Улстөрийн хямрал устай “яр” болжээ

Twitter Print
2016 оны 04-р сар 25-нд 11:29 цагт
Мэдээний зураг,

Энэ үгийг зургаан удаа буюу хамгийн олон удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа МАН-ын “төмөр хоолой” Ц.Нямдорж хэлэв. Үнэндээ Монгол Улс 2012 оноос эдийн засгийн хямралд автаад байсан бол одоо улстөрийн хямрал давхцаж улстөр, эдийн засгийн хосолсон гүнзгий хямралд сөхөрч эхэллээ.

Монгол Улсыг өнөөдрийн хосолсол хямрал руу чирж авч ирсэн буруутнууд нь мэдээж эрх баригч АН-ын олигархжсан бүлэглэл хоорондын тэмцэл, “Эв нэгдлийг илэрхийлэгч” байх учиртай эрхэм Ерөнхийлөгчийн цагаа олоогүй гар дүрэлт зэрэг нь шийдвэрлэх гүйцэтгэсэн гэдэгтэй санал зөрөх хүн цөөхөн гарна. Үндсэндээ АН-ын доторхи эрх мэдэл, эд баялгийн төлөөх дажин дээд цэгтээ хүрч, өнөөдөр гэвэл хэзээ мөдгүй дэлбэрэхийн өмнөх дарьтай торх шиг болсон нь нууц биш. Саяхан болсон ҮЗХ-ны хурал нь “Их тулааны өмнөх” нам гүм оргисоор өнгөрсөн нь чухамдаа багтаж ядаж чихэлдэж байгаа ирэх сонгуульд нэр дэвших сонирхолтой эрхмүүдийнх нь хазаарлан даралт байсан нь ч тодорхой. Гурван сар хүрэхгүй дараа Монголчууд чухамдаа түүхэн сонголт хийх гэж байна. Хамгийн гол нь энэ сонгуулиар Монголд нүүрлэсэн улстөрийн хямралыг зогсоох нь хамгийн гол зорилт болж байна. Эхлээд улстөрийн хямралыг зогсоож чадвал эдийн засаг бага  багаар наашилна.

Өнөөдөр “Чөтгөртэй нийлж” байгаад ч хамаагүй эрх мэдэл, эд баялагт хүрэхийн төлөөх цусгүй дайн Монголын улстөрчдийн дунд жинхэнэ утгаараа оволзож байна. Одоо тэд ард түмнээсээ ичиж нэрэлхэх, ядаж л нууж хаах ч зүйлгүй наймаалцаж, улстөрийн “хор” хутгаж, эцэстээ юу ч хийхээс буцахгүй аймшигтай сонголтын өмнө тулж ирцгээгээд байна. Бүлэглэл хоорондын тэмцэл, зөрчил нь яг л тэсэрч, дэлбэрэхийн өмнө ирэнгүүтээ одоо эхнээсээ хэн нэгэндээ эчнээ цаазын ял сонсгож эхлээд байгаа. Энэ нь зөвхөн олигархжсан хөрөнгөтнүүдийн хоорондын эд баялаг, эрх мэдлийн төлөөх эвлэршгүй тэмцэл хамгийн хурц шатандаа орсныг харуулж байгаа мэт боловч Монголын нийгмийг туйлын хорлонтой эвдрэлцэл, хагарал хямрал руу чимээгүйхэн чирж байгаa аймшиг юм.

Гуравхан сая хүнийг хорин хэдэн намд хувааж, Монгол Улсыг хагалан бутаргах, эвдрэлцүүлэх аймшигтай үүд хаалгыг нээж байгаа улстөрийн намууд одоохондоо сонгуулийн аргаар засаг төрийн эрх мэдэлд гарахаар үхэлдэн зүтгэцгээж байгаа боловч, магадгүй маргааш  хүчирхийллийн замыг сонгоход ганцхан алхам дутуу байна.

Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэц “Пропорциональ систем нь Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлтээ гаргав. Пропорциональ систем нь яах аргагүй Үндсэн хуулийн зөрчил гэдэг нь анхнаасаа л илт байсан. Үндсэн хуулийн заалтад ямарч өөрчлөлт ороогүй байхад таван удаа мажиратор сонгууль хийчихээд зургаа дахь буюу 2012 оны сонгуулийг холимог болгож, пропорциональ элемент оруулсан нь АН, МАН-ынхан төр засгийн мэдлийг гартаа оруулахын тулд хөшигний ард хуйвалдаж, Монголын ард түмний баялгийг гадны тонуулчидтай хамтран цөлмөн дээрэмдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болсны нотолгоо, хамгийн “бохир” улстөрийн наймаалцал байсан. Энэ долоо хоногоос эхлээд УИХ дахь АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн ирэх сонгуульд намын жагсаалтаар УИХ-д оруулж ирэхээр тохиролцоод байсан 28 суудлаа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс хэрхэн бултуулж, яаж аргалж байж хэвээр нь авч үлдэх талаар дахиад л улстөрийн “бохир” наймаалцал, тохиролцоогоо хийж эхлэх нь тодорхой.  Одоогоор дээрх 28 суудлыг хэрхэн хуваах, хаана ямар тохироо хийх нь бүрхэг байгаа. Ямар ч байсан хөдөөгийн мандатыг цөөлж, хотын мандатыг нэмэх талаар наймаалцаж эхлэх болов уу. Гэхдээ эхлээд УИХ-д суудалтай намууд хот, хөдөөгийн тойрог дахь нэр дэвшигчийн тоон дээр тохиролцож таарна. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд Улаанбаатар, аймаг хоёрын статус адилхан гээд заачихсан байгаа. Хүний тооноос хамаарч давуу тал олгоно гэсэн заалт хаана ч байхгүй. Улсынхаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн улстөрчид ийнхүү гуравхан сая хүнийхээ нийтлэг эрх ашгийг уландаа гишгэчиж эхэллээ. Хөдөөгийн суудлыг цөөлөх тухай ярьж чадаж байгаа АН, МАН-ын гишүүд нэртэйгээр нь үлдсэн ганц суудлыг нь хот руу татаад Өмнөговь аймгаа Хятадуудад зарчихвал таарна.

Тэртэй тэргүй ажилгүй, мөнгөгүй туйлдаж гүйцсэн иргэд Тавантолгойн 1072 хувьцаа “амь орж” хэмээн таамаг сураг сонсчихоод Урт цагааны өмнөх брокерийн пүүсийн өмнө бүтэн долоо хоног шөнөжин, өдөржин дугаарлаж эхлээд байгаа. Тэд үнэндээ аль учрыг ойлгоогүй, хятадууд нь аваад байгаа юм уу, Монголчууд авч байна уу гэдгийг ч ойлгох, анзаарах тэнхэлгүй болтлоо өлсөж, ядарч туйлдацгаажээ.

Үнэндээ Монголын ирээдүй аймшигтай бүрхэг болж байна. Аливаа улс орон улстөрийн хямралд гүнзгий автагдах тусам эрх чөлөө, тусгаар тогтнолынх нь тогтолцоо төдий чинээ хэврэг, сул болж гадныхны хоол болдог нь амьдралаар батлагдсан гашуун үнэн билээ. Украйн, Сири, Иракийн бэлээхэн жишээ бидэнд аймшгийн харанга дэлдэж, дайны гал дүрэлзээд байж л байна. Монголын улстөрчдийн эрх мэдэл, эд баялгийн төлөөх шунал нь нүд, сэтгэлийг нь сохолж, өрөөнийхөө босгоны цаадахыг давж харах тэнхэлгүй болцгоожээ.

Ард түмэн өдрөөс өдөрт өрөнд баригдаж, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг бодит аюул боллоо. Гэтэл Монголын улстөрчид өөрсдийнхөө улстөрийн карьерын ирээдүйн төлөө 1.5 сая хүний ундны усны ганц эх үүсвэр болсон Туул голын гольдролыг өөрчилж, сайрыг нь хусаад зам тавьж байна. Удахгүй гурав, дөрөвхөн жилийн дараа Улаанбаатарын ундны ус жинхэнэ аюулын харанга дэлдэж эхэлнэ. Харин тэр үед өнөөдөр Туулын сайрыг хусч зам тавих тушаал өгсөн эрхмүүд Монголд биш Нью-Йоркт тарвалзаж хэвтэнэ.

Монголын улстөрийн хямрал ийм л “устай яр” болж, Монгол Улсыг дотроос нь “хүйс тэмтэрч” эхлээд байна.    

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.