Хүүхдэд өгч болохгүй эм

Twitter Print
2021 оны 12-р сар 11-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Бага насны хүүхэд насанд хүрсэн хүмүүсийг бодвол эмийн бодист сөрөг урвал өгөх магадлал илүү өндөр байдаг учраас ямар нэгэн эм өгөхөөсөө өмнө эмчийн заавар зөвлөгөө заавал авах шаардлагатай юм. Ялангуяа анх удаа эм өгөх гэж байгаа бол энэ нь чухал ач холбогдолтой ажээ.

Иймд жороор болон жоргүй олгодог эмүүд, ноцтой бизнес болтлоо хөгжсөн ургамлын гаралтай гэх бэлдмэлүүдэд анхааралтай хандаарай. Хэрэв эм уулгасны дараа таны хүүхэд огиулах эсвэл биеэр нь тууралт гарах шинж илэрвэл эмчид яаралтай үзүүлээрэй.

Мөн зарим үед бага насны хүүхэд эмийг өөрөө уусан байж магадгүй, эргэлзээтэй үе тохиолддог. Хэрэв танд ийм асуудал үүсвэл цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй.

Аспирин

АНУ-ын эрдэмтэд аспирин агуулсан эм бэлдмэлүүд хүүхдэд өгөх нь хортой гэж үзжээ. Учир нь хэт өндөр халуурч, эсвэл вирусын халдвар авсан тохиолдолд аспирин агуулсан бэлдмэл хэрэглэснээр элэг, тархийг гэмтээж, цаашилбал үхэлд хүргэх аюултай гэнэ.

Манай улсын хувьд аспирины хэрэглээ байсаар байгаа бөгөөд хүүхдэд аспирин, аспирины 80 хувийн агууламжтай минигрипп эмийг өгдөг. Эмч нар ч жор бичихдээ үүнийг заавал оруулдаг. Гэтэл энэ эмийг хэрэглэхийг АНУ болон Европт бүр мөсөн хориглосон ба анхааруулга болгох үүднээс Америкийн эрдэмтэд үүний хор нөлөөг нотолсон судалгааныхаа тайланг алба ёсоор танилцуулжээ.

Минигрипп эмийг Индонези улсад үйлдвэрлэдэг бөгөөд 80 хувийн аспирин, 20 хувийн глицин агуулсан эм юм. Зөвхөн хүүхдэд зориулсан, амтлаг учраас хүүхдүүд уухаас дургүйцдэггүй. Гэтэл аспирин нь дээр дурдсан хор нөлөөтэй бол глицинийг жирэмсний эхэн үед хэрэглэвэл урагт гаж нөлөө үзүүлдэг нь тогтоогджээ.  

Түүнчлэн аспирин нь “Reye’s syndrome” буюу тархи болон элэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулснаас болж үүсэх эмгэгт хүргэх аюултай байдаг байна.Тиймээс эмийн сангаас хүүхэддээ эм худалдан авч өгөхдөө аспирины найрлага орсон эсэхийг нь заавал шалгаж асуух хэрэгтэй юм. Аспириныг зарим үед “Salicylate” болон “Acetylsalicylic acid” хэмээн тэмдэглэсэн байдгийг анхаарах хэрэгтэй ажээ.

Мөн аспириныг удаан хугацаагаар хэрэглэхэд цус бүлэгнэлтийг удаашруулдаг байна. Хүүхдийг халуурах эсвэл бусад нөхцлийн үед ацетаминофен эсвэл ибупрофен хэрэглэж болох талаар эмчээс асуух хэрэгтэй бөгөөд зургаан сараас бага насны хүүхдэд ибупрофен хэрхэвч өгч болохгүй гэдгийг санаарай.

Жоргүй худалдаалдаг ханиалга намдаах болон ханиадны эмүүд

Америкийн хүүхдийн эмч нарын академи жоргүй олгодог ханиадны эмүүдийг хүүхдэд өгөхийг эсэргүүцдэг. Энэ төрлийн эмүүд бага насны хүүхдийн ханиадны шинж тэмдгүүдийг бууруулахад нэмэр болж чаддаггүй гэж судлаачид үздэг юм байна. Харин ч тунг нь хэтрүүлэх болон удаан хугацаагаар өгвөл хор хүргэдэг байна. Мөн нэмж хэлэхэд эдгээр эмүүдийг хэрэглэх үед дагалдах нөлөө болох хүүхдийг унтаа байдалд оруулах, нойргүйдүүлэх, ходоодыг хямраах, биеэр чонон хөрвөс болон улаан тууралт гарах зэргээс гадна зүрхний цохилт олшрох, таталт үүсэх зэрэг амь насанд аюултай байдал үүсгэж болно.

Бөөлжилтийн эсрэг үйлчилгээтэй эмүүд

Эмчийн тусгай зааваргүйгээр бөөлжилтийн эсрэг үйлчилгээтэй эмийг хүүхдэдээ өгч болохгүй. Бөөлжилтөнд хүргэж байгаа ихэнх нөхцөл байдлууд удаан үргэлжилдэггүй бөгөөд ихэвчлэн ямар нэгэн эм хэрэглэлгүйгээр бөөлжихөө больдог. Харин бөөлжилт намдаах үйлчилгээтэй эмүүдийг дур мэдэн хэрэглэвэл хүндрэлд хүргэх аюултай.

Насанд хүрэгчдийн эм

Насанд хүрэгчдийн эмийн багахан тунг хүүхдэд өгөх нь аюултай. Нярай болон бага насны хүүхдийн тун сургуулийн насны хүүхдэд өгөх тунгаас ялгаатай байдаг. Иймд хүүхдэд эм өгөхдөө туйлын болгоомжтой хандаарай. Хэрэв хүүхэддээ өгөх гэж байгаа эмийн тун хүүхдийн жин болон насанд тохирсон эсэх нь тодорхой биш байвал өгч болохгүй.

Өөр хэн нэгэнд эмчийн бичиж өгсөн эм эсвэл өөр нөхцөлд бичиж өгсөн эм

Өөр хэн нэгэн хүүхдэд бичиж өгсөн эм эсвэл өөр өвчний үед өгч байсан эмийг таамгаар өгөх нь үр дүнгүй төдийгүй ноцтой байдалд хүргэж болзошгүй. Зөвхөн түүнд зориулж тухайн өвчний үед бичиж өгсөн эмийг л өгөх хэрэгтэй.

Хугацаа нь дууссан эм

Жороор олгодог болон жоргүй худалдаалдаг ямар ч эм байсан хугацаа нь дууссан бол хэрэглэхээс татгалзаарай. Мөн анх байснаасаа өнгө нь өөрчлөгдсөн, бутрамхай болж зөөлөрсөн эсвэл сав боодол нь гэмтэж битүүмжлэл нь алдагдсан эмийг хэрэглэж болохгүй.

Илүүдэл хэмжээний ацетаминофен

Зарим эмүүд нь халуун бууруулах болон өвдөлт намдаах үйлчилгээтэй ацетаминофен агуулсан байдаг. Иймд хүүхэддээ эм өгөхдөө хамт өгч байгаа бусад эмүүд ацетаминофен агуулсан эсэхийг сайтар шалгаарай. Хэрэв та өгч байгаа эмийнхээ найрлагад эргэлзэж байвал эм зүйч эмчээс асууж лавлаарай.

Зажилдаг болон чихэрлэг сироп хэлбэрийн эмүүд

Зажилдаг таблет эсвэл бусад төрлийн эмүүд бага насны хүүхдэд онцгой аюул үүсгэдэг. Таны жирэмсэн байхдаа ууж байсан төмрийн бэлдмэл, жирэмсний витаминыг хүүхэд авч чадахааргүй газар хадгалаарай. Ямар ч эмийг ихээр хэрэглэвэл хор болдог гэдгийг мартаж болохгүй. Мөн чихэрлэг сироп, эмульс хэлбэрийн эмүүд хүүхдийн дуртай иогурт, сок зэрэгтэй ойролцоо амттай тул хүүхэд ихээр уух эрсдэлтэй тул танай гэрт ийм төрлийн эм байгаа бол хадгалалтанд онцгой анхаараарай.

Бэлтгэсэн Д.Энхнаран

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.161.58) 2020-09-02 09:14
      • 0
      • 0

      Sain bnuu noofen gj emiig 1sartai hvvhded emch 4huwaasnii negeer og gesen bn bolhuu

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.5) 2014-01-29 09:00
      • 0
      • 0

      Mash meduushtei zuil bichsen baina. Bayarlalaa.

      Хариулах