Дэлхийтэй зөрчилдсөн Үндсэн хуулийн цэц

Twitter Print
2016 оны 04-р сар 27-нд 08:38 цагт
Мэдээний зураг,

Сонгуулийн холимог буюу пропорциональ систем Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан. Дүгнэлтээ гаргангуут нь УИХ-д суудалтай хоёр том нам “Зөв зөв” гээд яаран хүлээгээд авчихлаа.

Гэтэл дэлхий нийтээр “Сонгуулийн холимог тогтолцоо нь арай л дэвшилттэй юм, намуудын төлөвшилд илүү дөхөмтэй юм, жинхэнэ бэлтгэгдсэн улстөрчид улстөрд удаан оршин тогтноход нэмэртэй юм” гэж хүлээн зөвшөөрөөд байдаг. Товчхондоо Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дэлхийн улстөрийн бодлоготой арсалдаж, дангаарчилсан дүгнэлт хийснээрээ аргагүй л дэлхийтэй тэрсэлдэж, талыг нь эзэлж явсан эзэн Чингисийн үр хойч гэдгээ дахин нэг зарлан тунхагласан хэрэг болов.

Цэцийн дунд суудлын дүгнэлтээр намын жагсаалт нь Үндсэн хуулийн шууд сонгох гэдэг заалтыг зөрчсөн гэснээр Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, З.Энхболд, Н.Алтанхуяг нар сонгуулийн багаа аваад аль нэг тойрог бараадахаас өөр сонголтгүй болсон гэсэн үг.

Мэдээж хоёр том намын бүлэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авснаас хойш УИХ-аас ямар шийдвэр гарах нь тодорхой. Товчхондоо мажоритар системээр сонгууль явуулах далдхан захиалга өгөгсөд нь МАН+АН мөн эсэхийг удахгүй харах цаг ирнэ. Монголын улстөр “Пропорциональ системийг хүлээн авах сэтгэл зүйн бэлтгэл алга” гэж улстөр судлаачид дүгнэж байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн цэц ад үзсэн энэ тогтолцоонд давуу тал бас бий. Энэ бол сонгогчдын өгсөн санал бодит тусгалаа олж, тэр хэмжээгээр нам нь УИХ-д суудалтай болдог. Сул тал нь ард иргэдийн сонгох хүсэлгүй улстөрчид жагсаалтаар халхлагдан засаг төрд орж ирдэг. 

Мажоритар систем бол, ижил тэнцүү хувийн дэмжлэгийг сонгогчдоос авсан хэрнээ, суудлын тоо нь эрс зөрүүтэй гарах сул талтай. Жишээлбэл 2000 оны сонгуулиар АН 49%-ийн санал авчихаад ганцхан өнөөх  Л.Гүндалайтай үлдсэн хатуухан сургамж бий. Давуу тал нь хэн ч жагсаалтын ард нуугдаж үлдэх боломжгүй. Гэхдээ Монголын хувьд хэлбэлзэл, савалгаа ихтэй өнөөгийн нөхцөлд холимог систем нь илүү үр өгөөжтэй санагдана. Тэгээд ч дэлхий нийтийн хандлага пропорциональ тогтолцоонд шилжиж буйг манай хууль тогтоогчид дахин нэг саначихад гэмгүй санагдана.

Нөгөөтэйгүүр “Мажоритар тогтолцоогоор сонгууль явуулбал олон жил улстөрд хачиг хувалз мэт дархлагдсан, мөнгөтэй, олны танил болсон улстөрчид ялах боломж илүү. Шинэ залуу мөнгөгүй, улстөрийн “хор найруулах туршлага муутай хүмүүс Монголын улстөрд орж ирэх хаалгыг тас хаасан хорлонтой систем” хэмээн эмэгтэй улстөрчид бухимдаж байгааг ч бодууштай. Ямартай ч Үндсэн хуулийн цэц дэлхийн улстөрийн өнөөгийн чиг хандлагын эсрэг шийдвэр гаргаж, УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд яаравчлан дэмжчихлээ. Асуудал хэрхэн өрнөхийг харах, хүлээх л үлдэж байна.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • сонгогч

      (202.179.31.24) 2016-04-26 09:47
      • 0
      • 0

      ямартай ч Үндсэн хуулиа дагах нь зөв, нөгөөтэйгүүр нэг ч сонгогчтой улаан нүүрээрээ уулзаж үзээгүй амьдралаас тасархай зөвхөн даргын цүнх барьж далжигнасан оймсны хавчуургууд төрд гарахаас сэргийлнэ. Үндсэн хуулийн цэц харин ч 2012 онд ингэж шийдэх ёстой байсан. намын жагсаалтаар УИХ-д орохын тулд дээгүүр суудлууд жинхэнэ авилгалын шалтаг болж байгааг, сүржин нэртэй шинэ намууд олноор шинээр бий болж жагсаалтын эхний хэсгийн суудалаа тэрбум тэрбумаар булаалдаж байгааг бид харж байна. тэд зарцуулсан мөнгөө буцаагаад бидний халааснаас л хулгайлна шүү дээ.

      Хариулах