Г.Уянга М.Энхсайханыг “Женко”-гоор солив

Twitter Print
2016 оны 04-р сар 09-нд 09:09 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч байгаагаа зарласнаар Л.Цог УИХ-ын дэд даргын албан тушаалаа О.Баасанхүү гишүүнд шилжүүлэн өгөх болчихоод байгаа. Харин МҮАН-ын дарга М.Энхсайханыг бараадаж явсаар 2012 оны сонгуульд Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж, МАН-аас Эрчим хүчний сайдаар хэл амтайхан ажиллаж байсан Д.Зоригтыг ялаад гарч ирж байсан Г.Уянга гишүүн “Шударга ёс” эвслээс гараад зогсохгүй Монголын улстөрд хөтлөн оруулж ирсэн МҮАН-ын дарга, Монгол Улсын сайд М.Энхсайханаас ч зам салж байгаагаа зарлав.

Д.Сүхбаатарын талбайд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нартай хаврын хавсарганаар хацраа холцрууттал жагсаж, тэмцэж явахад нь ард байж, зааж зөвлөж, зарим үед санхүүгийн дэмжлэг ч үзүүлж явсан М.Энхсайхан даргаасаа нүүр бууруулсан шалтгаан нь ерөөсөө л Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээг Дубайд нууцаар байгуулсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн бөөрөнд наалдаж суугаа даргынхаа улстөрийн карьер дуусч байгааг олж харсан, нөгөөтэйгүүр Тавантолгойд хэн эзэн суух асуудлаар санал нийлэхгүй байгаатай холбоотой хэмээн дүгнэхэд үнэнээс хол зөрөхгүй.

Өчигдөрхөн МҮАН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа зарласан Г.Уянга гишүүн тун удахгүй МоАХ-д элсэж, “Женко” Х.Баттулгын ирэх сонгуулиас өмнөхөн албан ёсоор зарлахаар дуншиж байгаа “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-д элсэх нь тодорхой болов. М.Энхсайханы хаалгыг саван гарч байгаагаа албан ёсоор зарласан Г.Уянга одоогоор ямар нэгэн нам болон бүлэгт харъяалалгүй болж байгаа. Харин эрхэм гишүүн Г.Уянга сүүлийн өдрүүдэд “Женко” Х.Баттулгын баруун гар гэгддэг УИХ-ын даргын албан бус зөвлөх, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаатай хаана л бол хаана хүзүү сээрээрээ холбоотой явах болсон нь МоАХ-нд элсэхээр эргэлт буцалтгүй шийдсэнийх нь нотолгоо гэж улстөрийн ажиглагчид дүгнэж байгаа юм.

Тэгээд ч УИХ-ын хуралдааны танхимд “Шударга ёс” эвслийн бүлгийн З.Баянсэлэнгэтэй гэхээсээ илүүтэй “Монос”-ын тодотголтой Л.Эрдэнэчимэг гишүүнтэй тун их шадарлах болсон нь мөнөөх л “Женко”-гийн урт гар тэднийг тас тэврэлдүүлж байгаагийн баталгаа мөн. Ямартай ч МҮАН-ын дарга М.Энхсайханыг МАХН-ын дарга Н.Энхбаяртай нь цуг өшиглөж орхисон Г.Уянга ирэх сонгуулиас өмнөхөн Монголын улстөрийн “Аясын салхи” хаашаа сэвэлзэж байгааг тун сүрхий тооцоолж, улстөрийн карьерийнхаа дараагийн шанг татав. Харин 2016 оны хавраас эхлэн татаж байгаа “Женко” Х.Баттулга гэсэн улстөрийн карьерийн хожил тооцоолсон  төлөвлөгөөтэй шан таталт нь хаа хүрч зогсох, 2020 оны сонгуулийн өмнө яаж өөрчлөгдөх зэрэг нь дараагийн асуудал юм.

УИХ-ын гишүүн Г.Уянгын МҮАН-ын дарга М.Энхсайханы хаалгыг тас саван гарч байгаа энэхүү үйлдлийг “Улстөрд мөнхий найз нөхөр байдаггүй, мөнхийн эрх ашиг л байдаг” гэснээр тайлбарлавал үнэнд илүү ойртоно. Тэгээд ч эрхэм гишүүн Г.Уянга эргэж хөрвөж, салж нийлж сураагүй ч биш дээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.40.76) 2016-04-10 22:52
      • 0
      • 0

      ene medeej enxbayriig alban tushaal naimaaltsdag ged l bsan,ooroo bol jinxen xen oort ni ashigtai bn terlvvgee ybdag yum bishvv, bie vnelegch

      Хариулах