Ч.Сайханбилэг Р.Чингисийг явуулахгүй

2016 оны 04-р сар 26-нд 08:54 цагт
Мэдээний зураг,

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийг хөөж явуулах гээд чадалгүй өөрөө тун эвгүй байдалд оржээ. Зургаан удаагийн УИХ-ын сонгуульд бүдэрсэн ч насаараа дарга хийж яваа Д.Дорлигжав энэ удаа “Женко” Х.Баттулгын эзэмшил рүү цагдаа нараа нэвтрүүлж, хүчлэн нэгжлэг хийлгэсэн ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь авч хаяхаар санаа шулуудаж уг асуудлаа Засгийн газрын хуралдаанд оруулж дөнгөсөн ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс тун хатуухан зэмлэл сонсож, уурлаж бантсандаа хуралдааны танхимын хаалгыг саван гарчээ. Насаараа дарга хийх одонд төрсөн Д.Дорлигжав сайдын ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэзээ ямагт зогссоор ирсэн ч энэ удаа тун буруу хүнээр оролдсон тул Засгийн газрын тэргүүний урдуур орохыг Ц.Элбэгдорж хүсэхгүй нь тодорхой.

Нэгэнт байдал ингэж эргэсэн тул Д.Дорлигжав сайдад амаа хамхиж гурван сар тэсэх, аль эсвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн сануулснаар өргөдлөө өгөөд Хууль зүйн сайдын албаа хүлээлгэн өгөх хоёр л зам үлдэж байна. Саяхан болсон АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр Хууль зүйн сайд Д.Дорлигжавыг эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга болох тохироо хийгдэж байгаа талаар шивэр авир гээд чимээгүй болсон.

Магадгүй Д.Дорлигжав сайд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж жагсаалтад бичүүлэн насаараа мөрөөдсөн УИХ-ын гишүүний үнэмлэх өвөртлөхийг сэмхэн хүсэмжилж явсан байж болох юм. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг АН хүлээн авч намын жагсаалт гээч юмгүй сонгуульд оролцохоор болж байгаа тул Д.Дорлигжавт АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал үнэндээ жулдаж санагдах нь ойлгомжтой. Тэгэхээр түүнд чимээгүйхэн амаа хамхиж гурван сар Хууль зүйн сайдынхаа суудалтай ноцолдохоос өөр сонголт байхгүй л болов уу. Буруу цагт, буруу хүнээр оролдох нь хэн хүн төдийгүй Ерөнхийлөгчийн итгэлт хүн Д.Дорлигжав сайдад хүртэл халтай гэдэг нь харагдлаа. Монголын улстөр, улстөрчид өө гэж.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.