Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт нээлтээ хийнэ

Twitter Print
2016 оны 04-р сар 21-нд 08:48 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр өглөө 09:00 цагаас төрийн ордонд Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээн дэх Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт нээлтээ хийх гэж байна. Энэхүү Ази, Европын түншлэлийн есдүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатарын мэдэгдсэнээр Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалтын бэлтгэл бүрэн хангагджээ. Өчигдийн байдлаар 32 улс болон Европын парламентаас нийт 152 төлөөлөгч бүртгүүлснээс парламентын гурван дарга хүрэлцэн ирсэн нь Энэтхэгийн  Доод танхим, Италийн Сенат, Тайланд зэрэг гурван улс байгаа бол парламентын дэд дарга 11 хүрэлцэн иржээ. Үүнд Австрали, Италийн Төлөөлөгчдийн танхим, Индонези, Финланд, Унгар, Польш, Вьетнам, Испанийн хоёр танхимын 4 дэд дарга нар оролцохоор хүрэлцэн ирээд байгаа ажээ. Түүнчлэн хоёр Олон улсын байгууллага оролцохоор бүртгүүлжээ.

Эдгээр төлөөлөгчдийн дотор хамгийн том эрэмбэтэй нь Бүгд Найрамдах Энэтхэг улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан байгаа бөгөөд эрхэм хатагтай өнгөрсөн даваа гарагт Монгол Улсад хүрэлцэн ирж, албан ёсны айлчлалаа үргэжлүүлж байгаа юм. Өчигдөр орой Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч ноён Пьетро Грассо манай улсад хүрэлцэн ирсэн нь бас л өндөр хэмжээний төлөөлөгчдийн тоонд багтаж байгаа юм.

2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэжээ. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох бөгөөд хамгийн эхнийх нь Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт юм. Энэхүү уулзалт нь Ази болон Европын орнуудын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойд тооцогддог. Энэхүү уулзалт нь өөрийн хурлын дэгтэй бөгөөд уулзалт бүр тодорхой сэдвийн хүрээнд нэгээс хоёр өдөр үргэлжилдэг байна. Нэгдсэн хуралдаанаас гадна салбар хуралдаанууд эдийн засаг, улс төр, нийгэм-соёл гэсэн АСЕМ-ын үндсэн гурван тулгуур чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг хэлбэрээр явагдаж, санал дүгнэлтээ гаргаснаар нэгдсэн хуралдаандаа оруулдаг. Ингээд нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Тунхаглал гаргадаг бөгөөд уг тунхаглал АСЕМ-ын хурлын баримт бичигт тусгалаа олдог ажээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.