The Boston Globe: Трамп хэрвээ АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол

Twitter Print
2016 оны 04-р сар 12-нд 15:12 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп хэрвээ энэ сунгаанд ялбал Америкийн ойрын ирээдүй ямар байхыг The Boston Globe сонин наргиан болгон “төсөөлсөн” байна.

Сэтгүүлчдийн үзэж байгаагаар, хэрвээ тэр тохиолдолд америкчууд төдийгүй дэлхий дахины ирээдүй тун бүрхэг байх аж.

2017 оны дөрөвдүгээр сар хэмээн дугаарласан уг сонины нүүрэнд сэтгүүлчид цагаачлалын асуудлыг юуны түрүүн хөндөж, наргиан болгосон байх бөгөөд тэдний сэтгэснээр уг дугаарын тэргүүн нүүрэнд "Албадан гаргах ажиллагаа эхэллээ" гэсэн гарчигтай нийтлэл тавьж,  Дональд Трамп сонгуулийн өмнөх амлалтдаа хүрч цагаачлалын албаны ажилтнуудын тоог гурав дахин өсгөх үүрэг даалгавар өгсөн байх юм гэнэ. Харин тэр үед цагаачдыг албадан гаргах Трампын хөтөлбөрт 11,3 сая хүн хамрагдсан байх бөгөөд АНУ-ын шинэ ерөнхийлөгч уг асуудлаар хоёр жилийн хугацаанд 400 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөсөн байх аж.

"Та бүхний толгой эргэж унахаар тийм их хурдтайгаар бид цагаачдыг хөөж гаргах болно" ерөнхийлөгч Трамп мэдэгдээд, "Гэхдээ бүгдийг хүн ёсны дагуу хийсэн байх болно" гэсэн байх бол энэ үеэр Цагаан ордоны гадна мянга мянган жагсагчид майхан дүүргэсэн эсэргүүцлийн хотхон байгуулсан байх бөгөөд Вашингтон хотын төв Лафайет талбайгаас нулимс асгаруулах эхүүн үнэртэй хий үнэртсээр байх гэнэ. Тэрчлэн америкийн хэд хэдэн хотуудад хөл хорио тогтоосон байна.

Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр ч нөхцөл байдал тун түгшүүртэй байх бөгөөд АНУ Хятад Мексикийн эсрэг худалдааны дайн зарлахад хүрсэн байна гэж сэтгүүлчид төсөөлж байгаа аж. Учир нь Трамп хэрвээ еөрнхийлөгч болж чадвал Хятадын бараа бүтээгдэхүүнд 45 хувийн гаалийн өндөр татвар тогтооно гэж мэдэгдэж байсныхаа дагуу араг хэмжээ авсан байх юм гэнэ. Хятадын эрх баригчид харин 2017 оны дөрөвдүгээр сард түүний энэ арга хэмжээг зүгээр орхихгүй гэж мэдэгдсэн учир "хөрөнгө оруулагчид эмээж, дэлхий дахины эдийн засгийн уналт гарцаагүй тулж ирлээ" гэж хэвлэлд бичсэн байх ажээ.

 

Сэтгүүлчид тэрчлэн "Лалын улс" террорист бүлэглэлийн эсрэг явуулах цэрэг дайны ажиллагааг шүүмжилж, Америк цэргүүд “Лалын улс” бүлэглэлийн талд тулалдаж буй төрөл садангуудынхаа аминд хүрэхээс татгалзаж байгаа тухай өгүүлэл бичиж, Пентагонаас армийн бие бүрэлдэхүүний сахилга журам бүр алдагдаж, тушаал гүйцэтгэхээс татгалзаад зогсохгүй эсэргүүцлийн жагсаал хийх гэж байгаа мэтээр Трампыг егөөдөн баахан даажигнасан байна. Харин Дональд Трамп энэ бүхэнд тун их бухимдан хилэгнэж байгааг The Hill сонин тэмдэглэсэн байна. 

 

"Энэ The Boston Globe гэдэг ер нь юу юм бэ? Намайг ерөнхийлөгч болсон цагт бүх юм орвонгоороо эргэнэ гэж эргүү тэнэг зүйл бичиж байх юм" гэж тэрээр дөрөвдүгээр сарын 10-нд  Нью Иоркт болсон сонгуулийн компанит ажлын цуглаан дээр мэдэгдсэн байна. Энэ худал хуурмаг гүтгэлгийнхээ төлөө уг сонин маш их шүүмжлэл хүлээн авна гэдэгт итгэлтэй байна гэж тэрээр хэлсэн байна.

Сонирхолтой нь ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа ойртох тусам Дональд Трамп илүү шийдэмгий, ширүүн ааш авиртай болсоор байгаа бөгөөд ирэх зун хуралдах Бүгд найрамдах намын их хурлаас өмнө удаа дараагийн “primaries” буюу урьдчилсан сонгуулийн шатанд ялалт байгуулж амжихаар шавдсаар байгаа аж. Хамгийн гол нь тэрээр  одоо үргэлжлэх праймеризуудад муж улсуудын төлөөлөгчдөөс зайлшгүй шаардлагатай 1237 санал авч чадах шаардлагатай.

АНУ-ын бүх 50 муж улсын сонгуулийн шатанд Трамп тэргүүлж чадлаа гэхэд нийт төлөөлөгчдийн саналыг авах ёстой юм. Хэрвээ санал бүрдсэн цагт Америкийн хэвлэлийнхний “зөгнөл” биелж Дональд Трамп АНУ-ын шинэ ерөнхйоөгчөөр сонгогдож магадгүй. Энэ нь нэг талаас бас хий хоосон зөгнөл ч биш, түүнийг АНУ-ын ард түмний язгуур эрх ашгийг илүү эрхэмлэж байгаа гэдгээр нь олонхи америкчууд илүүтэй дэмжиж байгаа учраас тус улсын 50 муж улсуудаас дийлэнхид Бүгд найрамдах намын урьдчилсан сонгууль өндөрлөж, олонхи муж улсуудын төлөөлөгчдийг саналыг татаж авч чадсан байна.

АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль орон даяар явагддаг ч  сонгогчдын нийт саналын тоо сонгуулийн эцсийн дүнд төдийлөн нөлөө үзүүлдэггүй. Энэ нь сонгуулийн коллегийн системтэй холбоотой. Сонгуулийн коллеги нь Конгресс дахь гишүүдийн тоотой /435 төлөөлөгч, 100 сенатор болон гурван сонгогч/ тэнцүү буюу нийт 538 төлөөлөгчтэй байдаг бөгөөд тэднийг муж бүрт хуваан байрлуулсан байдаг. Харин аль нэг муж улсын сонгогчдын тооноос хамаарч төлөөлөгчдийн тоо ялгаатай байдаг ажээ. Хамгийн олон төлөөлөгчтэй муж улс бол Калифорни. Тус муж улсад нийт 55 төлөөлөгчтэй. Учир нь энэ муж улсын сонгогчдын тоо их байгаагаас тэр. Харин хамгийн цөөн нь гурван төлөөлөгч бүхий хэдэн муж улс байдаг байна.

Муж улс бүрт сонгуулийн ялагчийг тодруулдаг. Харин ерөнхийлөгчийн сонгуулийн гол онцлог нь “ялагч бүхнийг авна” хэмээх системд тулгуурладаг байна. Энэ нь аливаа муж улсад нэр дэвшигч ердөө ганц саналын зөрүүтэй ялсан тохиолдолд тухайн муж улс дахь бүх төлөөлөгчийн тоог авна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Калифорни муж улсад Дональд Трамп ялалт байгуулбал тус муж улсад оногдсон 55 төлөөлөгчдийн тоог шууд авна гэсэн үг. Энэчлэн бүх муж улсад санал хураалт дууссаны дараа эдгээр төлөөлөгчдийн тоог нэмж, дүнг гаргадаг. Ингэснээр 538 төлөөлөгчөөс 270-ыг нь авсан нэр дэвшигч ерөнхийлөгч болно гэсэн үг юм.

Энэ нь олон талын ашиг сонирхолтой холбоотой бөгөөд урьдчилсан сонгуулийн шат бүрт Трамп илт давуу ялалт байгуулсаар байгаад Бүгд найрамдах намын олонхи гишүүд, нэр дэвшигчид дүргүйцэж эхэлсэн учир Трамп энэ зуны их хурлаас өмнө коллегийн төлөөлөгчдийн шаардлагатай хэмжээний санал хурааж авахад бүх хүчин чармайлтаа тавьж байгаа аж. Мэдээж, АНУ-ын ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын нөлөө бүхий намуудаас нэр дэвшсэн гол өрсөлдөгчид ирэх зуны их хурлаас ялалтаа тодорхойлох учиртай.

Тэрбумтан Дональд Трампын гол өрсөлдөгч Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон ч мөн энэ зуны их хурлаас өөрийнхөө чансааг мэдэх болно.

Харин Дональд Трамп АНУ-ын дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдох магадал өндөрсөж байгааг гадаадын хэвлэл мэдээллүүд ч онцолж байсан бөгөөд Японы гадаад харилцааны яам сонгуульд хэрвээ Дональд Трамп ялсан тохиолдолд түүний ойр дотны хүрээлэгчид, дэд ерөнхийлөгч, төрийн нарийн бичгийн даргын албан тушаал болон бусад чухал албан тушаалд хэнийг томилж болох талаар мэдээлэл цуглуулах ажлыг идэвхижүүлж ирсэн тухай мэдээлэл тарж байсан билээ.

Харин одоо Америкийн нийт сонгогчдын санал сонгуулийн эцсийн шатны үр дүнд төдийлөн нөлөөгүй, хамгийн эгзэгтэй шийдвэр тэргүүлэх намуудын энэ зуны их хурлаас гарах нь тодорхой байна. Тиймээс Америкийн шинэ ерөнхийлөгчөөр чухам хэн тодрох нь ирэх наймдугаар сарын эхнээс тодорхой болно. Гэвч Трамп тодорвол яах бол, The Boston Globe-ийн “зөгнөл” биеллээ олж, америкчууд болоод дэлхий дахины байдал хүндрэх эсэх нь хэр бодитой асуудал байх бол…

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.