Монголчуудын "школа" буюу Станиславскийн систем

Twitter Print
2016 оны 04-р сар 06-нд 17:03 цагт
Мэдээний зураг,

Их театр. Урлагийн ариун сүм гэх. Дэлхий дахины түүхэнд театр анх 2500 гаруй жилийн тэртээ үүссэн юм гэсэн. Монголчууд харин энэ ариун сүмийн урлагийг эртнээс мэддэг байв. Бүр Их Монгол улсын үеэс, Юан гүрэн болоод эзэгнэн захирч асан газар нутаг бүрээс Монголчууд урлагийн өндөр мэдрэмж, таашаалтай байсны улбаа мөр, түүхэн баримтууд бишгүй олддог байна. Наад зах нь Хүннүгийн үеийн түүхэн олдворууд гэхэд Төв Азийн элгэн дээр урлагийн онцгой нарийн сэтгэмжтэй хүмүүс оршин амьдарч ирснийг тод гэрчилнэ.

Харин Монголчуудын театрын урлагийн хөгжлийг хожмоо Ноён хутагт Данзанравжаагийн “Саран Хөхөө” театр улам яруу тод харуулсан гэхэд болно. Тэр атугай Монголчууд өнөөгийн театрын ганц “школа” болсон Станиславскийн системийг хүртэл боловсруулчихаад байсан мэт. Үүнд харин эргэлзэх зүйл байхгүй, Ноён хутагтийн түүх намтар, жүжгийн зохиолуудыг судлаад үзэхэд тодорхой.  Гэтэл шинэ тутам байгуулагдсан Ардын засгийн үеэс ард олны соёл, боловсролын хөгжилд анхаарал хандуулах болж, анх “Бөмбөгөр ногоон театр” байгуулагдахад Зөвлөлтийн найруулагч А. Ефремов хэмээх хүн анх Монголчуудад театрын урлагийн Станиславскийн системийг танилцуулсан гэж үздэг. Сонирхолтой нь тэр үед Монголд Хятадын театр гэх “Ши Янгууны” (Ян Гуа) газар жүжигчилсэн тогтлолт үзүүлдэг болсон байв. Гэтэл Европ дахин, тэр дундаа Орос Зөвлөлтийн театрын систем хүмүүсийн сэтгэл, оюунд дорхноо нөлөөлж сонирхлыг татаж чадсан нь Станиславскийн реалист систем гэж өнөөгийн театрийн түүхэнд тэмдэглэдэг байна.

Театрын тайзны урлагт Германы Бертольд Брехт (Eugen Berthold Friedrich Brecht1898 -1956 он), Орос, Зөвлөлтийн Теодор Майерхолд (Karl Kasimir Theodor Meyerhold,1874 -1940 он) зэрэг хорьдугаар зууны  театрийн урлагийн суурийг тавьсан хүмүүс бий. Харин тэдэн дотроос Станиславскийн реалист систем онцгой байв. Энэ систем хүн амьдралд яаж явдаг, сонсдог, анхаардаг, яагаад ямар учраас ямар нэг хөдөлгөөн үйлдлийг хийдэг, бусадтай зохицон эд юмс, орчин ахуйтай яаж харилцдаг зэрэг хүний бодит амьдралд наад захын үндсэн элементүүдийг задлан шинжилж нэгтгэсэн систем юм. Жүжгийн дүр дээр биш, жүжигчний өөр дээрээ хийж сурах дасгал сургууль хийснээр л сая харж байгаа хүмүүст үнэмшүүлж чадах болдог.

Хүн төрөлхтөн урлагийн бутээлүүдээс нийгмийн тэмцэл хөгжил, аливаа улс үндэстний түүх, соёлын ахуй амьдрал, зан заншил, баатарлаг түүх, суут хүмүүсийнх нь үйл амьдралын талаар мэдээгүйгээ мэдэж, сонсоогүйгээ сонсдог бол театрын урлагаас өөрийгөө олж, хөндлөнгөөс харсан мэт ухаарал сургааль олж авдаг гэж суутнууд үздэг билээ. Тэгэхээр энэ ухаарал сургаалийг “хайрласан” Константин Станиславский хэмээх эрхэмийн мөрдлөг болгодог зарчим буюу театрынханы өөрсдийнх нь хэлдэгээр “школынх нь” онцлогийн талаас танилцуулъя.

1863 оны нэгдүгээр сарын 17-нд төрсөн энэ хүний дэлхий соёл урлагийн хөгжилд оруулсан хувь нэмэр нь аугаа их. Харин түүний жүжигчний ур чадварыг номлосон зарчим ердөө энэ:

Үйл явдлын өрнөл

Станиславскийн системийн нэг үндэс нь тодорхой нэг нөхцөл байдлыг хийсвэрээр төсөөлөн сэтгэх явдал. Гэвч тэрээр үүнийг хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд хүний өөрийн төсөөлөл гэдэгт үзэж туулсан маьдралын туршлага дутна гэж үздэг байв. Тэгээд ч багш шавь хоёрын шууд харилцаанаас туршлага өвлөгдөн үлдэнэ гэдэг байжээ.

Тиймээс ч Станиславскийн системийг хүмүүс өөр өөрсдийнхөөрөө ойлгож, хүлээн авдаг аж. Тэр байтугай театрын сургуулийн үндсэн зарчим жүжигчид, найруулагч бүрт өөр өөр тусгагддаг байна. Гэвч уг системийн гол зарчим нь үйл явдал аж.

Харин Станиславскийнхаар бол үйл явдал гэдэг нь тайзны урлагийн үндэс бөгөөд жүжиг бол үйл явдал бүрийн өрнөл тодорхой нэгэн зорилгод хүрч, эцэстээ бүгд холбогдон зангидагдаж байх учиртай гэнэ. Үүнээс гадна жүжигчид өөрийн дүрийг бүтээхдээ бүх үйл хөдлөл сэтгэл санаагаараа дүрдээ орж, өнгөц хуурай хэв маяг, загвараас зугтаж, баригдахгүй байхыг зорих ёстой аж. Тэр тусмаа наад захын энгийн үйл хөдлөлийг чухалчлах хэрэгтэй. Үйл хөдлөл гэдэг хүний дотоод сэтгэлийн хөдөлгөөнийг ил тод харуулж байдаг учраас аргаа ядсан хуурай жүжиглэлт бус, энгийн, үнэн бодит ахуй байдлыг харуулж, хүний сэтгэлд хүрдэг байна.

Дүрд тоглох бус, амьдар

Үнэн, бодит үнэн гэдэг Станиславскийн онолын нэг бүрэлдэхүүн хэсэг. Авъяас чадвартай жүжигчин ч бай, найруулагч ч бай, бодит амьдралд тохиолддог аливаа явдал, юмс үзэгдлийг илүү дүрслэн харуулна гэж байддаггүй. Эх байгаль гэдэг бол аугаа их дүрслэл, арга ухаан юм. Чухам энэ талыг ашиглах хэрэгтэй. Тайзан дээр ямар нэгэн дүрд хувираад байх бус, харин тэр дүрээр амьдар.

«Хэн нэгний дүрийг би тайзан дээр тавилаа гэхэд, би тэр дүрийг өөртөө төсөөлөн дотор нь орж амилуул. Тэр мэдрэмж чинь харин эргэн тойронд нөлөөлж, гэнэт би тэр дүрийн нарийн ширийнийг орчин тойрнооосоо олж авдаг » хэмээн Станиславский бичиж байжээ. Дүр гэдэг жүжигчин хүний хувийн амьдралын нэгэн хэсэг болоод зогсохгүй, тэр дүрийн амьдралын нөхцөл байдал бүхэн жүжигчний өөрийн амьдралын нөхцөл байдал, бүх нөөц бололцоо болсон байх ёстой. Үүний тулд жүжигчин дүр дээрээ ажиллахдаа өөрийн амьдралын туршлагыг ашиглаад зогсохгүй, тэр дүрийн амьдралын алхам болгоныг өөрийнх мэт итгэж төсөөлөх хэрэгтэй аж. Тэгсэн цагт  «тухайн дүрийн үйл хөдлөл бүр жүжигчний амьдралын салшгүй нэг хэсэн мэт уялдан холбогдож, үнэмшилтэй сайхан дүр гарна».

Дүгнэлт

Бид өөрсдийнхөө сэтгэлийн хөдөлгөөн, наад захын үйл хөдлөлөө ер анзаардаггүй, иднэ, ууна, сууна, босно, явна, ярина, аливаа зүйл, халуун хүйтнийг мэдэрнэ.Тэр байтугай бусдын амьдралын хэв маяг, үйл хөдлөлийг анзаарч, ялган салгаж ойлгож чаддаггүй. Гэтэл жүжигчин хүн бол мөрдөн шинжигч, судлаач байх ёстой. Жишээ нь, өөрийн амьдралын жирийн нэг өдрийг бүхэлд нь судалж, нарийн задлан, үнэлж дүгнэ. Эсвэл аль нэг айлд зочлоод гэрийн эздэд нь тааламжтай сэтгэл төрүүлэх гэж хичээсэн хүн ямар байвал зохихыг сайтар бодож, төсөөл. Ингэж ажиглаж, төсөөлж сурах хэрэгтэй. Харин энэ маягаар олж авсан мэдлэг жүжигчин хүнд (тэр тусмаа найруулагчид) үйл явдлын өрнөлийг бүх цар хүрээгээр нь олж харж, дүрийн сэтгэлийн нарийн утсыг хөндөн гаргаж чаддаг болно гэсэн үг.

Эгэл сэтгэлгээ, логик болоод үр дагавар

Үйл явдлын өрнөл (эсвэл Станиславскийн хэлдгээр, партитура), дүрүүдийн үйл хөдлөл эгэлгүй энгийн байх ёстой. Жүжигчин тайзан дээр нэг, хоёр, гурав, хэдэн мянга дахь удаагаа гарлаа ч дүрээ хэзээ ямагт дахин амьдруулж байх сэтгэл зүйтэй байх ёстой. Учир нь нэгэн хэвийн хэвшмэл жүжиглэлт үзэгчдийг татаж чадахгүй байдаг бол нөгөө талаас мөн дүрдээ хэт автсан илүү жүжиглэлтийг үзэгчид ойлгох гэж яддаг байна. Амьдрал өрнөж буй үйл явдал бүхэн зарим нэг онцгой тохиолдлоос бусад үед  хэнд ч ойлгомжтой логик зангилаатай байдаг гэдэгт  Станиславский итгэдэг бөгөөд тайз, дэлгэцийн тавилт, найруулгад тэр л хэвээрээ орох ёстой гэж үздэг аж. Учир шалтгаан нь төгс ойлгомжтой, логик үр дагавар бүх зүйл дээр, тухайлбал бодол санаа, мэдрэмж, үйл явдал (дотоод болон гадна), хүсэл тэмүүлэл, зорилго, төсөөлөл зэрэг бүхэн дээр илэрч байх ёстой. Эс тохиолдолд хүн ойлгохын аргагүй холион бантан болдог байна.  

Туйлын зорилго  

Станиславскийн системийн бас нэгэн чухал зарчим бол туйлийн зорилго. Найруулагч, жүжигчний аль аль нь зохиолчийн санааг  өөрсдийн үзэл бодол, сэтгэлгээгээр өөрчлөх эрх байхгүй. Найруулагч харин зохиогчийн үзэл санаа, бодлыг олж харж, түүнийг нь илэрхийлэхийн төлөө зүтгэх ёстой.  Жүжигчид бол бүр илүү тэр үзэл бодлын өнцгийг хурцалж, өөрийн дүрийн сэтгэлгээ, үзэл санаанд нэвт орсон байх ёстой аж. Тиймээс зохиолын гол утга санааг гаргахад уран бүтээлийн багийн туйлын зорилго оршдог бөгөөд энэ нь жүжгийн үндсэн зорилго болдог байна.  

Хамт олны эв нэгдэл

Театрт тавигдаж буй жүжгийн багт  хүн бүрийн хүчин зүтгэл нэгдэж байж сая туйлын зорилгодоо хүрч чадна. Үүний тулд «Харилцан бие биедээ хүлээцтэй хандах ёстой гэж Станиславский үздэг бөгөөд хэрвээ жүжигчид зураачийн мэт мөрөөдлөөр амьсгалж, эсвэл яруу найрагч, найруулагч лугаа сэтгэж,  харин найруулагч, зураачид нь жүжигчний хүсээд буй бүхнийг ойлгож ухаарсан цагт бүх зүйл сайхан бүтнэ. Бие биенээ хайрлаж, ойлгодог хүмүүс хамтдаа энэ бүхнийг бүтээж чадна» гэдэг аж. Харилцан биенээ дэмжиж, түшсэн анд нөхдийн хамтач сэтгэлгүй, амин хувиа бодож, биеэ тоосон дээрэнгүй зан чанар урлагийг гүн хавцалд унагана гэж Станиславский үздэг бөгөөд хэрвээ ингэж ханддаг бол урлаг сөнөх нь гарцаагүй, «Урлагт өөрийгөө биш, харин урлагийг өөртөө хүндэлж яв» гэж уриалдаг хүн ажээ.

Театрын боловсрол

Урлаг бол хүмүүжлийн үр нөлөөтэй. Нэгдүгээрт, урлагт бие сэтгэлээ зориулсан хүн, уран бүтээлч хамт олон хүмүүжлийг олох бол хоёрдугаарт, үзэгчдийг боловсруулан хүмүүжүүлнэ. Константин Станиславский энэ зэрэгцээ театрын урлагийн үндсэн зарчмыг хөгжөөн цэнгээх зорилготой гэж үздэг хэдий ч «Хүмүүс театрт сэтгэл сэргээж, цэнгэхийг хүсэж ирдэг боловч жүжгийн зохиолч, жүжигжид, тайзны тавилтад бүхий л сэтгэхүй мэдрэхүйгээрээ харьцаж гарахдаа оюун ухаанаа шинэ соргог санаа бодлоор баяжуулдагаа анзаардаггүй» гэж сургадаг байна. Хүн зон театрт хэзээ ямагт татагдсаар байх болно гэдгийг мартаж болохгүй. Учир нь хүн сэтгэлийн цэнгэл олохгүй юм бол амьдралаас, өдөр тутмынхаа ахуй амьдрал, ажил төрөл, зовлон жаргалаас тасарна гэсэн үг. Гэхдээ энэ бол зохиолч, жүжигчдийг дөрлөөд явчих асуудал биш. Хаалга хаагдаж, гэрэл унтарсан цагт «бид тэдний зүрх сэтгэлд хүссэн бүхнээ цутгаад өгнө» биз дээ хэмээн Станиславкий сургадаг байжээ. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Sherry

      (188.143.234.155) 2016-11-18 12:38
      • 0
      • 0

      Pretty section of content. I just stumbled upon your blog and in accession capital to assert that I acquire in fact enjoyed accountyour blog posts. Anyway I will be subscribing to your augment and even I achievement you access contlssentiy fast.

      Хариулах