Плей-оффын ширүүн тулаан өнөөдөр эхэллээ

2016 оны 04-р сар 17-нд 11:29 цагт
Мэдээний зураг,

Далайн чанадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн 2015-2016 оны улирлын тойргийн тоглолт өндөрлөсөн. Харин өнөөдөр плей-офф буюу хасагдах шатны тоглолт эхэлж байна. Улирлын турш гайхалтай амжилт үзүүлж, тойргийн 82 тоглолтоос 73 хожиж, 9 хожигдсон “Голден Стэйт Уорерз” бүсийнхээ наймдугаар байраар гарсан “Хьюстон Рокетс”-той эхний тоглолтоо хийлээ.

Талбайн эзэд аваргаа хамгаалан тоглож буй, улиралд олон дээд амжилт тогтоосон, С.Карри улирлын “MVP” буюу хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагнал авах магадлал өндөр зэрэг “Голден Стэйт Уорерз” сэтгэлзүйн тал дээр зуун хувь бэлтгэгдсэн байсан. Харин зочин багаас шилдэг тоглогчид нь бүгд талбайд гарсан ч ялагдлаа. Ингээд С.Карри 24 оноо, 7 самбар, К.Томпсон 16 оноо, 5 самбар, Д.Грин 12 оноо, 10 самбар, М.Спейжитс 12 оноо авч өрсөлдөгчөө ялахад чухал үүрэг гүйцэтгэлээ.

Тэгвэл “Пуужингууд”-аас Ж.Харден 17 оноо, Д.Ховард 14 оноо, 11 самбар, К.Капела 3 оноо, 12 удаа самбараас бөмбөг авч багийн бусад нөхөд хариуцлагатай цаг үед тун хангалтгүй байж 104:78-аар “Хьюстон Рокетс” ялагдсан.

Мөн өнөөдөр 2015-2016 оны плей-оффт учраа таарсан “Торонто Рэпторс” талбай дээрээ “Индиана Пэйзерс”-тэй тоглосон ч хожигдсон. Зочин багаас П.Жорж 33 оноо авч шилдэг тоглолтоо үзүүлснээр 100:90-ээр хүчтэй өрсөлдөгчөө хожсон юм.

Айлын талбайд ялалт байгуулна гэдэг том давуу тал учир “Индиана” плей-оффын хоёрдугаар шатанд шалгарах алхам нэгээр ойртож байна. Харин дорнод бүсийн “Атланта Хаукс” гэртээ “Бостон Селтикс”-тэй хүнд тоглолт хийж 102:101 буюу ердөө нэг онооны зөрүүтэй хожлоо. Энэ хоёр баг бүсийнхээ 4, 5-р байраар гарсан чансаа ойролцоо учир хамгийн ширүүн өрсөлдөөнийг гаргана гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 

Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.