Монголын улстөрийн гол тоглогч

Twitter Print
2016 оны 04-р сар 28-нд 07:21 цагт
Мэдээний зураг,

МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын улстөрийн хамгийн гол тоглогч хэвээрээ л байна. Тэрээр өчигдөрхөн “Хэрвээ шударга сонгууль болвол би аль нэг тойргоос илт давуу ялалт байгуулан гарч ирнэ” хэмээн мэдэгдсэн нь өөрийнхөө ямархуу хүчтэй, нэр нөлөөтэй байгаа, Монголын улстөрд ямархуу орон зай эзэлсээр байгаагаа баттай мэдэрсэн хүний бардамнал гэж дүгнэхээс өөр аргагүй. Үнэхээр ч түүнд Монголын улстөрд бардамнах, хүчээ мэдрэх олон шалтгаан бий.

Тэрээр өнөөдрийг хүртэл Монголын улстөрд юу хийсэн, ямархуу хүч оролцоотой байсан талаар жаахан түүх сөхье.

1996 он.”Ардчилсан холбоо” эвсэл анх удаа УИХ-д 50 суудал авч, засгийн эрхэнд гарсан. Өмнөх парламентад 70 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан МАХН буюу одоогийн МАН 25 суудал авч сөрөг хүчний эгнээнд шилжсэн энэ үеэс жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Багабандийг сойсон нь ялагдлын дараах том ялалтыг МАХН-д авч ирсэн түүхтэй. Н.Багабанди тангараг өргөснөөр МАХН УИХ-д бүлгийн ахлагчгүй болж, намын даргын суудал эзгүйрсэн байдаг. Мөн эзэнгүй хоцорсон Завханы тойрогт ялалт байгуулах нь ч МАХН-д нэн чухал байсан.

Удалгүй нөхөн сонгуулийн тов гарахтай зэрэгцэн МАХН Ерөнхий нарийн бичгийн даргаа нэр дэвшүүлэхээр шийдсэн нь туйлын оновчтой сонголт  байсныг хойшид өрнөсөн түүх гэрчилдэг. Ингэж л Н.Энхбаяр Монголын улстөрд хөл тавьсан түүхтэй.

Завханаас торолгүй гарч ирсэн тэрбээр УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч болоод зогсохгүй намын даргын тамга ч түүнд шилжиж ирсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаад удаагүй байсан ардчиллынхан ямар хүчтэй дайсан, өрсөлдөгч УИХ-д орж ирснийг эхлээд үнэхээр ойлгоогүй, тоогоогүй нь өнөөдрийн тэдний толгойны өвчний эхлэл байсан юм. Ардчиллынхан үнэндээ Н.Энхбаярын хүчийг тун дутуу үнэлж “Аа, нэг утга зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч л байна, бас Гэгээрлийн сайд хийж явсан нөхөр байна” гэж хүлээж авсан нь маш том эндүүрэл, алдаа болсныг хожмын өдрүүдийн түүх гэрчилдэг.

Эрчимтэй ажиллахаа тунхаглаж, инфляцыг бууруулахаа амласан М.Энхсайхан хоёр жилийн дараа огцорсон. Шалтгаан нь “Ардчилсан холбоо” эвслийг бүрдүүлж байсан намуудын зөрчил, одоогийнхоор яривал АН-ын фракцуудын үл ойлголцол, талхилдаанаас болж М.Энхсайханы тэргүүлсэн гайгүй амжилттай явсан Засгийн газар огцорсон түүхтэй.

Эгийн голын усан цахилгаан станцын асуудал, “Төв Ази” банкны хэрэг, сөрөг хүчнээ тагнасан, чагнасан хэрэг зэрэг дуулиан М.Энхсайханыг огцроход  хүргэсэн хэмээдэг ч “Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” нь өнөөдрийн МАХН-ын дарга Н.Энхбаяр байсан нь хожим илэрхий болсон. Чухамдаа М.Энхсайханы Засгийн газрыг огцруулсан нь Монголд гүйцэтгэх засаглалаараа оролддог, хэн дуртай нь огцруулдаг, огцруулах гэж гүйлддэг туйлын хорлонтой муу жишгийг тогтоосон юм.

М.Энхсайханыг огцорсны яг маргааш нь Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайдаар Ц.Элбэгдоржийг томилсон ч “Үүрэг гүйцэтгэгч”-ээр ажилласан хугацааг нь эс тооцвол ердөө гуравхан сарын дараа дахиад л огцорч байв. Ц.Элбэгдоржийг онхолдуулсан үндэслэл нь банкуудын дампуурал гэдэг боловч үнэндээ УИХ-д 50 суудалтай эвслийнхэн чуулганы ирцээ сөрөг хүчинтэйгээ хамтдаа бүрдүүлж байгаад 75 гишүүний 56 хувийн саналаар Ерөнхий сайдаа унагаж байсныг гэрчлэх түүхийн хуудас хараахан шарлаагүй байна. Тэр үед нүдэндээ доголон нулимастай огцорч байсан Ц.Элбэгдорж Засгийн газраараа оролдох, бүр түүнийг огцруулах нь ямар хор уршигтайг биеэрээ туулсан л хүний нэг.

Ц.Элбэгдоржоос Засгийн газрын тэргүүний тамгыг Ж.Наранцацралт 1998 оны 12 дугаар сарын 9-ны өдөр хоёр гардан авч байв. Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтын хувьд өөрөө ч гарын үсэг зурснаа мэдээгүй ОХУ-д бичсэн захидал гэгчээс болж дахиад л ганц жил ч бололгүй 1999 оны долоодугаар сарын 22-нд огцорч байсан. Тухайн захидал гэгчид Ж.Наранцацралт гарын үсэг зурсан, зураагүй эсэхийг нь хэн ч мэдэхгүй боловч мэдэгдэж байгаа ганц үнэн нь бас л АН-ын дотоод хямралаас улбаатай нь маргашгүй үнэн. Тухайн үед Ж.Наранцацралт агсан “МАХН, бидний эвслийн холбоотон МСДН-тай хуйвалдан манай Засгийн газрыг огцрууллаа” хэмээн мэдэгдсэн нь сөрөг хүчний удирдагч Н.Энхбаярын улстөрийн “хор” найруулах чадал чансааг л илтгэсэн хэрэг байсан.

Эвслийн Засгийн газруудын уналт бүрийг дэглэсэн хэмээгддэг Н.Энхбаяр 2000-2004 оны парпаментад 72 суудал буюу хэмжээлшгүй эрхтэйгээр засаглаж, өөрөө Ерөнхий сайд нь болсон түүхтэй. Түүнийг ийнхүү улстөрийн карьерын шатаар торолгүй өгсөж явах үед өмнүүр нь орж хөндөлдөх байтугай, ширүүхэн дуугарах зоригтой аавын хүү Монголын улстөрд байгаагүй юмдаг. Тухайн үедээ бараг л “Хаан” мэт эрх дархтай, сүр нөлөөтэй байсан Н.Энхбаяр төрийн болон улстөрийн бүх л албан тушаалыг эхнээс нь эцэст нь тултал хашиж үзсэнээрээ Монголын улстөрд өнөөдөр ч үлгэр домог, хэмжээлшгүй эрхт “Хаан” шиг л хүлээн зөвшөөрөгдөх ноён оргилоо нэгэнт босгосон юм.

Гэхдээ нэг хүний хаанчлалд хэтэрхий “бялуурсан” Монголчууд 2004 оны сонгуульд МАХН-д дахин олонхиороо засаглах боломж олгоогүй юм. АН, “Эх орон” намын нэгдэл “Эх орон Ардчилал” эвсэлтэй эн тэнцүүхэн суудлыг өгснөөр Н.Энхбаярт Ц.Элбэгдорж тэргүүтэй эвслийнхэн хамтарч Засгийн газраа байгуулахаас өөр сонголт үлдээгүй учир хэлэлцээрийн ширээний ард сууснаар Ц.Элбэгдоржийг дахин Ерөнхий сайд, Н.Энхбаярыг УИХ-ын даргаар томилохоор санал нэгдсэн түүхтэй. Гэтэл Ерөнхий сайдаас буусан Н.Энхбаяр УИХ-ын даргын сэнтийг чамлаж байсны илрэл нь 2005 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн явдал байв. Зорилгодоо ч хүрч нэгэн үе МАХН-ын даргын тамгыг гардаж байсан Н.Багабандиас төрийн тэргүүний суудлыг нь ч залгамжилж авсан.

Улстөрийн хуанлийн хуудаснаас харахад Н.Энхбаяр шиг Ерөнхий сайдаас УИХ-ын дарга, тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өндөр сэнтийд заларсан эрхэм өөр байхгүй.

Улстөрийн карьерын зөвхөн өгсөх цахилгаан шатанд сууж явсан Н.Энхбаяр 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өглөө гэрээсээ дан оймстой баривчлагдсан нь түүний амьдралын хамгийн хар дарсан өдөр байсан нь маргаангүй. Тэгвэл яг дөрвөн жилийн дараа өнөөдөр Н.Энхбаяр гэдэг хүн Монголын улстөрийг бас л хааш нь ч хамаагүй хөдөлгөх, улстөрийн намуудыг хямраах, улстөрийн томхон “хор” хутгах чадалтайгаа эргэн золгожээ. Түүнд улстөрийн хорлонтой “хор” хутгах төрөлхийн авъяас нэвт цогцолж.

Тэгээд ч Монгол Улсад 1997-2000 онд сөрөг хүчнээс бүх зүйл хамаарч, 2000-2004 онд Ерөнхий сайд нь “Нэгдүгээр хүн”, 2004-2005 онд хаанаас нь ч харсан парламентын засаглалтай учир УИХ-ын дарга нь бүгдийг шийддэг, 2005 оноос Ерөнхийлөгчгүйгээр шийдэгдэх ганц ч асуудалгүй болон хувирсан түүх ердөө л Н.Энхбаярын өсч дэвжсэн, ганцаараа бүхнийг базаж явсан “Хаан” түүхтэй салшгүй холбоотой.

Ийм л нэг яаж ч болдоггүй, хэнд ч дийлддэггүй Н.Энхбаяр гэгч хувь улстөрч Монголын улстөрийг 20 жил тодорхойлж, тодорхойлолцож явна. Тэрээр яах аргагүй Монголын улстөрийн хамгийн гол тоглогч мөн байна.   

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.