Равсал панз Б.Магсаржав: Ах нь ард түмэн, төр засгийнхаа буянг мөн ч их хүртлээ

2016 оны 04-р сар 19-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

Монгол киноны үе үеийн уран бүтээлчдийн дунд бүтээсэн дүрээрээ олон түмэндээ алдаршин аав ээжээс заяасан нэрээ мартах шахсан жүжигчид олон байдаг. “Гоймон баатар”, “Өгөр толгой Гүрсэд”, “Ягаан Гажид”, “Нийслэл хүү” гээд л үргэлжилнэ. Тэдний нэг “Равсал панз” хэзээний хөнгөн шингэнээрээ, хүн хүний дал мөрийг алгадан, инээж хөхөрсөөр бидний л адил ажиллаж амьдарч явна. Дэлгэцэнд мөнхөрсөн дүрээрээ ард түмэндээ хайрлагдсан “Ард түмний гавьяат”, Монгол Улсын гавьяат жүжигчинтэй уншигч таныг учруулъя.

-Сайхан хаваржиж байна уу. Хоёулаа төрж өссөн нутаг орон, аав ээжийн тухай дурсамжаар яриагаа эхлэх үү?

-Аятай сайхан л хаваржиж байна. Би чинь 1944-1945 оны завсарт Ховд аймгийн Булган сумын нутаг Улиастай гэдэг газар цэргийн хотхонд төрсөн хүн. Аав маань Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул Бадармаа гэдэг хүн байсан. Тэгээд л би Говь-Алтайн Тайшираар овоглож явдаг даа. За тэр үед чинь манайх мал цөөхөнтэй, одоогийнхоор бол ядуувтар айл байж дээ. Ингээд Булган сумандаа ч удаагүй, сургуульд орохоосоо ч өмнө хотод гэрээрээ шилжиж ирээд дөрвөн уулынхаа дунд бужигнуулсаар яваад өдийг хүрлээ дээ.

-Та ч тэгвэл хуучин бууны хугархай, хотын хулигаан байж шүү дээ?

-За тэр ч бараг тийм шүү. Комбинатын 18 дугаар сургуулийг 1962 онд төгсч байлаа. Тэр үед чинь 10  дугаар анги төгсөнө гэдэг чинь бас тэрүүхэндээ том амьтны тоонд ордог цаг байлаа. За тэгээд манай Биокомбинат чинь хотоос бас хөөрхөн зайтай. Тэр үеийн хэллэгээр атаман ихтэй, ширүүхэн л газар байлаа шүү дээ. Бакиал, хромон голдуу гутлын түрий гармошиклоод өмсчихнө.

-Комбинат тийшээ чинь цэргийн анги ихтэй. Хотоос алслагдсан дүүрэг байсан л даа. Арваа төгсөөд цэрэгт явах гээд зүтгэчихэв үү?

-Хэзээнээсээ манай Биокомбинат чинь цэргийн хотхон байсан л даа. Би бол харин өөр зам сонгосон. Аравдугаар ангиа төгсөөд Гутлын үйлдвэрийн Жаргалсайхан гэдэг мастертай 132 дугаар цехэд жил хэртэй ажиллаж ажил, хөдөлмөрийн гараанд хөл тавьсан хүн. Дандаа шижигнэсэн залуучууд байсан. Тэр үед чинь үйлдвэр комбинатын яндан 07.00, 07.30,08.00,12.00,13.00  гэж өдөрт зургаан удаа их хүчтэй дуугардаг, үйлдвэрийн ажилчид нь ч их урам зоригтой ажлаа хийдэг, нэг их сайхан цаг үе байлаа шүү дээ.

-Тэр үеийн дэврүүн цоглогхон үе тань харагдах шиг л боллоо. Тэр чигээрээ үйлдвэрийн ажилчин бололгүй урлагт урвасан залуусын нэг нь та байх нь ээ дээ?

-Ихэнх алдар цуутай  жүжигчид шиг “Би бүр хүүхэд байхаасаа авъяас минь тодроод ирсэн. Уйлах, дуулах бол миний хувьд ёстой юу ч биш байсан” гэж худлаа ярихгүй л дээ. Анх тавдугаар ангид байхдаа Хүүхдийн театрт очиж “Шунал” гэдэг жүжиг үзсэн юм. Ангиараа үзсэн анхны минь тэр жүжиг миний амьдралыг үзэх үзэл, маргаашаа төсөөлөх төсөөлөл, бүр нүдийг минь дахин нээсэн явдал болсон. Алдарт жүжигчин Сэдэд гуай тоглож байсан тэр жүжгийг яагаад ч юм миний билет тэгж таараад лоожинд сууж үзсэн юм. Тэр үед их өндөр дээд суудлаас тэр жүжгийг үзсэн нь мини сэтгэл дотор хэзээ ч унтрахгүй галыг асаасан шиг санагддаг юм. Их олон шөнө өнөө жүжгээ зүүдэлж билээ. Тэгж явсаар 10 дугаар ангиа төгсөөд Гутлын үйлдвэрт ажиллаж байтал нэг орой радиогоор зарлал явж байна. Манайх Северь гэж нэг радиотой байсан юм. Манай аав тэр радиогоор явдаг мэдээг бол ёстой чихээ нааж сууж байгаад сонсдог хүн байсан л даа. Нэг орой ажлаа тараад гэртээ сууж байтал Гаваа маань амьсгаадчихсан гүйгээд ороод ирлээ.

-Уучлаарай ямар Гаваа билээ?

-Яагаав дээ. “Гарын таван хуруу”-ны И.Нямгаваа л байхгүй юу. Бид хоёр чинь ёстой өвөр түрийдээ орж өссөн хоёр байхгүй юу. Тэгээд зарлалын зааврын дагуу Төв театрт очоод “Од”, “Цэрэн танаа” гээд л шүлгүүд уншиж, багахан этюд тоглож шалгууллаа. Одоо энэ Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Гомбосүрэн гуай бид хоёр эгч, дүү хоёрын хүүхдүүд байгаа юм л даа. Тэр үед Д.Гомбосүрэн гуай аль эрт нэр алдарт гарчихсан жүжигчин байсан. Тэгсэн чинь Гомбоо ах надад “Газрын бэтгэ шиг, чи яаж жүжигчин болж чаддаг юм. Тэгээд циркийн жүжигчин болох юмуу, юунд санаатай байгаа юм” гэхэд нь “Би уг нь үзэгчдийн өмнөөс нь хараад нүд амаа хөдөлгөөд, инээлгээд байх жүжигчин л болох гэсэн юм” гэж хэлж байлаа. Тэгээд зритель гэж ч мэдэхгүй амьтныг Д.Гомбосүрэн ах “Аа одоо ойлголоо. Драмын жүжигчин болох гээд байгаа юм байна. Гэхдээ чамд Хүүхдийн театр л таарна” гэж хэлээд хөтөлж аваачаад оруулж байсан нь 1964 он байсан.

-Та ч тэгвэл урлагийн алтан сүм рүү зовлон багатайхан л яваад орчихсон хүн юмаа даа?

-Тэгж ч бас хамаагүй хэлж болохгүй шүү. Нэр алдартай нагац ахаараа түрий бариад орчихож гэж бодоод байна уу. Тэр үед чинь хүүхдийн, драмын, дуурийн театр нэг байранд байрлаж байсан үе. Шинээр жүжигчин элсүүлж байна гэж дуулаад  300-аад хүн шалгалт өгч байснаас бид хоёроос өмнө Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Лхасүрэн, талийгаач Г.Доржсамбуу гээд 5-6-хан хүн тэнцсэн юмдаг. Аа, бас мартах гэж байна. Драмын театрын найруулагч байсан Ардын жүжигчин Б.Мөнхдорж бас тэнцэж Хүүхдийн театрын жүжигчин болж байлаа, бид хэд. 1965 онд Хүүхдийн театрт дагалдан жүжигчнээр орж байсан бид хэд 1967 онд л жинхэлж байлаа шүү дээ. Тэр үеийг бодвол одоо ч цаг сайхан болж дээ. Ганц хоёр дуу дуулсан болоод л од болж, Гавьяатын тэмдгээр энгэрээ мялаах болжээ, ха ха ха.

-Бүтэн гурван жил дагалдан жүжигчин явж дээ. Болимоор санагдахгүй байв уу?

-Үгүй яах вэ дээ. 300 төгрөгийн цалин авна. Тэгэж байтал Хүүхдийн театрын 15 жил болов оо. Анх Ц.Цэгмид гуай 14 хүүхэд цуглуулаад 1950  онд нээж байсан тэр л театр шүү дээ. 1965 онд 15 жилийн ойдоо зориулаад Л.Ванган багшийн “Жирийн хүмүүс” жүжиг тоглосон юм. Тэр үед найруулагч байсан Машка гэж нөхөр жүжгийн нээлтийн дараа “Дагалдан жүжигчдээс бусад нь тайзан дээр гар” гэхэд 3-4-хөн хүн тайзан дээр гарч билээ. Тэгэхэд дагалдан байсан И.Нямгаваа, Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу, Д.Лхасүрэн бид хэд байран дээрээ торойгоод зогсож байсан юм даа. Одоо чинь юу юугүй л од болгоод сүйд болох юм. Хүмүүс намайг яг л байгаа байдлаараа ясны сайн жүжигчин, энэ тэр гээд л хөөргөж байдаг л юм. Үнэндээ бол би өөрийгөө сайн жүжигчин болох хаа байсан юм гэж байнга голж явдаг.

-За ингээд И.Нямгаваа, Б.Мөнхдорж гээд шадар гурван цэрэг манаргаж өгсөн биз дээ?

-Манай Нямгаваагийн аав нь Ичинхорлоо гээд Хөвсгөл аймгийн Тариалан сумын сургуулийн захирал, ээж нь Янжиндулам гэдэг уран зохиолын багш сайхан хүмүүс байсан юм. Ээж нь уран зохиолыг ёстой нэг нүдэнд харагдтал ярьдаг хүн байж билээ. Бид хоёр чинь “Алтайд” романыг булаацалдаж уншаад л, уран зохиолын амтанд мөн ч их гүнзгийй орсон доо.

-Сургуулийнхаа хуваариас сайн дураараа татгалзаж, амьдралаа баллачихсан хүн гэж таны тухай нэг таагүй яриа явдаг юм билээ?

-Би 1967 онд Багшийн дээд сургуулийн кино драмын ангид шалгалт өгөхөөр очсон юм. Тэгээд л яваад ортол ширээний ард Э.Оюун багш сууж байна. Би ч яах вэ, бэлдсэн зүйлээ унших гэтэл Э.Оюун багш “Хүүе, чи энд юугаа хийж яваа юм. Бушуухан явж жүжгээ бэлд” гээд хөөгөөд гаргаж байсан юм. Учир нь тэр үед манайх нэг жүжиг тавиад нөгөөдөр нь хяналтад орох гэж байсан юм. Би тэндээс уйлаад л гарч байлаа. Тэгсэн дараа жил нь буюу 1968  онд дээрээс тушаал ирж Хүүхдийн театраас И.Нямгаваа, Б.Мөнхдорж, Б.Магсаржав гурвыг Москвагийн Театр урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид явуул гэлээ шүү. Тэр үед чинь одоотой адилгүй, шалгалт энэ тэр гэхгүй, стипенд аваад л сайхан байж. Урьд жилийнх нь Э.Оюун гуайд гомдсон гомдол бодогдоод л “Би найруулагч болж хүн дарангуйлагч болохгүй ээ” гээд л тэр сайхан сургуульд яваагүй юмдаг. Мөн ч тэнэг байж дээ. Тэгээд амьдрал урсдагаараа урсч энэ хоёр маань ч төгсөөд ирсэн. Энэ хоёр маань ном эрдмийг нь сурсан бол би амьдралын их сургуулийг нь төгссөн дөө.

-Амьдралын их сургуулийг төгссөн гэж та хэллээ. Энэ хооронд үнэхээр мөн ч ихийг туулж, үзсэн байх даа?

-Хүүхдийн театрт ороод туулсан амьдралаа одоо эргээд бодож байхад голдуу л хүүхдийн, нэг тийм цайлган цагаан дүрүүдэд л ихэвчлэн тоглосон байх юм. Манай алдарт Л.Ванган багш нэг жүжгийг минь үзчихээд “Энэ нөхрийг ер нь өөр дүрд хувилаад ч нэмэргүй. Чи ч гэсэн ер нь хүүхдийн дүрд л тоглож бай, хөгширсөн ч гэсэн хүүхэд л яв” гээд захиргаадаад хаячихсан юм л даа. Ц.Цэгмидийн биш Д.Төмөрбаатар гэж жүжигчин байсан. Тэгээд Мяасүрэн гуай бид гурав л байсан даа. Хүүхдийн дүрд мөн ч их тоглосон доо. Тэгж байтал 1970  оны үед Кино үйлдвэр дээр дуудлаа шүү. Би чинь тэр үед киног ерөөсөө мэддэггүй байлаа л даа. Очсон чинь баахан хүн одоогийнхоор бол проб хийж байгаа бололтой улаан цэргийн малгай, хувцас өмсчихсөн л бужигнаад байна. Тэгээд шалгууллаа. Тэгсэн чинь маргааш бэлэн бай л гэж байна. Буцаад Хүүхдийн театртаа очоод намын дарга байсан Ардын жүжигчин А.Очирбат гуайд “Би кинонд тоглох боллоо. Надад чөлөө олгоно уу” гэсэн чинь “Чамд юу гэж чөлөө өгч байдаг юм. Есдүгээр сард бригадаар явах гэж байхад чинь” гээд хангинаж өгч билээ. Тэр үед чинь би Хүүхдийн театрын бүх л гол дүрд тоглодог том жүжигчин байлаа шүү дээ. Тэгээд урьд хойно нь орж байж бүтээсэн киноны маань анхны дүр бол Урлагийн гавьяат зүтгэлтэн талийгаач Х.Дамдингийн найруулсан “Улаан дарцаг” киноны тогооч Дагвын дүр л дээ.

-“Улаан дарцаг” киноны ой болж, хөөрхөн пижигнэлдэж байсныг санаж байна?  

-Аа яг зөв. Энэ чинь бас хөөрхөн түүхтэй кино л доо. “Улаан дарцаг” бол Х.Дамдины найруулсан анхны, талийгч Б.Балжиннямын дипломын ажил гээд одоогийн Ардын жүжигчин П.Цэрэндагва, “Хөх чоно”-ын С.Дамдин, Д.Элбэгсайхан бид хэд дөнгөж л гарч ирж байсан, их дурсгалтай сайхан кино байгаа юм. Тэгээд манай И.Нямгаваа намайг цаашлуулаад  “Миний найз чинь одоо архивт орчихлоо. Одоо чи мөнхөрчихлөө” гээд л дамшиглаад байсан. Энэ киноны уран бүтээлчдийг олон жилийн дараа цуглуулж, баримтат кинорхуу юм хийж архивлаж авсныг л цаадах чинь тэгж явуулж байхгүй юу.

-Хувь заяаны тохиол уу. Яаж яваад тоодгор Равсал панзтай учирсан бол?   

-Энэ чинь 1982 оны үе юм байна. Тэр үед чинь би Дархан хотын Хүүхэд залуучуудын театрт жүжигчин байлаа. Найрамдлын Дархан гээд л оршин суугчид нь залуучууд, театр нь ч будаг нь ханхалсан шинэ гээд их сайхан он жилүүд байж дээ. Тэгээд Орос, Болгар гээд мэргэжилтнүүд ихтэй, хаашаа л харна оргилсон их хүсэл тэмүүлэлтэй, дуутай хууртай цаг үе байлаа. Ёстой л энэ сайхан урлагтай амьдралаа холбож, өдий олон жил жүжигчин хэмээн дуудуулж яваагийн минь ач буян, аз хийморь нь л Равсал панзын минь дүр юм даа. Тоглосон дүрээрээ ард түмэндээ танил болж, нэрээр нь дуудуулж яваа аз жаргалыг их олон жүжигчин амсч чадаагүй гэж би бодож явдаг шүү. Би одоо ч зарим үед Б.Магсаржаваа гээд зарим хүн жинхэнэ нэрээр минь дуудахад энэ чинь юу билээ гээд зогтусаад байдаг юм. Равсал гэдэг нэр тэгж л жинхэнэ нэрээ мартахад хүртэл миний ой тоонд шингэсэн байгаа юм даа. Хөгийн гэмээр юм их тохиолдоно оо.  Хорооны дарга хүртэл “Равсал танаа” гээд мэдэгдэх хуудас хүнээр өгүүлээд явуулчихсан л байсан.

-“Гарьд магнай” киноны зохиолыг хэн бичсэн билээ. Арай танд зориулж Равсал панзын дүрийг бичсэн юм биш байгаа?

-Кино зохиолыг нь Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Хишигт гуай нар бичсэн л дээ. Анх бол Ш.Сүрэнжав, Д.Хишигт гуай нар эрийн гурван наадмын талаар гурвалсан кино хййгээд “Гарьд магнай”-даа тоглосон жүжигчдээ солихгүй гурван кино хийе гэсэн юм билээ. Тэгтэл найруулагч Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар гуай “Далайцэрэнгээрээ нум сум харвуулахгүй” гэж зөрөөд жүжигчдээ сольж өөр өөр кино хийсэн гэдэг юм.

-Тэгвэл Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар гуайн нүдэнд та Равсал панзын дүрээр л харагдаад байж дээ?

-Үнэндээ яг л тэгсэн юм билээ. Хөдөөгүүр бригадаар явж байгаад ирсэн чинь И.Нямгаваа маань голоор нь эвхчихсэн 48 мөнгөний дэвтэр өгөөд “Ж.Бунтар гуай чамд өг гэсэн юм шүү. Равсал гэдэг хүний дүрд чи тоглох юм байна. Гэхдээ чамд тохирохгүй дүр дээ” гэлээ шүү. Тэгэхээр нь би нөгөө дэвтэрийг нь аваад их л дурамжхан уншиж байлаа. Тэр үед би Дарханы Хүүхэд залуучуудын театрын гоцлол жүжигчин 100 төгрөгийн цалинтай, манай И.Нямгаваа Ерөнхий найруулагч хийдэг том хүн байлаа шүү дээ. Удсангүй И.Нямгаваа дуудаад за чамд хоёр сарын цалинтай чөлөө өгсөн. Нягтлангаас мөнгөө аваад хурдхан Улаанбаатар яв гэлээ.  Би ч уухайн тас 2000 гаруй төгрөг тоолж аваад, 1000-ыг нь хармаалаад шөнийн галт тэргээр Улаанбаатар явж байлаа.

-Таны “Гарьд магнай”-н Равсал панзын дүрийг проба-гүй авч байсан гэлцдэг?

-Үнэн л дээ. Хамгийн анх гээсэн ачааг Далайцэрэн уулын орой уруу үүрдэг хэсгийн зургийг авч байлаа. Тэр үед Ж.Бунтар найруулагч “За Магсаржав аа чи жүжиглэж, маяглалгүй яг өөрөө байгаагаараа л бай. Чи бол зүгээр л Равсал” гэсэн юм. Би ч байгаагаараа л тоглосон. Оператор Г.Маш, найруулагч Ж.Бунтар гуай эд нар дараа нь Равсал панзын дүрийг ерөөсөө бодоогүй. Шууд л Дарханы Хүүхэд залуучуудын театрт нэг тийм нөхөр яваад байдаг. Ерөөсөө л тэр гээд тохирчихсон байсан гэдэг юм билээ. Уначихсан ачааг би долоовор, дунд хуруугаараа оролдсоор задлан, Далайцэрэн үүрсээр уулын орой дээр гардаг хэсгийн зургийг авсны дараа Ж.Бунтар гуай “Их баярлалаа. Би ч Равсал панзынхаа дүрийг алдсангүй дээ” гэж надад хэлсэн нь өчигдөр л болоод өнгөрсөн юм шиг нүдэнд минь харагдаж байдаг юм даа.

-Ж.Бунтар гуай дэлгэцэнд гараагүй байхад нь л миний кино, их сайн кино болно гэж баримжаалж байж дээ. Найруулагчаасаа тийм сайхан үг сонсоно гэдэг ч олон жүжигчний эдэлдэг шагнал биш байх л даа?

-Зургийн талбай дээр бол найруулагч гэдэг хаан л гэсэн үг шүү дээ. Одоог бодвол залуу ч байж. Гэхдээ л бид нар чинь ёстой ухаан алдчихдаг байж билээ. Ж.Бунтар гуайн тэр урмын үг ажил, амьдрал, ер нь л бүх насанд минь урагш нь чангаах их эрч хүчийг өгсөөр ирлээ.

-“Гарьд магнай” кино тэр үедээ шуугиан тарьж, одоо ч үнэ цэнээ алдаагүй бүтээл. Кино зураг авалтын үеэр хөгжилтэй явдлууд их тохиолдож байсан байх даа?

-Яах аргагүй л монгол кинонд нэрээ мөнхөлсөн сайхан кино болсон л доо. Ж.Бунтар, Г.Маш гээд ланжгарууд маань талийгаач Алтангэрэл, Б.Батдорж гээд бид хэдийг дэлгэцэнд мөнхөлсөн гавьяатай хүмүүс. Санаанд үлдсэн хөгтэй тохиолдол гэвэл Ж.Бунтар гуай намайг айрганд толгойгоороо дүрүүлдэг хэсгийн зураг авалтын орой “За сайхан айраг шүү. Уугаад байгаарай” гэсэн чинь Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай, “Цагаан Жигмэд”-д тоглодог аймгийн арслан Г.Отгонсэлэнгэ нараас авхуулаад “За Равсалын толгойг дүрчихсэн, хөлстэй айргийг хэн ууж байдаг юм” энэ тэр гээд л байсан юм. Харин өглөө бостол нөгөө айргийг чинь бүгдийг нь суллаж уугаад хоёр дөчийн бидоныг нь гэр дээр гаргаад тавьчихсан байж билээ. Ер нь “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” эд нар шиг л нүсэр том кино групп гарч байсан юмдаг.

-“Гарьд магнай” киноны зургийг аль аймгийн нутагт авсан юм бэ. Тэр үед хөдөөгийн ардууд кино группын ажлыг тун их сонирхдог байсан даа?

-Архангай аймгийн нутаг, Их тамирын тэр хавиар л авсан даа. За тэр жил ч зуншлага сайтай, цэцэгс алагласан маш сайхан цаг үе таарсан юм. Газар орон гэж үнэхээр ярих юм байхгүй сайхан байсан.  Өө, тэр үед хөдөөгийн ард түмэн чинь кино группын хамт олонд идээнийхээ дээжийг бариад л ирдэг байсан. Тарваганы боодог, айраг цагаа гээд аль л өнгөтэй, өөдтэй бүхнээ харамгүй бариад ирдэг их сайхан цаг байсан. Хөгтэй явдал ч багагүй гардаг байлаа. Нэг удаа миний унаж явсан морь бусгаад сүйд болов оо. Тэгсэн чинь Далайцэрэнгийн хадам аавд тоглосон Монгол Улсын гавьяат жүжигчин Р.Дамдинбазар агсан өөрөө айгаад хувхай цагаан болчихсон мөртлөө намайг цаашлуулах санаатай “Үгүй нөгөө Магаа яачихав аа. Тэр ч одоо баларсан байх аа” гэчихсэн олны инээд доог болоод явж байж билээ. Тэр үед Архангай аймгийн 60 жилийн ой болоод, сумдууд нь түрүүлээд наадмаа хийж байсан юм. Долоодугаар сарын 3-нд бид нарын байсан Их тамир сум наадмаа хийсэн юм. Өглөө эрт наадмынх нь талбайд бид хэд оччихоод хүлээгээд л байлаа. Хөдөөгийнхөн чинь их аажуухан хүмүүс шүү дээ. Цагаан Жигмэдэд тоглосон аймгийн арслан Г.Отгонсэлэнгэ, Молиг Очирт тоглосон талийгаач Алтангэрэл хоёр чинь нэг нь Их тамирынх, нөгөөх нь Өндөр-Улаан сумын хүмүүс л дээ. Далайцэрэнд тоглодог Б.Батдорж  чинь тэр үед дөнгөж 18 настай данхайсан том залуу байлаа. Тэгээд л бид Их тамирын наадмын түрүүг баараггүй авна гэж хөөрцөглөж очихгүй юу даа. Эхний гурван давааг ч Алтангэрэл маань торох юмгүй л давсан. Тэгсэн чинь Г.Орхонсэлэнгэ “За би аймгийн арслан юм чинь энд байгаа нэг сумын зааныг амлаж авна. Тэгж явсаар үзүүр түрүүнд чи бид хоёр үлдэнэ шү ү дээ” гэж Алтангэрэлдээ хэлсэн байгаа юм. Тэгсэн чинь дөрвийн даваанд өнөө хоёр чинь оноолтоор таарчихгүй юу. Манай талийгаач Алтангэрэл чинь ямар ч муу санаагүй, ёстой нэг киноныхоо дүр шиг сайхан Монгол эр хүн байсан л даа. Тэгээд олон таван үггүй өнөө Г.Орхонсэлэнгээ ганцхан хавсарч цохиод унагачихдаг юм байна. Г.Орхонсэлэнгэ жигтэйхэн уурласан. Ямар сайндаа л “Чи муу мангар. Нэг нутаг усных байж, бүр нэг муу царайгүй амьтан” гээд боож үхэх дөхөж билээ.

-Бусад жүжигчдээ яажшуухан сонгож авсан юм бол. Бас л тан шиг бэлэн явж байсан юм болов уу?

-Маш нарийн сонгож авсан юм билээ. Зөвхөн намайг бригад явчихсан хойгуур сандраад Равсалын дүрд л гэхэд 40 гаруй хүнээс проб авч үзсэн байдаг. Ардын жүжигчин А.Очирбат, Дүлзэнд тоглодог талийгаач Готов, дуурийн дуучин, Ардын жүжигчин Жамьянжав агсан гээд олон хүнийг проб хийж үзсэн юм билээ. Тэгээд Ж.Бунтар гуай тэр олон хүнийг үзэж, харж байснаа “Өө ерөөсөө л энэ байна шүү дээ. Өөр хүн хэрэггүй” гээд л намайг сонгож байсан юмдаг. Б.Батдоржийн хувьд бол Алдар нийгэмлэгт оччихсон, 18-хан настай улаан хамартай цэрэг л байсан. Одоогийн УИХ-ын гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хүртэл Далайцэрэнгийн пробонд ороод хасагдаж байсан юм.

-Талийгаач Алтангэрэлийг ёстой нэг сайхан монгол эр хүн байсан гэдэг. Хамт кинонд тоглож жаргал зовлонгоо хуваалцаж явсны хувьд тэр хүний талаар ямар бодолтой явдаг вэ?

-Яах аргагүй ёстой нэг хүний хайлан байсан даа. Архангай аймгийн Тариатын хүн л дээ. “Гэрлэж амжаагүй явна” кинонд белазын жолооч болж тоглодог шүү дээ. Ерөөсөө амьдрал дээрээ манай талийгаач чинь яг л тийм хүн байсан юм шүү дээ. Нэг тийм хээгүй гүдэсхэн, түс тас зантай, олон таван үггүй, тэгээд ёстой нэг нүд дүүрэн жинхэнэ сайхан монгол эр хүн байсан л даа. Бурхан багш түрүүлээд л сайн сайхан хүмүүсийг нь түүгээд аваад явчихдаг гэж их үнэн үг юм даа. Талийгаач маань “Гарьд магнай” киноныхоо нээлтийг ч үзэж чадаагүй юм шүү дээ. Уг нь жолооч хүн байсан л даа.  Театрт нэг хэсэг ажил хийгээд одоо хүүхдүүд  том боллоо гээд Архангайн баазад жолооч хийж байсан юм. Тэгээд аваарт ороод өнгөрчихсөн юм даа, зайлуул. Эхнэр нь Улсын банкинд ажиллаж байгаад талийгаачаас хойш бас л нэг их удалгүй бурхан болсон доо хөөрхий. Эднийх зургаан өнчин хүүхэдтэй айл. Ёстой энд ач гавьяаг нь дурдахгүй өнгөрч болохгүй хүн бол Далайцэрэн буюу Б.Батдорж байгаа юм.

-Энэ талаар жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Далайцэрэнд тоглосон Б.Батдорж уг нь Булганы хүн л дээ. Хувь заяа тэр хоёр хүнийг холбож талийгаач ааваас нь хойш зургаан хүүхдийг нь ёстой л хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэж яваа хүн бол Б.Батдорж л байгаа юм. Б.Батдоржийн эхнэр нь Д.Амгаа зааны дүү Д.Батгэрэл гэж эмч бүсгүй байгаа. Уг нь кино гарсны дараахан бид хэд чинь нэг хэсэг холбоо тасарсан л даа. Тэгсэн чинь Б.Батдорж маань Эрдэнэтээс шилжээд Улаанбаатарын иргэн болсон байсан. Одоо бол тэдний хамгийн хүндтэй зочин нь ах нь шүү дээ.  

-Одоо та чөлөөт уран бүтээлч гэдэг данстай л яваад байна уу?

-Төв аймгийн театрт жил хэртэй ажилласан л даа. За тэгээд зоргоороо байгаад сурчихсан хүн чинь жаахан ч гэсэн дарамт, шахалтад байж чадахгүй юм билээ. Тэгээд ч нэг үеэ бодвол нас минь явчихлаа шүү дээ. Би чинь таван хүү, хоёр охинтой хүн. Бага нь л гэхэд 20 хол гараад явчихлаа. Хань минь нэлээн хэдэн   жилийн өмнө бурхан болсон. Хоёр идэхгүй, охидуудынхаа хүүхдүүдийг хараад  хоосон харайлгахгүй том охиныхоо хоёр бандийг хараад амьдарч л явна.

-Таныг 2006  онд Ард түмний гавьяат цолоор шагнасан. Тэр үед юу бодогдож байсан бол?

-Дарханы театрт байхад хоёр удаа Монгол Улсын гавьяат жүжигчинд тодорхойлсон юм билээ. Тэгээд яах вэ дээ. “Уудаг, иддэг” гээд л Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон дээр буусан даа. Тэр үед “За надад ирэх ёсгүй л шар тэмдэг юм байгаа биз” гээд ерөөсөө хүлээдэггүй болчихсон байсан л даа. Харин тэгсэн тэр оныхоо долоодугаар сарын 4-нд эмнэлэгт хэвтэж байсан чинь нэг хүн утасдаад долоодугаар сарын 6-нд хүрээд ир л гэсэн. Би ч нэг их тоогоогүй тэгээд л өнгөрсөн. Харин тэгсэн долоодугаар сарын 14-нд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд дуудаж аваачаад тэр олон хүний нүдэн дээр “Ард түмний гавьяат” цолоор шагнаж байлаа. Хүн чинь бас дотроо горьдоод л явдаг юм байна лээ. Хөөрхий аав ээж хоёр, хань минь байсан ч болоосой гэж бодохоор өөрийн эрхгүй  нүдний нулимс урсаад байсан. Одоо ч гэсэн би үнэхээр их баярласаар явна. Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа, “Ард түмний гавьяат” Ж.Нэргүйбаатар хоёр нэг удаа бильярд тоглож л дээ. Тэгсэн чинь Б.Батзаяа жаахан дээрэлхэх янзтай байхаар нь Ж.Нэргүйбаатар “Чи муу төрийн гавьяат л юм биз. Би бол түмний гавьяат шүү” гэсэн байгаа юм. “Ард түмний гавьяат” гээд бодохоор л цээжинд нар мандах шиг болж явна даа ах нь.

-Харин Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хэдэн онд албан ёсоор хүртсэн билээ?

-Тэр их сонин юм болсон. 2010 дол­ду­гаар сарын 9-ний орой “За тоодон панз гавьяат болж.11-нд ирж тэмдгээ аваарай” гэдэг байгаа. Би ч итгээгүй. Тэгсэн “Ерөнхийлөгчийн Тамгын газ­раас ярьж байна” гээд нэг хүүхэн ярьж байна. Бас итгэж өгдөггүй. Тэгээд Төрийн ор­донд яваад очтол Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж яах аргагүй гавьяат цолыг минь зүүж өгсөн. Тэр үед сайхан цаг ирж байгаа юм байна гэж бодог­доод сайхан байсан. За тэ­гээд гавьяатын­хаа тэмдгийг зүүгээд хүн бүр баяр хүргээд цайллага хий­сэн. Энэ муу байшинг өргөчих гээд л хүн бүр ирж баяр хүргээд сайхан байсан даа.

-Нэг хэсэг таныг өвгөнтийн хөндийд архи ууж явна гээд л шуугисан. Та үнэхээр тэгж их архи уудаг байсан хэрэг үү?

-Урлагийн бид чинь гомдох, баярлах нь амархан нэг ёсондоо хүүхэд шиг сэтгэхүйтэй болчих юм байна шүү дээ. Тэгээд амьдралын хүнд хэцүү үе хэнд ч тохиолддог л доо. Хань ижлээ алдчихаад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, амьдрал тэр чигээрээ ямар ч утга учиргүй юм шиг болж, дотор харанхуйлж явсан хүнд өдрүүд байсан. Тэр үедээ гашуун усыг нэлээн сүрхий балгаж явснаа нуухгүй. Харин би хэзээ ч хэн нэгэнд муу санаж, муухай хэрэг хийж явсангүй. Энд тэнд нийгмийн бүх л давхаргын найз нөхөд надад хангалттай олон бий. Тэдэнтэйгээ ууж наргиж явсан нь тоймгүй. Би чамд нэг сонин юм яръя. Манайд Говь-Алтайн нэг тууварчин өвгөн ирдэг байлаа. Тэгсэн нэг удаа нөгөө өвгөн хананд өлгөөтэй байсан Хөдөлмөрийн хүндэт медалийг харчихаад “Би насаараа мал туугаад аваагүй байхад чи ийм залуугаараа хоёрыг авчихсан байдаг” гээд л үглээд байсан. Тэгэхээр нь би юу ч бодолгүй нэгийг нь аваад энгэрт нь зүүж өгөөд л явуулчихсан. Төр засгаас Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одонг тус бүр хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, түмэн олноосоо “Ард түмний гавьяат” цолыг, төр засаг, эрхэм Ерөнхийлөгчөөсөө албан ёсоор Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм сайхан цол шагналыг нь гардан авлаа. Урлагийн буян, долоон хүүхдийн минь заяа түшээд сайн сайхан л амьдарч явна. Хүнд ер нь үүнээс өөр юу хэрэгтэй билээ дээ, тийм үү.

-Та одоо Буянт-Ухаа хорооллын байрандаа амьдарч байна уу?

-Ах нь хэдэн хүүхэдтэйгээ Нарантуул II захын ойролцоо гэр хорооллын шавар байшинд тохь муутайхан амьдарч байсан нь үнэн. Тэгсэн чинь өнгөрсөн зуны наадмаар ТОСК-аас уриалга гарган “Равсал панзад” байр бэлэглэх аяныг өрнүүлж, ТОСК-ийн Ерөнхий захирал А.Гантулга нэг сарынхаа цалинг, харин тус байгууллагын ажилтан албан хаагчид нэг өдрийнхөө цалинг хандивласан юм шүү. Мөн түүнчлэн БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл болон ҮББК-ийн ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат нарыг уриалан дуудаж тэр маань ч уриалгахан дэмжсэнээр өнөөдөр тохилог сайхан байранд амьдарч байна.

-За дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн танд гялайлаа?   

-Өвгөн намайг гололгүй сэтгэлээ уудалсан ярилцлага өгөх боломж олгосон дүүдээ ч баярлалаа. Танай уншигчдын сэтгэлд нийцвэл л болох нь тэр дээ.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.