МАН-ын бүлэг хууль бус үйлдэлдээ хариуцлага хүлээ

Twitter Print
2016 оны 04-р сар 11-нд 15:16 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболдод өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан албан бичиг хүргүүлсэн. Тэгвэл уг шаардлагын хариуг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өгчээ. Албан бичигт МАН-ын бүлгийг хэт улстөржсөн дүгнэлт гаргаж УИХ-ын баталсан аливаа шийдвэрийн өмнөөс УИХ-ын даргыг буруутгах үндэслэлгүй гэжээ.

Мөн “УИХ-ын даргын зүгээс хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын гишүүдэд бүгдэд нь тавьдаг зарчмын шаардлага, сануулгыг ялгаварлан гадуурхсан, дайрч доромжилсон гэх мэтээр МАН-ын бүлгээс мушгин гуйвуулсан тайлбар хийжээ. Үүнээс гадна Ардчилсан намын дотоод үйл ажиллагааг буруугаар тайлбарлаж, гүтгэлэг зохион байгуулж, УИХ-ын үйл ажиллагаатай хольж хутгаж байгаа нь улс төрийн соёлгүй, ёс зүйгүй үйлдэл гэж дүгнэж байна. Мөн МАН-ын бүлэг УИХ-ын даргыг ээлжит бус чуулган зарлаж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэж буруутгасан. Үүгээрээ МАН-ын бүлэг төрийн эрх барих байгууллагын хооронд зохиомол хэрэг үүсгэж, улс төрийн ашиг хонжоо олохыг санаархаж байгаа хууль бус үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой" гэжээ.

Цөмийн хаягдлыг хориглох хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлснийг МАН-ын бүлэг мэдэн будилж, гуйвуулан тайлбарлаж байгаа нь асуудлыг шийдвэрлэх гэхээсээ илүү шийдвэрлэхгүй байх, ээлжит бус чуулганд оролцохгүй буруугаа улстөржүүлэн халхавчлах гэсэн явуургүй оролдлого гэж харагдаж байгааг АН-ын бүлэг онцолжээ.

Үүнээс гадна МАН удаа дараа ирцээрээ бойкот хийж байгаа үйлдлийг парламентын түүхэнд байгаагүй, сонгогчдын сонголтод хүндэтгэлгүй хандсан хариуцлагагүй үйлдэл гэж дүгнэж байгаагаа мэдэгдсэн байна.

Эцэст нь УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлага нь УИХ-ын даргын зарчмын шаардлагад эмзэглэсэн, үйл ажиллагааг нь зориуд мушгин гуйвуулсан, бодит баримтгүй, хувь хүний нэр төр болон ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон агуулгатай, утга авцалдаа муутай, сонгууль дөхсөнтэй холбогдуулан хийсэн улс төрийн тоглолт гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.