Чернобылийн ЦЦС-д осол болсноос хойш 30 жил өнгөрчээ

Twitter Print
2016 оны 04-р сар 26-нд 17:52 цагт
Мэдээний зураг,

Цөмийн эрчим хүчний түүхэн дэх хамгийн том осолд тооцогддог Чернобылийн атомын цахилгаан станцад /ЧАЦС/ осол болсноос хойш 30 жил өнгөрчээ.

1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд шилжих шөнө ЧАЦС-ын эрчим хүчний дөрөвдүгээр блокт турбин генераторын туршилт хийж байжээ. Реакторыг зогсоож, генераторын үзүүлэлтүүдийг хэмжихээр төлөвлөж байсан боловч реакторын ажиллагааг аюулгүйгээр зогсоож чадсангүй. Москвагийн цагаар 1 цаг 23 минутад дэлбэрэлт болж, гал гарсан байна.

Үүссэн онцгой байдлын талаар анх ТАСС агентлаг дөрөвдүгээр сарын 28-нд товч мэдээлжээ.

Дэлбэрэлтийн улмаас реактор бүрэн сүйдэж, хүрээлэн буй орчинд ураны изотоп, плутони, йод-131, цези-134, цези-137, стронци-90 зэрэг асар их хэмжээний цацраг идэвхт бодис хаягдсан байна.

Эмгэнэлт явдлын шалтгааныг тодорхойлох гэсэн маш олон хувилбар байдаг. Хамгийн ойролцоо хувилбарууд бол АЦС-ын цахилгаан тэжээлийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангахын тулд турбин генераторын сэнсний эрчим хүчийг ашиглан туршилт явуулсан станцын ажилтны алдаа эсвэл “реакторыг бүтээхдээ алдаа гаргасан” гэж үздэг.  

1986 оны 11 дүгээр сард эрчим хүчний дөрөвдүгээр блокийн эргэн тойронд бетонон хаалтыг барьж дууссан бөгөөд ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа эрчим хүчний 1, 2, 3 дугаар блокийг дахин ажиллуулжээ. ЧАЦС-ыг 2000 онд бүрэн зогсоосон байна. Станцын эргэн тойрон дахь 30 км-ын бүсээс 115 мянга гаруй хүний нүүлгэн шилжүүлж, 5 сая га хөдөө аж ахуйн эдэлбэр газар ашиглах боломжгүй болсон бол хүнд техникийн тусламжтайгаар хэдэн зуун сууринг булсан байна.

Хэдийгээр 30 жил өнгөрсөн ч цацраг идэвхт бодист асар их бохирдсоны улмаас станцын эргэн тойрон дахь 30 км-ын бүсэд хүн амьдрахад тохиромжгүй хэвээр байна.

Хаалттай бүсэд амьдрахыг хориглосон ч уг бүсэд төрөлх нутгаа орхин явахыг хүсээгүй хэсэг бүлэг хүмүүс амьдарсан хэвээрээ байгаа аж. Албан ёсны тоогоор “өөрсдийн хүсэлтээр оршин суугч” 157 хүн байдаг байна. 2000 оноос эхлэн тэдэнд төрөөс дэмжлэг үзүүлэхээ зогсоожээ. Учир нь Украины хуулиар бол хаалттай бүсийн оршин суугчдад “зөвхөн төсвөөс гадуурх хөрөнгийн зардлаар” дэмжлэг үзүүлэх боломжтой аж.

Үүнээс гадна Украины Атомын эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, одоо хаалттай бүсийн тусгай үйлдвэрүүдэд 6500 хүн, мөн ЧАЦС-д 2500 орчим хүн ажилладаг байна. Хаалттай бүсэд нийтдээ 11 мянган хүн ажиллаж байгаагийн дийлэнх нь гэрээт ажилчид аж.

Үүний зэрэгцээгээр 30 км-ын бүс өнөөг хүртэл хүчтэй цацрагийн эх үүсвэр болсон хэвээр байна. Уг бүсэд цацрагийн бохирдол жигд бус хэмжээтэй байдаг бөгөөд зарим газрын гадаргын усанд хэвийн хэмжээнээс 30-50 дахин давдаг бол гүний ус хамгийн ихээр бохирджээ.

Үүний сацуу Украинд бохирдсон газар нутгийг аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхийг эн тэргүүний чиглэлд тооцож байна. Учир нь Чернобылийг үзэхийг хүсч буй жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Украинд 2010 оноос эхлэн 30 км-ын бүсэд аялал хийхийг албан ёсоор зөвшөөрсөн бөгөөд хэд хэдэн компани энэ аяллыг зохион байгуулж байна.

Даваа гарагт  буюу өчигдөр Киев хотод болсон донор орнуудын олон улсын ээлжит бага хурлын үеэр хандивлагч орнууд болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк Чернобылийн төслүүдийн нэг болох цөмийн хуурай түлш хадгалах байгууламжийн барилгын ажлын санхүүжилтэд нэмж 87.5 сая евро олгохоо мэдэгджээ. Гэхдээ энэ мөнгө нь уг байгууламжийг барихад хүрэлцэхгүй аж. Украины шадар сайд Геннадий Зубкогийн хэлснээр, хадгалах байгууламжийг барьж дуусгахад 105 сая евро шаардлагатай байна.

Д.Жаргал

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.