Чернобылийн аймшигт сүйрэл 34 жил өнгөрөхөд...

Twitter Print
2020 оны 04-р сар 26-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

Яг 34 жилийн өмнө, тэртээ 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд шилжих шөнө Украинд цөмийн бөмбөг дэлбэрснээс дутахгүй аймшигтай сүйрэл болсон билээ. Хүн төрөлхтний түүхэнд энэ уршигт сүйрлийг Чернобылийн цахилгаан станцын осол хэмээн тэмдэглэсэн байдаг.

Цахилгаан станцын хөдөлгүүрийн дөрөвдүгээр блокт гал гарсны улмаас асар их хэмжээний радио идэвхит бодис алдагдаж, хэдэн зуун мянган хавтгай дөрвөлжин километр газар нутаг хордсоноор сая сая хүмүүсийн хувь тавилан эмэгнэлтэйгээр төгсөж, цөмийн эрчим хүч ашиглахын сөрөг тал, аюул заналыг хүн төрөлхтөнд ухааруулсан явдал болсон билээ.

Цөмийн эрчим хүчний түүхэн дэхь анх удаагийн аймшигтай энэ сүйрлийн эхэнд ослын газар хамгийн түрүүнд очсон гал унтраах ангийн дарга нар болох Владимир Правик, Виктор Кибенок нар гал дамжин өргөжихөөс сэргийлэн цөмийн цацрагаас хамгаалах ямар ч өмсгөлгүйгээр сүйрлийн голомтод ажилласнаар  4-р блокт гарсан галыг хажуугийн 3-р блокт халдаалгүй таслан зогсоож чадсан байна. Гэвч тэдний энэ гавьяа цөмийн уршгийг тогтоон барьж чадсангүй, цацрагаар нэвт хордсон тэд удалгүй хэдхэн хоногийн дараа 1986 оны тавдугаар сарын 11-нд амь насаа алдав. Тэд хоёулаа дөнгөж 23-тай байсан бол тэдний хойноос нас, хүйс ялгалгүй олон мянган хүн хорвоог орхих хувьтай байж.

Украин улс болоод тухайн үеийн ЗХУ-д энэ бол асар их хохиролтой сургамж байлаа. Гэвч эдийн засгийн хүндрэлийн улмаас Украинд өнөөдөр цөмийн хуучин цахилгаан станцуудын ажиллах хугацааг уртасгасаар байна. Энэ мэт нөхцөл байдал ОХУ-д мөн тулгардаг аж. Оросын цөмийн хөтөлбөр ч тун их амбицтай, Чернобылийн цахилгаан станцын хориотой бүс нутагт өнөөдөр сайн дураараа шилжин суурьшигчид хууль бусаар нарс огтолж, худалдаалах болсон байхад Украины цахилгаан эрчим хүчний хэрэглээний тэн хагас хувийг хуучны цөмийн цахилгаан станцууд үйлдвэрлэсээр байгаа аж. Харин Оросуудад ийм тулгамдсан бэрхшээл байхгүй ч гэлээ цөмийн эрчим хүчинд урьдын хэвээр дэнчин тавьсаар байгаа бөгөөд ойрын жилүүдэд цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийг 18-аас 20-30 хувь нэмэгдүүлэх 28 цөмийн шинэ реактор байгуулах үүрэг даалгаварыг ОХУ-ын ерөнхийлөгч өгөөд байгаагаар барахгүй 2018 онд бүр "Академик Ломоносов" гэх цөмийн хөвдөг цахилгаан станц байгуулах зорилт тавиад байна. Гэтэл Оросын цөмийн эрчим хүчний технологи тун эргэлзээтэй аж.

Оросын цөмийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх технологи яг “самовар” шиг техник шийдэлтэй, самовар доторх босоо хоолойн гал өрдөж, ус буцалгадаг бол цөмийн реактор яг ийм бүтэцтэй байдаг байна. Чернобылийн Цөмийн цахилгаан станцад суурилуулсан тогоо ийм бүтэцтэй байсан бөгөөд 12 метрийн диаметртэй, 7 метр өндөр  уг тогоонд 1683 ширхэг босоо хоолой суулгаж өгсөн байжээ. Самовараас ялгаатай нь цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн “идэвхтэй бүс” хэмээн нэрлэгддэг уг реакторыг ус биш бал чулуун блокоор дүүргэсэн байдаг бол ус эсрэгээрээ тогоонд дотор босоо байрлуулсан олон тооны хоолойнуудаар урсдаг байна. Чухам энэ хоолойгоор гүйх усан дотор хуруу хэрийн хэмжээтэй, үргэлжилсэн урт гуурснууд шургуулсан байдаг бөгөөд гуурс ураны диоксидоор баяжуулсан цөмийн түлш болох хумсын чинээ бортогонууд “чихээстэй “ байдаг учир дулаан ялгаруулж усыг халаадаг аж. Халсан усны уур харин цахилгаан эрчим хүч гаргах генераторын турбиныг ажиллуулж, эргээд хөрсөн хойноо реакторын сувагт дахин очиж буцлан уур болох гинжин урвал үүсдэг байна.

Цөмийн уг “самовар”-т ашиглагддаг ураны түлшний ганц ширхэг бортого хагас тонн нүүрс шатаасны дайтай асар их дулаан ялгаруулдаг аж.

Хэрвээ самоварт ус хурдан буцалгахын тулд аль болох их түлш хийгээд орхиж болдог бол цөмийн реактор дотор явж байгаа урвалыг цаг ямагт нарийн хянах хэрэгтэй болдог. Цөмийн түлшний жижиг бортого бүрт уранын U-235 изотопын атом гинжин урвал үүсгэж байдаг бөгөөд ийм атомын цөмийг нейтрон очиж мөргөх үед изотоп хэд хэдэн атом болон задарч, тэдгээрээс бас дахин нейтрон үүсэж, U-235 изотопын бусад цөмтэй мөргөлдөх замаар хуваагдан задарсаар байдаг гинжин урвал явагддаг байна. Товчхондоо тоо томшгүй их атом, нейтроны “дайн дажин” явагддаг энэ урвалын дүнд реактор доторх ус халж, халсан ус уур болон турбин хөдөлгөсөөр байх нөхцөлд цахилгаан эрчим хүч гарна гэсэн үг аж. Оросын цөмийн эрчим хүчний технологи ерөнхийдөө ийм зарчимтай.

2011 онд Японы Фукушима дахь Цөмийн цахилгаан станцад осол болох үеэр "Украины ард иргэдийн дунд явуулсан санал асуулгаар 65 хувь нь өөрсдийн цөмийн эрчим хүчний станцыг аюулгүй гэж үзэхгүй” байсан бол 2014 онд Украины "Энергоатом" компани цөмийн цахилгаан станцуудынхаа аюулгүй байдлыг хангахын тулд Европын Холбооноос 600 сая еврогийн тусламж авч байсан болов ч үр дүнг харагдаагүйгээр барахгүй саяхан Запорожск дахь Цөмийн цахилгаан станцад ноцтой осол гарах дөхсөн байна.  Уг цахилгаан станцын хэвийн үйл ажиллагаа доголдсоны улмаас цацраг алдагдаагүй ч гэлээ асар уудам газар нутгийг хамарсан цахилгаан эрчим хүчийг таслаахаас өөр аргагүйд хүрч байсан бол эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлын улмаас Украин улс арга буюу цөмийн хуучин цахилгаан станцуудаа өнөө хэр ажилуулсаар байгаа нөхцөлд Чернобылийн эмгэнэл дахин давтагдахгүй гэх баталгаа үнэндээ алга аж. 

Гэвч Оросын удирдлагууд, орос технологийн аюулгүйг нотолж, экологчдийн эргэлзээг хэзээ ямагт няцааж ирсэн бөгөөд Оросын ерөнхийлөгч Владимир Путин ч үүнийг нотолдог төдийгүй Белорусст орос технологи, зээлээр цөмийн шинэ  цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зураад байгаа билээ.

Greenpeace байгууллагын 2016 онд явуулсан судалгааны тайлан илтгэлд "Чернобылийн сүйрэл байгаль орчинд хэдэн мянган жилээр арилахгүй хор уршиг учруулсан. Хүн төрөлхтний түүхэнд хүрээлэн орчинг ингэж асар их хэмжээний радио идэвхит бодисоор хордуулж байсан явдал гараагүй" гэж тэмдэглэсэн бол зарим шинжээчдийн үзэж байгаагаар энэ мэт дүгнэлт хэт “гэнэн” наад зах нь гурван мянган жилээс нааш хор холбогдол нь арилахгүй аж.  Харин Чернобылийн Цөмийн цахилгаан станцын захирал асан Игорь Грамоткины тэмдэглэснээр, "Хор холбогдол нь 20 мянган жилээс наашгүй" гэнэ. Гэвч хачирхалтай нь өнөөдөр цацраг идэвхт бодисонд хордсон бүс нутагт 160 иргэн эргээд суурьшаад байгаа аж.

"Миний нөхөр төрсөн газар нутагтаа эргэж очихыг аль хэзээнээс хүсэж байсан. Нөхөр маань нэвтрэхийг хориглосон бүсийн өргөст төмөр торыг тасалж, нутагтаа очсон" гэж Александра Лозбина гэх эмэгтэй өгүүлж байсан аж. Тэрээр 2010 онд нөхрийнхөө хамт Чернобылийн цахилгаан станцаас 7 км зайтай орших төрөлх гэр орондоо ирсэн байна. "Чернобылийн түүхийг бид хадгалан үлдэхийг хүссэн. Хүмүүс эргэж гэртээ ирнэ гэдэгт бид итгэж байна" гэж тэд ярьж байжээ.

Гэтэл Чернобылийн ЦЦС-ын эргэн тойрон дахь мянган бээр газар саяхан явуулсан судалгаагаар ан амьтад тэнд хэвийн амьдарч байгааг олж тогтоожээ. "Бүр цөмийн сүйрэл болсон байлаа ч гэсэн хүмүүс явсан газар оронд байгаль өнгөө зассан байх аж" гэж Портсмутын (Их Британи) их сургуулийн байгаль судлаач Жим Смит тэмдэглэснийг “The New York Times” сонин онцолсон байх аж. Харин байгаль дэлхий өнгөө засаж, зай завсаргүй шахам өтгөн ургасан ойгоос хүмүүс мод унагаж, Украин, Румын рүү ачиж байгаа бөгөөд тэндээсээ Европт гаргадаг дамжлага үүсээд байгаа аж.

"Бид энэ тухай анх сонсоод зарим нэг хүмүүсийн хийсэн ахуйн шинжтэй жижиг явдал гэж бодож байсан боловч мөрдлөг явуулаад ирэхээр маш том, бүр системтэй сүлжээ болохыг мэдлээ" гэж Украины байгаль хамгаалах байгууллагын хуульч Вадим Внуков ярьсан байна.

Украины тусгаарласан бүс нутгийг удирдах Төрийн агентлагийн захирал Виталий Петрук харин энэ тухай аливаа мэдээллийг няцааж байгаа бөгөөд есдүгээр сард энэ албан туушаал авсанаас хойш хууль бусаар мод бэлтгэх явдлыг таслан зогсоосон, одоо зөвхөн түймэрт өртсөн, хатаж, өгөршсөн моднуудыг хортон шавж тархаахгүйн үүднээс огтолж байгаа гэж мэдэгдсэн байна. Энэ бүс нутгаас гэтэл мод бэлтгэхийг 2004 оноос хуулиар зөвшөөрсөн аж. Гэвч тусгаарласан бүс нутаг дахь цацрагийн идэвхжил аюултай хэмжээнд хадгалагдсаар байгаа бөгөөд цацрагийн дундаж түвшин Атлантын далай дээгүүр зорчигч тээврийн онгоц нисэх үед мэдрэгддэг 10 микрозиверт хүчтэй адил гэж үзэж байгаа бол цацраг мэдрэгч Гейгерийн багажаар ганц ялааг хэмжиж үзэхээр ойртуулахад сахлын машин шиг хүчтэй дуу гаргаж байжээ. Тиймээс Чернобылийн аюул занал холдоогүй, харин Укрианчууд тэр цагийн аюул сүйрлийн гай гамшгийг гучин хэдэн жил өнгөрөхөд өнөөдөр нэгэнт умартсан нь тодорхой аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.