МАХН-ынхны холион бантан буюу Н.Энхбаярын даажигнал

Twitter Print
2016 оны 04-р сар 21-нд 16:13 цагт
Мэдээний зураг,

Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг” гэсэн гайхалтай зүйрлэл байдаг. Тэрхүү хэлц үгийг өнөөдөр МАН, МАХН-ынхан амьдрал дээр яруу тодорхой үзүүлцгээж сууна.

Анхнаасаа МАН, МАХН эвсэж УИХ-ын сонгуульд оролцох хүрээнд хоёр талаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж МАН-ын зүгээс 80х20 гэсэн санал тавихад МАХН-ынхан 60х40 болгохыг хүчилсэн байдаг.

Ингээд МАХН-тай эвсэл болж сонгуульд оролцохыг эрхэм зорилгоо болгосон МАН-ынхан аргагүйн эрхэнд МАХН-ынхны тулган хүлээлтийг авч хэлэлцэхээр  хоёр талын  ажлын хэсгүүд дээрх асуудлыг хэлэлцээд эцэст нь ажлын хэсгийн дарга нарын гарын үсэг зурж тохиролцсон санамж бичигт 33х67 болгосон байдаг. Эндээс харахад анхнаасаа л МАН-ынхан МАХН-ын өмнө сөхрөөд суучихсан нь анзаарагддаг. Дээрх санамж бичигт “Тогтсон зүйлүүдээ өөрчлөхгүй, түүнээсээ буцахгүй, гэрээгээ байгуулж, эвслийн мөрийн хөтөлбөрөө баталъя” гэсэн байдаг ч МАХН-ын дарга Н.Энхбаяр “Хөдөө орон нутагт манайхыг илүүтэй харж үзэх ёстой” гэсэн бас нэгэн шаардлага тавьсан байдаг. МАН-ынхан дахиад л “За” гэсэн.

Тэд анхнаасаа эвсэл болох тохиролцоо хийхдээ УИХ-ын сонгуульд пропорцианалиар нэр дэвшихээр МАХН-д оногдсон 10 суудлын зургааг нь эхний 15-д заавал бичүүлнэ. Можаритороор МАХН-аас нэр дэвших 15 хүн эхлээд можариторын 48 тойрог дээр сонголтоо хийнэ. Үлдсэн 33 дээр нь МАН-ынхан хүнээ тавихаар тохиролцсон байдаг.

Эндээс харахад Монголын улстөрд гараас нь хөтлөн оруулж ирсэн МАН-ын дарга М.Энхболдыг МАХН-ын дарга Н.Энхбаяр хааш нь л бол хааш нь эргүүлж, өөрийнхөө бүх тулган шаардлагыг зөвшөөрүүлсэн байдаг.

Энэ бүхнээс нэг л юм анзаарагдаж байгаа нь өмнөх сонгуульд өвдөг шороодсон МАН-ынхан энэ сонгуульд Н.Энхбаярын нэр нөлөө, улстөрийн хор найруулах асар их туршлагыг ашиглахаар үхэлдэн зүтгэсэн нь илэрхий ажиглагдаж байгаа юм. Тэгээгүй бол Н.Энхбаярын тэр олон шаардлагыг үг дуугүй дагаж, эцэст нь араараа тавиулчихаад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос эхлээд “Ярьсандаа байдаггүй хүмүүстэй ханилж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо” гэж халаглах билээ.

Үнэндээ МАН-ынхан Н.Энхбаярын өмнө 75-аар бууж өгч Монголын нийгэм даяар шившгээ хутгачихсан. Ямар сайндаа “Хулхидуулж ханадаггүй МАН” гэсэн хэлц үг гарчихсан байх вэ дээ. Гэтэл Н.Энхбаярын даажигнал дуусаагүй байж. Тэрээр МАН-ынхныг манаруулж хаячихаад ар хударгаар нь АН-ын болон УИХ-ын дарга З.Энхболдтой хэдийнэ уулзаад Хууль зүйн байнгын хороогоор өөрийг нь ялгүйд тооцох хуулийн заалтад хамруулах асуудлыг хэлэлцүүлэх, дараа нь УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж зайлшгүй олонхийн санал авхуулах бүх тохиролцоог аль хэдийнэ амжуулчихсан. Тоглоом ингээд дуусах нь үү гэтэл бас л болоогүй байж. 

Өчигдөр оройхон өөрийн хамгийн шадар албатууд болох УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, Б.Тулга, Э.Эрдэнэжамьян нараар хэвлэлийн бага хурал хийлгэж МАХН-ын Бага чуулганаар хэлэлцэн асуудал хэмээх дараагийнхаа даажигналыг зарлуулчихдаг юм байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын МАН-д хандсан даажигнал үнэхээр олон, бас аргагүй л зангаргатай байна.Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Ч.Улаан “Бид бага чуулганаараа тулгамдсан олон асуудлыг нарийвчлан авч хэлэлцээд хуулийн хугацаанд буюу 22-ныг хүртэл хуулийн хугацаа байна. Эвсэл байгуулах асуудлаа эцэслэн тохиролцъё гэж МАН-д санал хүргүүлсэн ч “Цаг хугацааны хатуу хязгаарт баригдаж эвсэх бололцоогүй боллоо” гэдгээ мэдэгдлээ. Бидний зүгээс үлдэж байгаа хугацаанд ойлолцлоо нэгтгэж эвсэж сонгуульд орох асуудлаа үргэлжлүүлэн ярилцъя гэсэн саналаа тавьсан боловч МАН-ын зүгээс хүлээж авсангүй. Удирдах зөвлөлдөө танилцуулаад хариу хэлье гэсэн. Харин ажлын хэсгийн ахлагч нарын уулзалтын дараа эвсэхгүй гэдгээ бидэнд мэдэгдлээ. МАХН-ын зүгээс хуулийн хугацаа байна эвсэх асуудлаа дахин ярилцаж шийдэе гэсэн байр суурьтай байгаа” хэмээн мэдэгдэв.  

УИХ-ын гишүүн Ч.Улааны мэдэгдлээс харвал харин энэ удаа МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг хожиж ажлаа амжуулсан биш МАН-ыг арай л хэтэрхий гомдоочихжээ. Тэгээд гомдлыг нь дараагийнхаа даажигналаар тайлах гэсэн боловч нулимастай нүдэндээ шазуур зууж зогссон МАН-ынхан “За одоо ёстой болъё” гэсэн бололтой. Ямартай ч “Яс махандаа тултал ойлгосон” С.Бямбацогтоос эхлээд нүдэндээ нулимас мэлтэгнүүлэх нь холгүй зогссон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар зэрэг МАН-ынхан “Бурхан минь Н.Энхбаяр чинь айхтар чоно юм. Дахиж л ноцуулахаа болъё” гэж бүр нэг үнэн сэтгэлээсээ хаширсан бололтой.

Харин энэ удаа “Мэхт мэхэндээ” гэдэг л болчих шиг боллоо. Гэхдээ л Н.Энхбаярын даажигнал дуусах байтугай эхлээч үгүй байж мэдэх л юм. Одоо зөвхөн харах, хүлээх л үлдэж байна.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.91.118.230) 2016-04-21 18:58
      • 0
      • 1

      Энхбаяр улс төрөөр яадгий мурийтай тоглоом юму ард түмэнээ бодооч

      Хариулах