Исландын Ерөнхий сайд огцорлоо, харин С.Баярцогт….

Twitter Print
2016 оны 04-р сар 06-нд 18:45 цагт
Мэдээний зураг,

Гурван жилийн өмнө “Мейжор Бритиш файнэншиал индастри”, ”Олон улсын сэтгүүлчдийн эрэн сурвалжлах холбоо” “ICIJ”-гийн зүгээс өнөөдрийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт 2008 онд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд байхдаа Их Британийн Виржинийн арлууд дээр “Legend Plus Capital Limited” хэмээх нууц компани байгуулан Швейцарийн банкинд нэг сая ам.доллар байршуулсан, 2.5 сая сая ам. долларын нууц хөрөнгө нь олдсон талаарх мэдээллийг дэлхий нийтэд цацаж бөөн шуугиан тарьж байсан.

Яах аргагүй дэлхий нийтээр шуугисан тул мань эр ч Швейцарийн банкинд нууц данс нээснээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан болоод УИХ-ын дэд даргын албан тушаалаас огцорч байв.

Мань эр оффшор бүс буюу татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай нөхцөлийг санал болгодог байршилд нууцаар байгуулсан компанийхаа бичиг баримтан дээр улсынхаа нэрийг “Хятадын Монголын Улаанбаатар” гэж бичсэн байсныг Монголчууд их багагүй үзэж танилцаж, гайхан шогширцгоож байсан цаг мартагдаж эхэлж байна.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга С.Баярцогттой яг адилхан оффшор дансанд нэг сая ам.доллар байршуулсан нь ил болсон Исландын Ерөнхий сайд Зигмунд Дэвид Гунлаугсон /Sigmundur Davíð Gunnlaugsson/ Панамын арлуудын оффшор дансанд сая ам.доллар нуусан хэргийнхээ төлөө огцорлоо. Нэг ёсондоо түүний улстөрийн карьер дуусав.

Исландын олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан Зигмунд Дэвид Гунлаугсон улстөрийн карьертаа цэг тавьж байхад, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт албан тушаалын шатаар тасралтгүй өгссөөр л яваа. Мань эр УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгсөн болоод Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга хэмээх албан тушаалыг авч өнөөдөр санаа амар хашиж байгаа.  

Хамгийн гол нь, Исландын Ерөнхий сайд Зигмунд Дэвид Гунлаугсон эхнэрийнхээ нэр дээр, Исланд Улсын нэр дээр "Wintris” хэмээх оффшор компани худалдан авч уг компанийнхаа нэр дээр нууц хөрөнгөө байршуулсан бол С.Баярцогтын хувьд шал өөр байсан.

Манай сайн эр эхнэрээсээ нууж, Хятад улсын нэр дээр компаниа байгуулж, хуучин компани худалдан авах бус "Legend Plus Capital Limited” хэмээх мөрөөдлийн нэртэй шинэ компани байгуулж нууц хөрөнгөө байршуулаад өөрийнх нь тайлбарласнаар “мартчихсан” гэж байгаа юм.

Гэтэл үнэн хэрэг дээрээ "Legend Plus Capital Limited” компанийг урьдаас маш сайн бэлдэж, нууцын өндөр зэрэглэлд байгуулсан нь компанийн нууц бичиг баримтаас бэлхнээ харагдсан гэдэг. 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид С.Баярцогтыг энэ компанид байршуулсан мөнгийг хэрхэн бүрдүүлснийг хэлэх гэв үү энэ явдал түүнийг Монгол Улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байх үетэй давхцаж байсныг онцолж, Монгол Улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа гадны зээл, тусламжийг хариуцаж байсныг сануулсан нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш байсан.  

Чухамдаа Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид “Монгол Улсад зориулсан гадны зээл тусламжууд тэр болгон очих газартаа очилгүй үр ашиггүй зарцуулагдсан, хэн нэгний нууц данс уруу орж байсан” гэдгийг шулуухан зарласан ч Монголын эрх баригчид С.Баярцогтын толгойг илж “Дахиж ингэж гэнэдэж болохгүй шүү” хэмээн тас дараад өнгөрсөн түүхтэй. С.Баярцогтын хувьд Гадаад хэргийн сайдаар хэсэгхэн хугацаанд ажиллахдаа хамгийн идэвхтэй ажиллаж, хамгийн их зээл тусламж гуйсан   сайдаар тодорсон нь бас л тун сонирхолтой үзүүлэлт байсан ч тэрхүү хүчин чармайлт, нууц дансны хэрэг нь “Усанд хаясан чулуу” шиг л замхарсан.

Чухамдаа Исланд, Монгол хоёрын ялгаа нь хоёулаа нууц данстай нь илэрсэн ч нэг албан тушаалаасаа огцорч, улстөрийн карьертаа цэг тавьсан Ерөнхий сайд асан Зигмунд Дэвид Гунлаугсон, нөгөөх нь улстөрийн карьерийн шатаар тасралтгүй өгссөөр л яваа ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарын тун тодорхой баримт, жишээгээр дурайтал, дарайтал илэрч байна.

Мөн ч том ялгаа байна даа.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.