Хэн маань ч гэсэн ганц сайхан үгээр дутаж л явдаг

Twitter Print
2016 оны 04-р сар 22-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Монголчууд бид гүндүүгүй сайхан, даруу төлөв царайлчихаад өдөр хоногийг аргацааж явтал гарцаагүй нэгэнд нь хэрэгтэй байгаа урмын сайхан үг, баяр талархлын сэтгэл маань бидний хажуугаар нисэн одож хорвоогийн амьдрал дуусчихсан байдаг. Өөрөөсөө харамлаж өрөөл бусаддаа дуулгаж амжаагүй нинжин сайхан үгсээс өрсөөд  зүрх зүсэж, сэтгэл жихүүцэн даарч, дотор давчдам муу муухай үгс хэзээний бэлэн түргэн урсан гарах нь гайхаж цочмоор.

Сэтгэлээр гундаж, итгэлээр хазайж яваа хэн нэгэндээ яг л хэрэгтэй байгаа ганц сайхан үгийг бид бүхэн хэлж сураагүйгээс хаа нэг “өдрийн од” шиг оноод хэлчихвэл ийм хүндлэлд бэлэн байгаагүй нөгөөх нь ч бараг л доромжлол мэтээр тун ч ёозгүй хүлээж авах нь олонтой. Өнөөдөр чи сайхан харагдаж байна шүү гэвэл битгий доромжлоод байгаарай, муухайгаа мэдэж байна шүү гэнэ. Найз минь чамд ёстой их баярласан шүү гэвэл за за юун сүртэй юм бэ хэмээн хариуг нь дор нь барина. Хайрт минь чамдаа хязгааргүй хайртай шүү гэвэл чи чинь юу болоод нялуураад унав ямар нэгэн юм болоо юу гэх нь бий.

Аян замдаа сайн яваад ирээрэй гэвэл энэ өнөөдөр яагаад долгиноод байна буцаад ирэхэд ямар нэгэн юм гуйх нь дээ гэж бодож ч магадгүй. Тэгж яривал хүн бүр л урмын сайхан үгээр дутаж, дотор сэтгэлдээ бэтгэрч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсныхаа төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь бид бүхний зүрх сэтгэлд баяр баясгалан авч ирж, шувуу мэт дүүлэн нисэх эрч хүчийг хайрладаг. Аав ээждээ магтуулж сайхан үг сонссон энхрий бяцхан үрсийн нүд нь очтон гялалзаж, өөрөө ч мэдэлгүй хөөрөн онгирох нь ямар өхөөрдмөөр харагддаг билээ дээ. Хүн л бол хүн шүү дээ. Нас биенд хүрсэн гээд бид бүхний баясан догдлох сэтгэл бяцхан хүүхдүүдийнхээс тэс өөр болчихгүй. Бусдад урмын сайхан үг хэлж, баярлаж байхыг нь харахдаа өөрөө ч баярлаж баясдаг хүмүүс ямагт өөрөөсөө гэрэл гэгээ цацруулж өнгөлөг жавхаатай, наснаасаа залуу харагддаг. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, хамт олон, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа.

Хань минь чи миний итгэл найдвар шүү. Охин минь, хүү минь чамайг эрдэм мэдлэгтэй, өгөөмөр сэтгэлтэй хүн болж байгаад аав ээж нь үнэхээр баяртай явдаг шүү. Миний төлөө хийсэн бүхэнд тань насаараа баярлаж, өдөр болгон та хоёртоо залбирч явдаг шүү ижий аав хоёр минь. Найз минь чинийхээ халуун сэтгэлийн илчийг байнга мэдэрдэг шүү. Та бүхний дэмжлэг, тусламжаар миний ажил, амьдрал өөдрөг бүтэмжтэй байдаг шүү хамт олон минь гэхчилэн чин сэтгэлээсээ хэлж байх талархал, урмын сайхан үгс бидний өдөр тутмын  амьдралд үнэхээр дутагдаж байгаа. Гэхдээ зусар хоосон биш, чин сэтгэлээсээ хэлж чадах урам, талархлын хэдхэн үгс л хүний зүрх сэтгэлийг бүлээцүүлдэг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Юу ч болоогүй байхад зусар зулгуй үгсийг хаа хамаагүй урсгаад унавал цаад хүнээ ч ядрааж өөрөө ч эвгүй байдалд орох нь гарцаагүй юм. Ганц сайхан үгээр дутаж явах үед  нь л гарцаагүй тэр үгийг нь онож хэлвэл тэр чинь жинхэнэ буян юм аа. Хүний сэтгэлийн далд нандин утсыг онож хэлсэн ганц сайхан үг тэр хүнийг хөглөж, сэтгэлээс нь ундран гарах гайхамшигт сайхан эгшиг аялгуу нь таны зүрх сэтгэлийг ч уяруулан хайлуулах ид шидтэй юм шүү.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.