Пржевальскийн адуу, Пржевальскийн худаг, Пржевальскийн мөсөн гол

2016 оны 12-р сар 24-нд 16:03 цагт
Мэдээний зураг,

Оросын алдарт жуулчин Николай Михайлович Пржевальскийн угийн овгоор шинжлэх ухаанд манай тахийг нэрлэдэг гэдгийг бид мэднэ. Харин өөрт нь зориулж Санкт-Петербург хотын Александрын цэцэрлэгт хүрээлэнд босгосон цээж баримлын дэргэд Пржевальскийн адуу (Eguus przewalski) ч биш, түүнчлэн дэлхий нийтэд тахьтай хамтаар анхлан таниулсан хавтгай (Camelus ferus) ч биш, харин түүний хэлснээр “говь цөлөөр аялан явагчдад юугаар ч сольшгүй унаа” болох тэмээний хөшөө ханьсаж байдаг. Төв Азиар дөрвөн удаа экспедиц удирдан нийт 31551 км замыг туулж амьтан, ургамал судлалын талаар шинжлэх ухаан, танин мэдэхүйн олон талын нээлт, ажиглалт хийсэн  тэрбээр 1875 онд гаргасан “Монгол ба Тангадын орон” номдоо “Тэмээ бол нүүдэлчдийн мөнхийн дагуул, сайн сайхан  аж төрлийнх нь гол эх булаг, говь цөлөөр аялан явагчдад юугаар ч сольшгүй унаа. Гурван жилийн шинжилгээ судалгаа, аяллын хугацаанд бид тэмээнээс огт салаагүй учир янз бүрийн нөхцөл байдалд ямар их тэвчээртэй агуу амьтан болохыг нь нүдээр үзэж, нарийн мэдэж авсан билээ” гэж  бичжээ.

  • 13-4-2016przevals
    Facebook
  • Twitter

Пржевальский 31-тэй байхдаа 1870 оны зургаадугаар сард анхны экспедицээ удирдан гурван андын хамт долоон тэмээ, хоёр морин уналга хөсөгтэйгөөр Хиагт хотоос гарч байсан. Энэ удаагийн аяллын санхүүжилт 10 мянган рубль байсан бол хоёр дахь аяллын экспедицдээ зориулан 24740 рубль босгож чаджээ. Төв Азийн хамгийн нам дор газрын нэг Лоб нуурыг судлахаар Кульджээс 1876 оны наймдугаар сард анх хөдлөхдөө Пржевальскийн экспедиц 13-уулаа 24 тэмээ, дөрвөн морьтой гарсан байна. Пржевальский гурав дахь удаагийн аяллаа 23 нөхдийн хамт 1878 оны долоодугаар сараас 1881 оны нэгдүгээр сарын хооронд зохион байгуулсан. Зайсан харуулаас эхлүүлсэн энэ аяллынхаа үр дүнг “Зайсангаас Хамийн талыг  туулж Түвд хүрсэн нь” номдоо нэгтгэн оруулжээ.

Тэрбээр энэхүү гурав дахь аялал, түүнчлэн 43580  рублийн санхүүжилттэй дөрөв дэх удаагийн 1883-1887 оны аяллын явцад хэчнээн тооны тэмээг уналга ачилгад хэрэглэснээ тоо зааж дурдаагүй. Эхний хоёр аяллын санхүүжилт, бүрэлдэхүүнийг гурав, дөрөв дэх удаагийнхтай харьцуулан таамаглахад тэдний тэмээн хөсгийн тоо толгой урьд өмнөхөөсөө хэд дахин нугарсан байх магадлалтай юм. Пржевальскийн экспедицийн аян замын гол өмөг түшиг нь монгол тэмээ, орчин цагийн хэллэгт хэлбэржүүлбэл маш ач холбогдолтой унаа байсныг мэдэрсэн уран барималч А.Бильдерлинг, И.Шредер нар түүнд зориулж тэмээтэй хөшөө босгожээ гэдэг нь  бүх  хүнд ойлгомжтой. Александрын цэцэрлэгт хүрээлэн доторх, алдарт жуулчинд зориулсан уг бүтээлийг 1892 онд А.Бильдерлингийн санаагаар Н.Шредер цоолборлон босгосон түүхтэй. Дашрамд дурдахад алдарт жуулчин маань дөрөв дэх аяллынхаа үеэр нийслэл Хүрээг дайран өмнө зүгийг зорьж явахдаа одоогийн Дорноговь аймгийн Өргөн сумын төвийн зүүнтээх нэгэн худгийн асгар дахь бул чулуун дээр “1884, ПР-Ж” гэсэн дурсгалын бичиг хонхойлгон цохиж үлдээсэн байдаг. Нутгийнхан тэртээ 1884 оноос хойш уг худгийг “Пржевальскийн худаг” гэж нэрлэсээр иржээ.

Төв Азийн байгаль, ан амьтныг анхлан судалж шинжлэх ухааны эргэлтэд оруулсан нэрт аялагч, хошууч генерал Пржевальский тав дахь аяллаа нийслэл Их хүрээнээс эхэлж говийг туулан Оросын Туркестанд зорчих зууртаа өвчин тусч Иссык-Куль нуурын эрэгт 1888 оны арваннэгдүгээр сарын 1-нд 49-тэйдөө тэнгэрт дэвшиж төрөл арилжсан. Оросын алдарт жуулчин энэ эрхмийн нэртэй, байгалийн үзэсгэлэнт газар-12 км урт, дөрвөн км өргөн “Пржевальскийн мөсөн гол” манай орны баруун хойморт Алтай нурууны Таван Богд уулын баруун хажууд буй гэдгийг дурдахын явдамд тэрбээр 177 жилийн тэртээ Юлийн календариар 1839 оны гуравдугаар сарын 31 буюу одоо бидний хэрэглэж буй  Григорийн тооллоор дөрөвдүгээр сарын 13-нд Оросын Смоленск мужийн Кимберова тосгонд төрсөн болохыг хэлье.

Б.Ерэнтэй

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.