Color Correcting буюу өө дарах шинэ арга

Twitter Print
2016 оны 11-р сар 24-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Гэрэл сүүдрээс бүрдсэн "contouring" аргын ачаар хацрынхаа ясыг өргөж, шанаагаа нарийхан болгох гэж та оролдож байсан уу. Одоо үүний оронд нүүрнийхээ туяаг жигд болгож, өөгүй тэгш арьстай болох шинэ давалгаанд нэгдээрэй.

Өнгөрсөн жилийн дундуур Кардашьяаны гэр бүл contouring буюу нүүрийг хэлбэржүүлэх аргачлал гэх нэгэн нүүр будалтын давалгаа эхлүүлж, түүнийгээ дэлхийн хэмжээний тренд болгож чадсан. Бид тэрхүү гэрэл, сүүдрийн аргыг сайн сурч амжаагүй байтал бас нэгэн шинэ "моод" дэлгэрээд байна. Тэр нь "color correcting" буюу өнгө, өнгийн будгаар өө дарах арга юм.

Энэ будалтын арга барилыг шинэ гэж хэлэхэд хэцүү ч, сүүлийн үед яагаад ч юм бүсгүйчүүдийн дунд хүчээ аваад байна. "Color correcting" нь ерөнхийдөө өнгөний дугуй диаграмм ба нэмэлт өнгөний зарчим дээр үндэслэсэн байдаг. Өөрөөр хэлбэл эрс тэрс хоёр өнгийг хооронд нь давхарлахад, огтлолцож буй хэсэгт нь шинэ өнгө гарч ирэх зарчмаар хийгддэг. 

Color Correcting буюу өө дарах шинэ аргын тухай сонссон уу?

Тухайлбал төрөлхийн аль эсвэл хэт ядарсны улмаас үүсдэг нүд тойрсон хар хүрээг тоорын ягаан туяатай өө дарагч бүтээгдэхүүнээр саармагжуулах боломжтой. Ихэнх бүсгүйчүүд хар хүрээгээ далдлахын тулд энгийн арьсны өнгөтэй өө дарагчийг хэт зузаан түрхэж, эцсийн үр дүнд нь таагүй саарал туяа бий болгосон байдаг.

Тиймээс арьсны өөг дарах асуудлыг "өнгөт өө дарагч" аргаар шийдвэл илүү төгс үр дүнд хүрэх болно. Хар хүрээний талаар илүү тодруулж хэлбэл цайвар арьсанд зөөлөн ягаан, дундаж арьсанд шаргал, харин бараан арьсанд улаан өнгө илүү тохиромжтой байдаг.

Үүнийг хэрэгжүүлэхдээ бүтээгдэхүүнийг нүднийхээ доод эсвэл дээд хэсэгт цэг байдлаар түрхэж, хуруугаараа зөөлөн шингээн, уусгах хэрэгтэй.

Color Correcting буюу өө дарах шинэ аргын тухай сонссон уу?

Арьсанд тулгардаг бас нэгэн асуудал бол улайлт юм. Жишээ нь заримдаа бид ханиад хүрч, хэд хоног дарааллан хамраа оролдсон үед хамрын орчимд улайлт үүсдэг. Тэгэхээр хамрын арьсан дээрх улайлтыг дарахыг хүсвэл ногоон өнгийн өө дарагч хэрэг болно. Батга, батганы сорви ба хагарсан судсыг мөн ногоон өнгөөр саармагжуулж болдог. Түүнчлэн зарим бүсгүйчүүдийн хацар бага зэргийн улаан туяатай байдаг. Энэ зэргийн зөөлөн улайлттай хэсэгт шар өнгийн өө дарагч тохирно. 

Эдгээр ерөнхий дүрмээс гадна "color correcting" аргачлалд маш олон төрлийн өнгө байгаа ба өнгө тус бүр өөрийн гэсэн үйлчилгээтэй. Тиймээс та өөрийн арьсандаа тохирохыг нь олж аваарай. 

Сануулахад олон нийтийн сүлжээн дэх гоо сайхны блогер охид нүүрэндээ бүх төрлийн өө дарагчийг нэгэн зэрэг түрхэж, арай "хэтрүүлсэн" будалт хийж буйг та бүгд анзаараад амжсан байх. Энэ зэргийн хүнд будалт өдөр тутамд тийм ч шаардлагатай биш шүү дээ. Та ердөө арилгахыг хүссэн цөөн хэдэн өөгөө дарж, араас нь энгийн суурь кремээ түрхэхэд л хангалттай юм шүү.

Color corrector түрхэх зориулалттай спонжууд, Beautyblender

Ө.Тодгэрэл

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.