Н.Алтанхуягийг ямар нэгэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй гэв

Twitter Print
2016 оны 04-р сар 26-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах хуудас ирүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Мэдэгдэл хийсэн гэж цагдаагийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах ирлээ. Байцаалт өгнө” хэмээн бичсэн. Тэгвэл энэ талаар Улсын Мөрдөн байцаах газраас тайлбар хийсэн байна. Уг тайлбарт: 

“Улсын Ерөнхий Прокурорын газраас 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Мөрдөн байцаах газарт “Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг нь 2016 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хийсэн мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй асуудлууд тусгагдсан байх тул зохих журмын дагуу шалгаж шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн албан бичиг ирүүлсний дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягийг ямар нэгэн гэмт хэрэгт холбогдуулан шалгах бус, Төрийн ордонд хийсэн мэдээлэлтэй нь холбогдуулан уг мэдээлэлд дурдагдсан гэмт хэргийн шинжтэй асуудлыг тодруулж тайлбар авах зорилгоор зарлан дуудах хуудас хүргүүлсэн болно” гэлээ. 

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар эхлээд тайлбар аваад дараа нь сэжигтнээр тооцох нь гарцаагүй. Ингэхдээ Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг онц ноцтой хэрэгт гүтгэсэн байж мэднэ гэж үзэж буй бололтой. Учир нь Н.Алтанхуяг 4 дүгээр сарын 4-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө тэрбээр "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол шударга бус бүлэглэлийн толгойлогч" гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн юм. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.