Хонгконгийн цагдаа нар 23 хүнийг баривчилжээ

Twitter Print
2023 оны 06-р сар 05-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Хятадын нийслэл Бээжин хотын Тяньаньмэний талбайд 1989 онд болсон үйл явдлын 34 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Хятадын эрх баригчид аюулгүй байдлаа чангатгажээ.

Хонгконгд л гэхэд цагдаа нар "нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан", "цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй" зэрэг үндэслэлээр өнгөрсөн ням гарагт 23 хүнийг баривчилжээ.

1989 онд Хятадын цэргүүд Тяньаньмэний талбайд суулт хийж байсан ардчиллыг дэмжигч оюутан залуусыг хөнөөсөн билээ. Уг хэрэг явдлын улмаас амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх хамгийн том ёслол Хонгконгийн Виктория Парк цэцэрлэгт хүрээлэлд жил бүрийн 6-р сарын 4-нд зохион байгуулагддаг байсан ч Хонгконгд Хятадын эрх баригчдын санаачилсан Үндэсний аюулгүй байдлыг хууль хэрэгжиж эхэлснээс хойш тус цуглааны цар хүрээ хумигдсан юм.

Өнгөрсөн ням гарагт Виктория Парк цэцэрлэгт хүрээлэн орчим олон зуун цагдаагийн албан хаагчид эргүүлд гарч, хуягт машин техникийг байршуулсан байна. Ройтэрс агентлагийн мэдээлж байгаагаар цагдаа нар баглаа цэцэг барьж явсан эрэгтэй, гартаа Тяньаньмэний талбайд болсон үйл явдлаар сэдэвлэсэн жүжгийн зохиолын ном барьсан нэг эрэгтэй, гудамжинд лаа барьж зогссон настай хүнийг тус тус баривчилжээ.

Хонгконгийн Цагдаагийн газраас энэ даваа гарагт мэдээлснээр цагдаа нар "нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан" хэргээр 20-74 насны 11 эрэгтэй, 12 эмэгтэйг баривчилжээ. Хонгконгийн ардчилсан иргэний хөдөлгөөнийхөн цагдаа нарын энэхүү үйлдэл нь Бээжингээс явуулж буй кампанит ажлын нэг хэсэг хэмээн үзэж байна.

1997 онд Их Британи Хонгконгийг БНХАУ-д эргүүлэн өгөхдөө талууд "нэг улс хоёр тогтолцоо" бодлогын дагуу Хонгконг нь ирэх 50 жилд Хятадаас хараат бус хууль эрх зүйн тогтолцоотой байна гэсэн зөвшилцөлд хүрсэн билээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд энэ жил Хонгконг даяар аюулгүй байдал өмнөх жилүүдийнхээс чанга байгааг онцолж, тус хотод нэмж 6000 орчим цагдаагийн албан хаагч ирж ажиллаж байгаа гэж бичжээ.

Хонгконгийн эрх баригчид иргэдийг хууль журмаа баримтлахыг анхааруулсан ч хохирогчдын дурсгалыг хүндэтгэх ёслол нь Үндэсний аюулгүй байдлын хуулиар хориотой эсэхэд хариулахаас татгалзсан байна. Гэсэн хэдий ч зарим иргэд, тэр дундаа номын дэлгүүрийн эзэд 1989 оны хэрэг явдлын хохирогчдын дурсгалыг боломжоороо хүндэтгэжээ.

6-р сарын 4-ны өдрийн арга хэмжээг зохион байгуулдаг байсан хөдлөгөөний тэргүүн Хонгконгийн тэмцэгч, шоронд ял эдэлж буй Чоу Ханг Тунг фэйсбүүк хуудсандаа 34 цагийн өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгджээ.

Хятадад 1989 онд Тяньаньмэний талбайд болсон үйл явдал нь хориотой сэдэв бөгөөд уг үйл явдлын тухай мэдээ мэдээллийг маш хатуу хянадаг юм.

Австрали, Хойд Америк, Европ, Азийн зарим орнуудад хотын засаг захиргааны байрнуудын урд 2014 оноос хойш Хонгконгийн ардчилсан хөдөлгөөний бэлгэ тэмдэг болсон шүхэр, уриа лоозон барьсан иргэд жагсаж, "Хонгконгийг чөлөөл" хэмээн хашгирч байв.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.