удирдлага мэргэжлээр удирдахуйн ухааны магистр цол хамгаалсан. Өдгөө СУИС-д соёл судлал чиглэлээр докторын зэрэг горилон суралцаж буй. БНХАУ-ын Бээжин, ХБНГУ-ын Берлин хотод соёл, музей чиглэлээр хөтөлбөрүүдэд хамрагдаж мэргэшсэн.
Захирлын намтрыг зориуд дурдмаар санагдсан юм. Тэрбээр ямар нэгэн сонгуульд нэр дэвших гээгүй. Гагцхүү Чойжин ламын хэмээх, хотын төв цэгт байрлалтай, хосгүй үнэт үзмэрүүдтэй, гэхдээ халаалт ч үгүй, ажиллах нөхцөл тун хүнд уг сүм музейн үйл ажиллагаа, байшин барилгын болоод газрынх нь ч бүрэн бүтэн байдлын төлөө хэдэн жилийн турш хэрхэн тэмцэж ирснийг нь мэдэхийн хувьд уйгагүй энэ бүсгүйтэй уншигчдаа танилцуулах гэсэн юм.
-Таныг одоогоос бараг 20-иод жилийн өмнө Уран зургийн галерейд менежер байхаас мэднэ. Уран зураг өөр. Энэ музейг удирдахад бурхны шашин чиглэлийн мэдлэг, мэдрэмж нэлээд шаарддаг байх. Та түүртэж байв уу?
-Тийм ээ, би 2006-2009 онд Уран зургийн галерейд менежер байсан. Германд суралцаад ирснийхээ дараа 2010 онд энэ музейн захирлаар томилогдсон юм. 114 жилийн өмнө байгуулсан сүм, хийдийг тэр байдлаар нь музей болгосон учраас тухайн үед хэрмэн хашаанд ямар байсан, тэр чигээрээ өнөө хүрснээр онцлогтой. Халаалтгүйн улмаас хүйтэн. Анх дэглэснээрээ л байдаг, музейд байх ёстой сан хөмрөг гэх юмгүй учир шинэ үзэсгэлэн дэглэж хүмүүст үзүүлэх, анхаарлыг нь татах боломж хязгаарлагдмал. Энэ байдалтай холбоотойгоор ч юм уу намайг ажиллахаар ирэх үед “Энэ музей ажилладаг юм уу” гэж асуух нь элбэг байлаа. Гадаа -25 байхад музейд -40 хэмтэй байдаг. Хүйт их хурдаг. Тэгэхээр хэдийгээр музей жилийн дөрвөн улиралд ажилладаг ч, бараг гурван улиралд нь үзэгчгүй байдаг байв. Хавар болж, байгаль дэлхий ногоороод ирэхээр бол үзэгчид, жуулчид нэмэгддэг л дээ. Музей гэхээс сүм, хийд гэдэг утгаар нь хүмүүс мөргөх гэж ирэх нь олонтоо. Яаж хүмүүсийг татах вэ, музей ажиллаж байгаа гэдгийг яаж мэдүүлэх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэхээс ажлаа эхэлсэн юм. Байгууллагаас гаргасан ном, товхимол, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл гэх юмгүй шахам, ялангуяа монгол, англи хэлээр юу ч үгүй байсан. Төсөв ч бага. Манай 20 ажилтан дундаа “Pentium-2” гэдэг хоёр компьютертой л байлаа. Хоёр гэр байдаг ч ашигладаггүй байв. Юуны өмнө ажиллах нөхцөлөө сайжруулахаар “дайрсан”.
-Яаж?
-Нэгэнт төсөв хаанаа ч хүрэхгүй юм чинь найз нөхөд, таньдаг хүмүүсээрээ дэмжүүлсэн. Сандал ч болов авчирч тавьсан. Бүх ажилтнаа компьютертой болгов. Манай харуул гарын дүйтэй залуу байлаа. Түүгээрээ махир хөлтэй ширээ хийлгэж, хурлын ширээтэй болж байлаа. Тэр болгоныг дурдаад яах вэ. Дараагийн алхам бол музейнхээ талаар олон нийтэд мэдээлэл түгээх. Үүний тулд ном, гарын авлага гаргах, танилцуулга хэвлүүлэх шаардлагатай болсон. Санаа байгаад зүтгэхэд болдог хойно, “Конрад Аденаур” сангийн гурван төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Музейн түүхэн номыг монгол, англи хэлээр гаргах, энд хадгалж буй хосгүй үнэт түүхэн 6000 гаруй бүтээлийн нэр, хаягийг цэгцлэх, энэ хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодруулж монгол, санскрит, төвд хэлэнд буулгах, мөн бүгдийг нь жигд хаягтай болгохыг зорьсон. Гуравдугаарх нь музейн үзмэрүүдийг 60 минутын турш монгол, англиар тайлбарлах аудио хөтөчтэй болох гэсэн зорилт байв. Аудио хөтчийг Монголын музейн түүхэнд анх удаа бид нэвтрүүлсэн. Эдгээр ажлыг богино хугацаанд амжуулах ёстой байлаа. Уран зургийн галерейгаас ирсэн, шашны чиглэлийн мэдлэг, мэдээлэл тааруу болохоор энд ажилладаг байсан хүмүүсээрээ ном бичүүлсэн юм. Дуусахад нь орчуулуулах боллоо. Гэтэл гацсан. Манайд ном бичиж байсан туршлагатай хүн үгүй болохоор орчуулахад тун бэрх материал бэлдсэн байжээ. Германы талд төслийнхөө тайланг хугацаанд нь өгөх ёстой байдаг. Гэтэл орчуулга байдаггүй. Тэгэхээр нь ерөөсөө л өөрөө судалж ном болгоё гэж шийдсэн юм. Уншихыг бүгдийг нь уншив. Лам нар, түүхчид, урлахуйн ухааны мэргэжилтнүүдийг урьж байгаад бүгдийг яриуллаа. Хичээл заалгаж байгаа юм шиг л судалсан. Тэгснээр Чойжин ламын сүм музей бол түүх, шашин, соёл, урлахуй гээд олон талаас нь авч үзэх судлагдахуун юм гэдгийг ойлголоо. Ингэж А-гаас нь эхэлж судалж ажилласан даа. Бидний гаргасан номыг уншсан хүн бүр ойлгох ёстой гэсэн өнцгөөс хандахдаа би өөрөө бүгдийг мэдэж байх ёстой гэж үзсэн. Ингэсний үр дүнд төслүүдээ амжилттай хэрэгжүүлсэн.
-Ямар ч байсан гараагаа сайн эхлүүлжээ.
-Хүмүүст үзүүлэх, уншуулах материалтай болж авмагцаа үзэгчдээ хүлээгээд суугаад байлгүй үйл ажиллагаагаа сайжруулах хүрээнд шинэ юм хийе гэж бодсон. Германд сурч байхдаа шөнийн музей үзэхэд маш таалагдсан юм. Европт хүмүүс яасан их аялдаг юм, ямар их юм үздэг юм бэ гэж бодож байлаа. Шөнө музей үзүүлэхэд үзэгч дүүрэн байхыг нь хараад гайхахын сацуу болох юм байна гэж бодож байлаа л даа. Музейнүүдийн хооронд автобус үнэ төлбөргүй үйлчилдэг нь таалагдсан. Хүмүүс нэг музей үзчихээд хоол идэж, дарс уух зэргээр амарч сууж байгаад дараагийнх руу нь явдаг. Тэнд үзэж, харснаа Уран зургийн галерейд байхдаа музейнхнийгээ цуглуулаад ярьж өглөө. Санаа байсан ч тухайн үед энэ ажлыг хэрэгжүүлж чадаагүй юм. Тийм болохоор эндээ “Шөнийн музей” арга хэмжээгээ хийвэл яадаг юм бол гэж бодох болов. Үүний тулд юуны өмнө талбайн зүлгээ гоё болгох хэрэгтэй гэж үзээд туслах хүн, байгууллага хайж эхэллээ. Тэгэхэд Урлагийн зөвлөл, мөн “Занаду майнз” компанийн Рожер Пэрри гэж хүн туслахаар шийдсэнээ хэлсэн. Тэд их ч юм хийж өгсөн. Ногоон байгууламжийг сайхан болгоход хэрэгтэй машин, төхөөрөмжөөр хангаж, усалгааны системтэй ч болгосон. Ялангуяа гадаадын хүн Монголын соёлын өвийг өөд татах үйлсэд хүчин зүтгэж байхад манай хамт олон түүнээс илүү сэтгэл, зүтгэлээр хандсанаар ажил сайхан бүтэж байлаа.
-Танай “Шөнийн музей” арга хэмжээг санаж байна. Анх “Хөсөгтөн” хамтлагтай хамтарсан шүү дээ.
-Цаг агаарын байдлыг тандаж байгаад тав хоногийн өмнө зарлачихаад тэнгэр битгий муудаасай гээд сууж байлаа, бид. Бас л төсөв байхгүй юм чинь, өөрийг нь өөрөөр нь санхүүжүүлэхээр шийдэж хийсэн ажил. Гэтэл талд зассан театрт маань тоглолт үзнэ, бусад арга хэмжээг сонирхоно, оролцоно гээд 500 хүн тасалбар худалдаж аваад ирсэн. Бид зардлаа нөхөөд, улсад орлого тушаасан. Ингэж ногоон байгууламжаа ч аятайхан болгосон, “Шөнийн музей” хөтөлбөртэй ч болсон доо. Үүнээс өмнө нэг айхавтар асуудал босож ирээд байлаа.
-Ямар асуудал вэ?
-Газар.
-Босож ирсэн гэдэг нь?
-Байгууллагынхаа бичиг баримттай танилцах явцад музейн газрын кадастрын зураг, гэрчилгээ гарч ирэхгүй байхаар нь ажилтнуудаасаа асуухад “Тийм юм байдаггүй” гэлээ. Гайхаад менежертээ “Байх ёстой, олоод ир” гэж явуулахад 609,7 ам метр хэмжээтэй газартай гэсэн бичиг авчирдаг юм байна.
Тэгэхээр нь ер нь энэ хавийн газартай холбоотой ямар бичиг баримт байна гээд судлахад Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоол байна аа. Түүгээр зургаан байгууллагын хамгаалалтын бүсийг тогтоож, газрыг хамгаалах асуудлыг нийслэлийн Засаг даргад даалгасан ч хэрэгжилгүй, цаас болоод үлдчихэж. Музей кадастрын зураг, гэрчилгээгүй байснаас болоод дөрвөн булангаас нь хувийн байгууллагууд аваад, бүгд кадастрын зураг гаргуулаад, гэрчилгээ авчихсан байсан. Гэтэл газар эзэмшигч, эзэн нь байх ёстой музей ердөө тиймхэн газартай болж таараад. Нэг өдөр манай харуул “Захирал аа, орой ажил тарсны дараа жийптэй хүмүүс ирээд “Энд нь ийм юм барина, тэнд нь тийм юм хийнэ” гээд манай хашааны урд төлөвлөөд байх юм” гэж хэлэв ээ. Тэр цагаас газраа олж авах ажил эхлүүлсэн. Товчхондоо 2010 оноос хойш “таван маргаан”-тай 13 жил явлаа. Үр дүнд нь алдсан бүх газраа буцааж авсан. Хүч тэнцвэргүй байдал үүссэн нөхцөлд манай хамт олон ихээхэн сэтгэл, зүтгэл гаргасан, сэтгэлзүйн хувьд ч маш их дарамттай байсан. Манайд өмгөөлөгчийн орон тоо үгүй учраас төлөөлж явах хүн байдаггүй. Шүүх хурлууд давхацдаг. Тухайн, тухайн үед нь яамандаа энэ бүх байдлаа танилцуулаад хуулийн хэлтсээсээ өмгөөлөгч томилж явуулаач, эсвэл музейн төсөвт өмгөөлөгч ажиллуулах цалин суулгаж өгөөч гэж хүсдэг байлаа. Олон удаа хандсан. Гэсэн ч шийдэгдээгүй. Би ганцаараа хаанаа ч хүрэхгүй тохиолдол олон байв. Энд үндсэн ажлаа хийгээд сууж байх хүн шүүхэд нэхэмжлэх хэрхэн зөв бичих вэ гээд, улаан нүдлээд сууж байдаг байлаа.
Сүүлдээ арга мухардаад өмгөөллийн хувийн компаниудад хандсан юм. “Мөнгө байхгүй ээ, гэхдээ танайх нийгмийн хариуцлагынхаа хүрээнд соёлын өвөө авч үлдэхэд туслаач” гэж гуйдаг байлаа. Тэгэхэд З.Сүхбаатар захиралтай “Монгол өмгөөлөгч” гэдэг хууль зүйн фирмийнхэн дэмжиж, туслахаар болсон. Захирал нь газрын асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсныг минь сонссон хүн байсан. “Таны юм биш, Монголын соёлын тухай асуудал учраас тусалъя, хамтдаа хөөцөлдөе” гэсэн. Түүнээс хойш энэ байгууллага тав, зургаан жилийн турш бидэнтэй хамтарч ажилласан. Анх ярьснаараа хамт амжилтад хүрч, музейнхээ газрыг бүрэн буцааж авсан. Засгийн газрын дээр дурдсан тогтоол ёсоор хоёр га газартай байх ёстой гээд тэмцчихсэн юм. Өнөөдөр Чойжин ламын сум музей хоёр га газрын кадастрын зурагтай, гэрчилгээтэй болоод байна. Тэгэхээр соёлын энэ онцгой өвийг Монголынхоо ирээдүйг авч явах үр хойчид бүрэн бүтэн газартай нь өвлүүлэх боломжтой болсондоо манай хамт олон баяртай байгаа. 13 жил гэдэг их хугацаа юм билээ. Хувийн хэвшлийн том, том байгууллагынхантай газрын асуудлаар маргах гэдэг маш их хүч шаардсан, энерги барсан ажил байв. “Монгол өмгөөлөгч”-ийнхөн туслаагүй бол яах байсан бол гэж одоо боддог, энэ хамт олонд соёлын өвөө дээдэлдэг нийт монголчуудынхаа өмнөөс талархаж явдаг. Музейн газрын асуудлаар салбарын удирдлага андуу ташаа мэдээлэл түгээснээс болж тэд маань нэг талаар гайхаж, нөгөө талаар гомдсон. Гэхдээ шударга, үнэн явдал ялдаг юм байна гэдгийг бүгд ойлгосон. Сүм музей маань хүчтэй догшин сахиустай. Бидний хамтын хүчин зүтгэлээс гадна сахиусуудын нөлөө байсан ч юм болов уу гэж боддог. Зүүдэнд хүртэл дараа нь хийх үйлдлийг хэн нэгэн хэлж өгөөд байх шиг санагдсан тохиолдол бий. Хувийн компанийнханд их ч хараалгасан даа (инээв). Манайхан болгоомжилж, намайг ажлаас тарахад зүг буруулж хүртэл гаргаж байсан удаатай. Дарамттай байсан. Одоо инээгээд ярьж байгаа болохоос тухайн үед уйлах өдөр олон байлаа.
-Чойжин лам гэж хэн юм бэ?
-Чойжин лам Лувсанхайдав бол Монгол Улсын төр, шашны тэргүүн байсан VIII Богдын төрсөн дүү юм. Хоёр настайдаа Монголд ирсэн. VIII Богд нь Төвдөөс ээжтэйгээ, ах дүү долуул ирсэн гэж түүхэн эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Ер нь тэр үед олон хүн ирсэн гэдэг. Лувсанхайдав багаасаа монгол хэл, бичигт сайтар суралцаж, эрдэм номтой хүү болжээ. VIII Богдын багш номун хан Балданчоймбол нь Лувсанхайдавыг их эрдэм номтой хүү болж өслөө, Чойжон гүртэнбэ болгох шинж байна гэж үзсэнээр Лувсанхайдав нь Чойжон болох номыг үзэж эхэлсэн байна. Энэ хүн Төрийн Чойжон байсны хувьд төрийн үйл хэрэгт их хувь нэмэр оруулсан. Богд хаан төрийг яаж төвшин авч явах, улс орноо гадны нөлөөллөөс хэрхэн авч үлдэх, тусгаар тогтнолоо яаж олж авах вэ гэх зэрэг чухал асуудлуудын талаар Чойжонгоосоо асуудаг байж. Чойжон буулгах гэдэг нь сахиусуудыг урин дуудахыг хэлдэг. Богд хаан үүнд их ач холбогдол өгдөг байсан учраас сард хоёроос гурван удаа ирдэг байжээ. Чойжон гэж хэлэх нь зөв юм билээ.
-Өөрөөр хэлбэл VIII Богдод зөвлөдөг хүн байсан гэсэн үг үү?
-Тийм ээ. Одоо ч гэсэн Далай багшийн дэргэд Чойжон оршдог. Тухайн үед газар шинжээч лам нар Хүрээний хамгийн их мөстлөгтэй, догшин Чойжон буюу сахиус буулгаж болох газрыг сонгож сүм бариулсан юм билээ. Сонирхолтой нь бид 2017, 2018 онд эрсдэлийн нөлөөллийн судалгаа хийлгэхэд геофизик, инженерчлэлийн чиглэлийнхэн энэ хэрмэн хашаан дотор Улаанбаатар хотын хамгийн гол цэвдэг оршиж байгааг шинжлэх ухаанаар нотолсон.
-Тэгэхээр дээхнэ үеийн лам нар сайн мэддэг байжээ.
-Тийм. Энэ хэрмэн хашаанд “Улаан ном”-д багтсан хэд хэдэн төрлийн ургамал ургадаг гэж биологийн эрдэмтэд хэлж өгсөн. Сонин сайхан юм их бий, манай энд.
-Хэлмэгдүүлэлтийн үед үүнийг яаж устгачихаагүй юм бол?
-Хүрээний гол цэгт байдаг, хаанаас ч дүнхийн харагддаг энэ сүмийг яаж буулгуулалгүй, нураалгалгүй авч үлдсэн юм бол гэдэг үнэхээр сонин байгаа биз. 1938 онд Ерөнхий сайд А.Амар, маршал Х.Чойбалсан нар энэ сүмийг авч үлдэх ур ухааныг сийлсэн юм билээ. Сүмийн үйл ажиллагааг хаагаад, үүнийг үзэсгэлэн, судалгааны чиглэлээр авч үлдэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан түүхтэй.
-Таны докторын зэрэг горилон судалж байгаа сэдвийг сонирхмоор санагдлаа.
-Дурсгалт барилгын хадгалалт, хамгаалалтын чиглэлээр судалгааны ажлаа хийж байна. Дурсгалт барилгатай газарт ажиллаж, орчинд нь олон жил “чанагдаж” яваа, тулгамдсан асуудал байгааг харж, мэдэрдгийн хувьд шинжлэх ухааны талаас нь ч гэсэн, практик талаас нь ч болов судалж, өмнө нь ямар байсан юм, одоо ямар байна, ирээдүйд яах хэрэгтэй вэ гэдгийг гаргаад ирвэл хэрэгтэй юм уу гэж бодсон.
Чойжин ламын сүм музейгээ улам гоё болгох бидний санаачилгыг “Өв эрдэнэ” төслийнхөө хүрээнд дэмжсэн Монголын Урлагийн зөвлөл, MCS группийнхэнд болон “Шилэн хийц” компанийнханд талархаж явдгаа дамжуулж болох уу.
-Бололгүй яах вэ. Танайхыг машины зогсоолтой болсныг харсан зарим хүн элдэв янзаар хэлж байсныг санаж байна.
-Ногоон байгууламж, машины зогсоол бүгд сүм музейн хоёр га хэмжээтэй хашаан дотор байдаг. Музейгээ дэлхийн музейнүүд ямар байдаг, тэр стандартад дөхүүлийг зориод байгаа юм. Бид музейтэй холбоотой танин мэдэхүйн ач холбогдолтой олон гоё ном, товхимол, альбом, гарын авлага гаргасан. Тэдгээрийг хүмүүст танилцуулах, уншуулах, худалдах орон зай байхгүй. Тийм болохоор машины зогсоол байгаа хэсгийн зүүн талд музейн бүрэлдэхүүн чухал хэсэг болох сан хөмрөг, үзмэрийн танхим, арт болон кофе шоп бүхий барилга байгууламжтай болохоор төлөвлөсөн.
Р.Оюунжаргал
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
I irgen
(208.184.20.41) 2022-07-01 12:16Ymar goyo saihan setgel ve hychin zytgesen byh hymyyst talarhlaa burhan ta byhniig mini iveej hamgaalag
Хариулах
z
(66.181.161.27) 2021-03-03 23:34Uviagui luivarchin gardaa Buyandorj gej
Хариулах