
_________________________________________________________________________________________________________________________________________________________
Ийм нэг сүржин нэртэй даржин мэдэгдэл уншаад өөрийн санал бодлоо нэмэрлэмээр санагдлаа. Үнэндээ энэ мэдэгдэл гэхэд дэндүү өрөвдөлтэй, бас оюун ухааны хомсдолтой хэдэн хүн тойрч суугаад бичсэн болов уу гэмээр энэ хэдэн өгүүлбэрийг хэлхсэн хүмүүсээс хэдий болтол бид өнгөрсөн зуунаараа байх вэ, хэзээ бид өнгөндөө үндэсний спорт нэртэй дүндээ хүүхдийн амь нас, эрүүл мэндээр тоглодог хурдан морины уралдаан хэмээх зэрлэг зугаа цэнгэлээс салах вэ гэж асуумаар байна.
Бид социализм хэмээх нүд боолттой, хүүхдийн эрх гэж мэддэг ч үгүй тийм харанхуй бүдүүлэг нийгэмд амьдарч байхдаа “Эрийн гурван наадам гэдэг гайхамшигтай уламжлалт баяр бий. Хурдан морийг нь дөнгөж 4, 5 настангууд унадаг юм даа. Монгол хүн морин дэл дээр өсч, морин дэл дээрээ хальдаг гэж хэн ч хэлсэн юм бүү мэд мундаг “ухаантай” үгээр бахархан гадаадынхны өмнө таахалзаж, зуун дамжин үр хүүхдийнхээ халуун амь, эрүүл мэндээр наадсаар ирсэн дэндүү гэхэд дэндүү энэрэнгүй бус ард түмэн.
Бидний бахархлыг дэлхийн соёлт хүн төрөлхтөн гайхаж, бас арай ч дээ гэж толгой сэгсэрч, зуун дамжсан уламжлалыг маань хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгө, хүний эрхийг дээд зэргээр бүдүүлгээр зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж, хардагийг хэл ус сурч, гадаад дотоодод явж үзээд мэдэж, ихэд ичиж билээ.
Үүнийг бичигч би бээр 2000-аад оны эхээр АНУ-д хэсэг хугацаанд сурч, амьдарч, соёлт хүн төрөлхтний соёл, иргэншилээс бага боловч суралцаж, мэдрэх завшаан тохиосон билээ. Тэнд амьдарч байхдаа хүүхдүүдийнхээ сурдаг сургуульд туслах багшаар ажиллаж, оюуны болон бие бялдарын хөгжил дорой хүүхдүүдэд хичээл номоо гүйцэхэд нь туслаж байсан нь миний амьдрал нүд нээсэн олон чухал үйл явдлын эхлэл байсан юм. 6-р ангийн хүүхдүүд Нийгэм судлалын хичээлээр дэлхийн улс орнуудаас нэгийг сонгож тухайн орныхоо түүх, нийгмийн байдал, ард түмний ахуй амьдрал, ёс заншил, уламжлал, баяр ёслол гээд бүхий л сонин содон зүйлүүдээр цогц танилцуулга бэлдэж, зураг хөргөөр чимэглэж авчрах, тухайн орны тухай сонирхсон бусад сурагчдын болон багшийн асуултанд хариулахад бэлэн мэдээлэлтэй ирэх гэсэн үүрэг даалгавар авсан юм. Миний дааж авсан хүүхэд шууд л “би Монгол орныг сонгоё, та надад туслаарай” гээд хоёулаа Монгол орны тухай, монголчуудын тухай бүхий л зүйлүүдийг ярилцаж, бэлдсэн. Тэгээд би уламжлал, ёс заншил, нүүдэлчний үр удмаараа бахархаж ирсэн нөгөө Наадам гэдэг гайхамшигт баярынхаа тухай хүртэл сэтгэл хөдлөн ярьж өгөхөд Жессика нэртэй сөөвгөр шар охин намайг зогсоож, уучлаарай, та сая юу гэж хэлсэн бэ, би буруу сонсов уу, та 4, 5 наснаасаа хүүхдүүд хурдан морь унадаг гэж хэллээ. 14, 15 гэх гэсэн байх, тийм үү гэж лавлан асуугаад байхаар нь тун ч бахархалтайгаар чи зөв сонссон байнаа, би алдаж хэлээгүй гэсэн юм. Охин маргааш нь ирээд би аав ээждээ танай уламжлалт баяр, тэр дундаа маш жоохон хүүхдүүд морь унаж уралддаг тухай ярихад манай аав хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдийн хөдөлмөр мөлжиж, ашиглаж байгаагийн нэг хэлбэр гээд байна. Харин ээж Монголчууд үр хүүхдээ маш эрсдэлтэй байдалд оруулдаг юм байна. Тийм насны хүүхдүүд бие дааж шийдвэр гаргах чадваргүй, тэгэхээр хүүхдийн эрх зөрчигддөг юм байна гэж хэлж байна гэхээр нь "манай ард түмэн нүүдэлчин ард түмэн, морь, монгол хүн хоёрыг салгаж ойлгож болохгүй" энэ тэр гээд баахан дөвчигнөж байгаад танилцуулгаа хийлгэсэн биш анги, тэр байтугай хэдэн өдөр сургууль даяар сенсааци болж, тэр өдрөөс хойш намайг зэрлэг балмад улсаас ирсэн гэж хүлээж аваад байх шиг санагдаад нэг хэсэгтээ гайхаж, эргэлзсэн харцанд ээрэгдээд хэцүү байж билээ.
Жессика сэтгэлийн хөдөлгөөн ихтэй охин байсан бөгөөд Монголчуудын амьдрах дундаж наслалт эрэгтэй 60, эмэгтэй 65 гэдэг хэсэг дээр уйлж, намайг тэврээд "битгий Монгол руугаа буцаач, би танд хайртай, та Монголдоо очвол иймхэн наслаад үхэх нь байна ш дээ" гэсэнд олон хүүхэд дагаж уйлаад, улс орноо рекламдах гэсэн биш өөрөө хачин байдалд орж нэг хэсэгтээ өрөвдүүлж, хачирхсан харцан дунд явж билээ. Энэ түүхээс хойш би бодож байж юмаа ярьдаг, гадаад хүмүүсийн аж амьдралын хэвшил, үзэл бодол зэргийг харгалзан үзэж байж ойлгуулах гэсэн зүйлээ эвтэйхэн тайлбарлах хэрэгтэйг хатуу ойлгож билээ.
Би энэ түүхийг яагаад бичээд байна гэхээр энэхүү өрөвдөлтэй мэдэгдэл гээчийг бичигчдэд жаахан ч болов санаа өгөх гэсэн юм. Нялх хүүхдүүдээр хурдан морь унуулаад өвлийн идэр есийн хүйтэн тачигнасан цагаар уралдаан зарладагийг би хувьдаа хамгийн зэрлэг зугаа гэж үздэг. Зуны дэлгэр цагт ч адил эрсдэл гардаг боловч Монгол хүн л юм болохоор морь унаач хүүхэд тааралдвал өгөх гээд хэдэн чихэр боож аваад морины талбай зүглэдэг. Гэхдээ уралдаан үзэж бахдаж, баярлахаасаа илүү морь унаач халтар хүүхэд, сульдаж ядарсан морь хоёрыг өрөвдөж нулимс унагадаг хүн дээ, би.
Жилийн жилд л бид тэдэн хүүхэд мориноос унаж эндлээ, эмнэлэгт хүргэгдлээ гэж бүр ёстой юм шиг мэдээлсээр гөлийж гүйцжээ. Хоёр жилийн өмнө Төв аймгийн Лүн суманд аав ээжийнхээ өврөөс гараагүй шахам 9-хөн настай, хумсын чинээ хүү бурханаас заяасан ганцхан олдох амьдралаа энэ харгис хэрцгий зугаа цэнгэлийн золиос болгон алдсан тухай аймшигт мэдээг сонсч л байсан.
Хөхөө өвлийн хүйтэнд зохиогдсон хурдан морины уралдаанд хүүхдийн амь нас эрсэдсэн энэ харамсалтай явдал олныг доргионо, асуудал босно гэж хүлээж байтал цөөн хэдэн сэтгүүлч нар л өөрсдийн сонингоор дамжуулан энэ хурдан морины уралдаан нэртэй зэрлэг, бүдүүлэг зугаа, түүнд амь насаараа дэнчин тавин морь унан уралдаж буй амьдрал тарчиг айлын насанд хүрээгүй хүүхдүүдийн аймшигт хөдөлмөр, ар гэрийнх нь зовлонт амьдрал, айдас харамсалыг уншигч олонд сэтгэл шимширтэл дэлгэж, өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хийснээс бус энэ явдалд хэн ч, ялангуяа зохион байгуулсан морин спортын холбоо, хүүхдийн эрхийн төлөө дуугарах, түүний төлөө тэмцэх ёстой хүүхдийн эрхийн үндэсний төв нэртэй газруудын аль нь ч тоож ганц үг ган хийлгэж, дусал нулимс унагаагүй юмдаг.
Дээрх харамсалт явдлаас хойш 7 хонолгүй нөгөө Лүнгийн уралдаанаас хэд дахин том морин уралдаан болж, 10 хүүхэд мориноос унасан мэдээ гарав. Ингээд Монгол гэдэг улс ганц өвлийн морин уралдаанаар 2 долоо хоногийн дотор 1 хүүхдийг бурханы оронд нь буцааж, 10 хүүхдийг зэрэмдэг болгов. Морь уралдаж л байдаг, хүүхэд унаж л байдаг, тэгээд үхэж л байдаг, гэмтэж л байдаг дэлхийд цорын ганц Монгол наадам гээд огшроод, онгироод явдаг улс болсон нь даанч харамсалтай. Үнэндээ дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхах гэж тэмүүлж байгаа, даяаршсан 21-р зууны ардчилсан Монгол улсад ингэж амьдармааргүй байна.
Хууль тогтоол аваад үзвэл юуны түрүү Монгол улсын иргэн амьд явах эрх, эрх чөлөөг баталгаатай эзэмшинэ гэсэн Үндсэн хуулийн 16-ын 1-р заалт нүдэнд тусна. Зориулалтын бус, хад чулуу, ус шалбаагтай байгалийн замаар бороо шороо, цас шуурганд хар эрчээрээ 20 гаруй км давхиж яваа хүүхдүүдийн амь нас баталгаатай гэж хэн батлаж байгаа юм бэ? Бас нэг асуулт. Морь унаж яваад амь эрсэдсэн, гэмтсэн хүүхдийн хэргээс болж хэн нэгэн хүн, уяач, морины эзэн, эсвэл хүүхдээ эрсдэлтэй байдалд оруулсан эцэг эх, морин уралдаан зохион байгуулсан эрх мэдэлтэн шүүхээр орж ял шийтгүүлсэн гэж сонсож байсан уу? Хүүхдийн амь хуулийн гадуур оршиж, амьд явах эрхээ ч эдэлж чадахгүй байгаагийн буруутныг хуулинд яг юу гэж заасан юм бэ? Яагаад морины эзэн, уяач, арга ядахад өөрсдийнх нь хүүхдүүд морио унаж уралддаггүй юм бэ? Яагаад дандаа хар бор амьдралтай айлын хүүхдүүд хурдны морь унадаг юм бэ? Морь уналаа гээд тэд ямар цалин хөлстэй вэ? Морь унаж, уяа хэссэн хүүхдүүдийн хичээл ном завсардалтын асуудлыг сургуулиуд яаж шийддэг вэ, хэний заавар тушаалаар хичээлээс чөлөөлөгддөг вэ? Насанд хүрээд тэд хэн болдог вэ? гээд зөндөө асуултууд байна. Энэ тал дээр хууль барих дээд байгууллагын нөхдүүд хуулинд яаж тусгасан, хэрэв тусгаагүй бол бүр тусгайлан авч үзэж хуулиар зохицуулдаг системд нэн даруй шилжихгүй бол энэ асуудал ар араасаа олон хариултгүй асуултуудыг дагуулсаар байх болно.
Яагаад заавал ер нь хүүхдээр унуулдаг юм бэ? Том хүн унаад уралдвал даахгүй гээд байгаа юм бол морины уралдах замыг богиносгож болно ш дээ. Тэртээ тэргүй наадамч олон олон км зам туулж сульдаж ядарсан морь, тоос шороо, нулимсандаа халтартаж зүдэрсэн унаач хүүхдүүдийн барааг хатуу харуул хамгаалалтын цаанаас харсан болоод л буцдаг шүү дээ. Гэтэл ганцхан хөнгөн, давжаа биетэй, жижиг жоохон гээд үр хүүхдээ адгуус мал унуулаад давхиулчихдаг гэвэл нөгөө “үхэр монгол” нэрэндээ таарна биз дээ.
Цаашлаад хурдан морины уралдаан спорт мөн үү гэсэн асуудал зүй ёсоор босож ирнэ. Хурдан морины уралдааныг зохион явуулдаг, дүрэм журмыг нь баталсан газар Монголын морин спорт уяачдын холбоо нэртэй газар байдгийг бодоход Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн спортын нэг төрөл шиг. Үндэсний баяр наадмын тухай хууль гэдэгт заасныг харвал зөвхөн төрийн хүндэтгэлийн арга хэмжээ, найр наадам юм шиг. Гэхдээ энэ хууль баяр наадмын хурдан морийг 8-аас дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна гэсэн хүүхдэд хамаатай ганцхан заалттай. Бусад бүх заалтууд нь тийм шатны наадамд морь нь тэдэн удаа түрүүлсэн хүнд алдартаас авахуулаад тод магнай уяач хүртэл тоолшгүй олон цол гуншин хүртээх тухай л байх юм.
Иймэрхүү сэтгэлгээгээр хурдан морины уралдааны спортлог чанараас найр наадам, зугаа цэнгэл тал нь даваад ирвэл өнөө марзан хуулийн дагуу хүртсэн урт, урт цол гуншинтай алдарт уяачид хоосорч, аягүй бол аавын хаалгыг татаж мэднэ. Учир нь Хүүхдийн Эрхийг хамгаалах тухай хуулийн 25-ын 6-д хүүхдийг эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах тоглоом, наадамд оролцуулах үйл ажиллагаа явуулсан иргэн, албан тушаалтны олсон ашиг, орлогыг хурааж, 30,000-60,000 төгрөгөөр торгоно гээд дурайтал биччихжээ.
Хүүхдийн, цаашлавал малын амь насаар тоглодог хурдан морины уралдаан нэртэй энэ зэрлэг бүдүүлэг зугаа цэнгэлийг дээрх үндэслэлүүдээр нэн даруй зогсоомоор байна. Хаахад хэн эсэргүүцээд байгаа юм бэ, наадамчид уу, эсвэл дээрх мэдэгдлийг бичсэн хэдэн боловсролгүй бүдүүлэг хүмүүс үү? Цөөхөн тооны их хурал, засгийн газрын гишүүн, компанийн эзэд, шинэ цагийн баячуул уу? Дээрх мэдэгдэлээс харвал хариулт нь олдох шиг санагдчихлаа. Лав л боловсролтой, соёлтой, иргэнлэг, нийгэмшсэн хүн дээрх мэдэгдэл гээчид дурдсан шиг хогийн гэхэд дэндүү хогийн юм яриад сууж байхгүй. Бас мөнгө төлөөд сонин хэвлэл, сайтуудаар тавиулчихжээ. Ичмээр юм. Өнөөдөр дэлхийд бага насны хүүхдийн амь насаар тоглодог үндэсний спорттой улс манайхаас өөр хэд байгааг хэлээд өгөөч. Хүний хүүхдээр хурдан морь унуулаад давхиулчих сэтгэл зүрхтэй, алдарт уяач нэртэй их хурал, засгийн газрын гишүүд, баячуудаас ичиж байна, ичих битгий хэл жигшин зэвүүцэж байна. Өөрийн хүүхдээ моринд ойртуулдаггүй хирнээ хүний жаахан хүүхдийг болохоор морь унуулаад давхиулчих цэвдэг сэтгэлтэнг төрийн зүтгэлтэн битгий хэл хүн гэж хэлэхэд бэрх биз дээ.
Хүүхдийн эрхийн төлөө, хүний эрхийн төлөө зогсож байгаа ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл таныг 2 гараа өргөн дэмжиж, баяр хүргэж байна. Ц.Оюунгэрэл сайд өвлийн морин уралдааныг хориглосноор уралдаан болно гэхээр сэтгэл нь түгшдэг олон хүний сэтгэлийг амрааж байна. Хүнлэг, энэрэнгүй байж чадсанд баярлалаа, сайд аа.
Ц. Мөнхбаяр
Zochin
(151.115.49.85) 2020-10-21 16:20Mash zuw hunii amiar zuraa hiideg ene humuus naad goy hangman huwtsasaa umsuud uursduu l uraldaj uzdee
Хариулах
uudrug
(182.158.132.35) 2014-06-03 18:18zov zov yamar buhleer bolii gesen bishdee ugiin hunii ami gedeg yu yunaas chuhalshuudee uuriin huuhdee aldaj uzeegui humuus uuniig ugaasaa oilgoh ni yu l boldoo said darga nar ene morinii uraldaaniig ali ertnees oor zuil bolgoson gedgiig helehed iluu biz ugiin aldagdsan ene zuiliig boliulah heregtei neg bol zasaj saijruulaad uralduulna biz yos surtahuun aldsan hun bol hunii amiig yuman chinee avh uzehgui bgaa ter nohduudshuudee
Хариулах
Зочин
(112.72.13.47) 2014-01-29 17:27Сайд ааь таныг Засгийн газар чинь далаар чинь цэвэр тавьчихжээ. Өвлийн морин уралдааныг хорилоо гэж байснаа, шууд 2 сарын 23 нд Дүнжингарад уралдаан болно гээд Хэвлэлийн мэдээ явуулж байна ш дээ. Хэдэн хүүхдийн эрүүл мэнд, амь насаар тоглох бол гэж түгшиж байна. Засгийн газар, УИХд морины лоббичид маш олноор суудаг нь эндээс харагдлаа.
Хариулах
Friend
(103.26.194.118) 2014-01-27 20:18Mash zov yum bichjee, baychuud har bor amidraltai humuusiin hairan saihan ur huuhdeer zugaa gargaj baigaag bugd eserguutseh heregtei, tiim l durtai yum bol oorsdoo yumuu oorsdiin ur uuuhdeer unuulna biz, ene niitleliig hondoj bichsen monhbayartaa bayarlalaa.
Хариулах
Аня
(112.72.13.188) 2014-01-26 10:49Нүдээ сэтгэлээ баясгах нь сайхан боловчиг энэ нь нэг ёсондоо баячуудын зугаа юм. Жирийн иргэн бидэнд зүгээр харах нь л сайхан гэвч баячуудад тийм биш байдаг бололтой хэн ямар үнэтэй морь авах уу яаж уралдуулах уу түрүүлсэн морьдоо яаж үнэд хүргэж арилжах уу тэрний цаана давхар арилжаа яваад байна. Хүслийн цаана ашиг сонирхол яваад байдаг юм шиг санагддаг шүү. Унаач хүүхдүүдийн тухайд бас л морь унах сонирхол нь давамгай байдаг юм шиг санагдсан хичээл огт сонироходоггүй юм шиг нэг ёсондоо хувь тавилантайгаа эвлэрсэн гэдэг юм уу даа. Уяачдыг ойртож харвал ийм л дүр зураг харагдах шиг санагдсан шүү энэ миний сэтгэгдэл
Хариулах
Tsogtbaatar Sanjsuren, Sacramento, CA, USA
(103.26.194.135) 2014-01-25 21:28Уясан хvн нь еерее морьдоо унадаг болгочихмоор юм доо. Хэхэ. Vнэхээр чин vнэндээ бол адуу хvvхэд хоероор хэсэг хvмvvс зугаагаа гаргаж, еерсдее алдар нэр олох гэж улайраад байгаа харагддаг. Vvнийг арай эрvvл ухаанаар харж еер тvвшинд гаргах болсон гэж хувьдаа бодож байнаа.
Хариулах
Зочин
(182.160.38.132) 2014-01-25 20:20bas ter buu huraah tuhai huuliig heden maanaguud n bas eserguutsetsgeel bainlee
Хариулах
Зочин
(112.72.13.47) 2014-01-24 19:12Баяр хүргэе. Оюунгэрэл сайд үнэхээр манай нийгэм дэхь ганцц иргэншсэн, хүнлэг сайд болоод байна. Сайн байна. Ядаж ццас хайлж тарландтал уралдаан зохион байгуулж болохгүй шүү.
Хариулах