Хамгийн хөгжилтэй улстөрч Н.Батбаяр

2016 оны 04-р сар 20-нд 18:27 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын 76 гишүүний дунд Дархан аварга, аварга бөхчүүд, сайн караокечид, бүжигчид, цас малтагч, цэвэрлэгч, төлчин, ноолуурчин, бүр тэвэгчин, хилчин, цэцэрлэгч, бидон савны наймаачин гээд төрөл бүрийн онцгой ажил мэргэжил эрхлэгчид бий. Харин хаа очиж одоогоор тодорсон бөө ганцхантай. Тэрхүү тодорсон бөө маань тун ч хөгжилтэй нэгэн. Ер нь эр хүнийхээ хувьд ч тун боломжийн ханилгаатай нэгэн гэж тохой залган суудаг нэг ангийхан нь сэм сэмхэн ам алдсан удаатай. Харахад пүл пал хийсэн, цайлган цагаандуу нэгэн ордны хонгилоор нэг гараа халаасандаа хийчихсэн л алхаж харагддаг.

Харин мань эрийн нэг онцлог нь УИХ-ын байнгын хороодын хуралд барагтай бол бараагаа харуулдаггүй, хааяа нэг гэгээн дүрээрээ морилж ирвэл суудал дээрээ тогтож суухад тун хэцүүхэн байдаг бололтой санагддаг. Хажуугийнхаа хүнтэй буу хална, тэгснээ удалгүй босоод гараа халааслаад энүүгээр ч нэг тэрүүгээр ч нэг дүүхэлзтэл алхаж байснаа хэн нэгэнтэй ямархан нэгнийг аминчилж ярьчихаад бушуухан гараад явж өгнө.

Мань эр хааяа ёстой нэг билэг танхай Монгол хүн гэдгээ харин ч нэг хэнээс ч айхгүй өөрийнхөө бодсоныг туугаад хаячихна. За тэр нэг удаа З.Энхболд даргад “Батбаяр аа чи согтуу байна, харьж унт” гэж зэмлүүлсэнийг эс тооцвол УИХ-ын бусад гишүүд Н.Батбаярт багагүй хүндэтгэлтэй ханддаг юм шиг санагддаг. Лав л нэг удаа О.Баасанхүү гишүүн “Батбаяр ахаа” гэх нь холгүй сугадах гээд нөгөөх нь зугатаах гээд төрийн ордны хонгилд хөөрхөн зураглал үүсгэж байсныг санаж байна.

Эмэгтэй гишүүд түүнд бас л их хүндэтгэлтэй ханддаг нь илэрхий байдаг. Д.Арвин, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл гээд АН-ын голдуу гишүүдээс гадна зарим үед МАХН-ын төлөөлөл З.Баянсэлэнгэ гишүүн хүртэл сугадаж аваад ямархан нэгнийг их л нухацтай ярилцаад гарч өгнө.

Түүний нэг онцлог нь хүнтэй юм ярихдаа ихэвчлэн инээмсэглэсэн харагдана. Тэгээд хоёр гараа янз бүрээр хөдөлгөөд их хөгжилтэй.

Ямар нэгэн баяр ёслол боллоо гэхэд Н.Батбаяр гишүүн хамгийн Монголжуу хувцаслана. Тэгээд л инээгээд алхаад байх нь тэр дээ.

Нэг гэм нь мань эр хааяа хааяа тун хамаагүй, хэнэггүй ярьчихна. Тухайлбал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч байхдаа гэнэтхэн нэг өдөр

“Манай Үндсэн хууль нэлээд бөөлөг, мөнх тэнгэртэй харьцсан шинжтэй байна” гээд аваад хаячихсан. Бас УИХ хэдэн гишүүнтэй байвал зохих талаар “Монголчууд мөнх хөх тэнгэртээ шүтэж амьдардаг. Тэгэхээр 99 тэнгэрийн бэлгэдлийг бодож  УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох нь зөв” гээд туучихаж байгаа юм.

Өөрийнхөө хөөцөлдөж байж бүтээсэн 1.5 тэрбум ам.долларын эрх бүхий “Чингис” бондын талаар “Чингис бонд бол өр биш, өвөг дээдсийн өглөг” гээд туучихаж байгаа юм. Энэ мэтчилэн мань эрийн наргиантай, бас амны бэлгэтэй, алиа хошин яриаг хөврүүлээд байвал дуусна гэж байхгүй.

Мань эр наргиантай ярианыхаа нэлээн дээгүүр жагсах нэгэн сайхан бэлгэ дэмбэрэлтэй, басхүү гайхаж цочмоор мэдэгдлийг саяхан хийж Монголчуудын амыг задартал ангайлгав. Тэр нь ямар үг байсан гэвэл “Тэгж ярьвал Монгол Улс огт өргүй шүү” гээд аваад хаячихсан. Мөн ч бэлгэ дэмбэрэлтэй, амны бэлгэтэй, алиа марзан Н.Батбаяр байгаа биз. Ер нь энүүхэндээ гэхэд түүн шиг хөгжилтэй, марзан, дандаа хүн инээлгэж байдаг гишүүн миний л мэдэхийн энэ УИХ-д байхгүй. Энэ байтугай урьд өмнөхүүдэд Л.Гүндалай, Б.Жаргалсайхан хоёрыг эс тооцвол ёстой “гонжийн жоо” шүү. Монгол Улс парламентын тогтолцоонд шилжсэнээс хойш УИХ-ын улаан модон сандал ширээг халцартал, хотойтол зайдагнаж суугаа ийм нэгэн хөгжилтэй, паянтай эрийн тухай өгүүлэхэд иймэрхүү.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.