З.Энхболд: “ММС” болон “Энержи Ресурс” компани нь гадаадад тавьсан өрөө төрийн өмчийн ашигт малтмалын ордоор хаахыг санаархаж байна

Twitter Print
2016 оны 04-р сар 05-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн ээлжит чуулган болох УИХ-ын 2016 оны хаврын чуулган өнөөдөр өглөө 09.25 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр нээлтээ хийв.

Уламжлал ёсоор УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Засгийн газрын гишүүд, УИХ-аас томилогддог болон ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын удирдлагууд, мөн улстөрийн намуудын төлөөлөл, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн байгууллагын тэргүүн нар оролцсон юм.

Хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын  дарга З.Энхболд үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Одоогоос яг нэг жилийн өмнө энэ танхимд УИХ-ын чуулганы нээлт дээр Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын эрх ашигт нийцээгүй тухай, энэ гэрээг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дарга, дэд дарга нар нэгдсэн байр суурьтайгаар энэ асуудалд  хариуцлагатай хандсан. УИХ-ын Ажлын хэсэг гэрээнүүдийг шалган дүгнэлт гаргасан. 

Тавантолгойн ордыг ашиглах  компани санхүүгийн хүнд байдалд орсон бөгөөд хөрөнгө оруулалтыг хийх боломжгүй байсан нь УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтээр болон энэ компани зээлийн төлбөрөө хийх чадваргүй болсноо саяхан зарласнаар батлагдаж байна. “ММС” болон “Энержи Ресурс” компани нь Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэрийн дор Олон улсын банк санхүүгийн байгууллагад тавьсан өөрсдийн их хэмжээний өрийг хаах зорилготой болохыг УИХ-ын Ажлын хэсэг илрүүлсэн. Компанийнхаа өрийг төрийн өмчийн ашигт малтмалын ордоор хаах санаархлыг УИХ хэзээ ч зөвшөөрөхгүй.

Тавантолгойн ордыг ашиглах “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын 2,5 сая иргэн, дотоодын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг үнэгүйдүүлсэн, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг зөрчсөн гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг дахин хэлье.  Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах энэхүү хууль зөрчсөн гэрээг зогсоогоогүй бол ард түмний өмч болон Тавантолгойн орд өнөөдөр Кэйманы арлын офшор бүс дэх “ММС” компани болон түүний охин компани “Энержи ресурс” компанийн өрийн төлбөрт гадны компанид бүрэн шилжих байлаа. Энэ бүхнээс харахад УИХ-ын шийдвэр нэг жилийн цаадахыг харж чадсан, улмаар хэдэн арван жилийн дараах Монголын эрх ашгийг дээдэлсэн шийдвэр гаргаж чадсан байна.

Тавантолгойн нүүрсний ордыг Монгол Улс цаашид хэрхэн ашиглах вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Тавантолгойн нүүрсний орд бол коксжих нүүрс, чулуун нүүрс аль алиныг нь агуулсан дэлхийд ховорт тооцогдох том орд юм. 

Тавантолгойн ордын коксжих нүүрсийг бид дэлхийн зах зээлийн үнээр борлуулна. Үүний тулд Ухаа худаг-Гашуунсухайт, Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг барьж дуусгах шаардлагатай. 

Харин, Тавантолгойн ордын чулуун нүүрсийг байгалийн хий болон хувиргаж Улаанбаатарыг утаагүй түлшээр хангах, мөн үлдсэн хэсгийг нь хуванцар эдлэлийн үндсэн түүхий эд болгон Япон болон бусад зах зээлд экспортлохоор холбогдох талуудтай хэлэлцэж байна. 

Эдгээр арга замууд нь Тавантолгойн ордыг Монголын иргэдэд хамгийн үр өгөөжтэйгээр ашиглах бодит, ойрын ирээдүй юм.

Эдийн засгийн бодлогодоо эргэлт хийж буй энэ цаг үед Засгийн газрын өр, зээлийн тухай сэдэв олон нийтийн анхаарлыг татаж байна. ОУВС-ын статистикийн аргачлалаар манай улсын гадаад өр 2015 оны байдлаар 20 гаруй тэрбум ам.долларт хүрчээ. 2012 оныг хүртэлх С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газрын үед 9.936 тэрбум ам.долларын зээл, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 9.924 тэрбум ам.долларын зээл авсан байна. 2008 оноос хойш эрх барьсан намуудын Засгийн газар үндсэндээ адил хэмжээний зээл авчээ. 

Монгол Улсын Засгийн газар дааж давшгүй өрөнд баригдсан мэт буруу ойлголт зориудаар тарааж байна. Манай улсын өр байж болох түвшнээс хэтэрсэн эсэхийг дүгнэхдээ дор хаяж дараах хүчин зүйлсийг авч үзэх ёстой. Нэгдүгээрт, бусад улсын үзүүлэлттэй харьцуулах шаардлагатай. ДНБ-д Засгийн газрын өрийн эзлэх хувиар манайхаас илүү өртэй олон арван хөгжилтэй болон хөгжиж буй орнууд байна. Хоёрдугаарт, Засгийн газрын зээлийг улс орны ирээдүйн эдийн засгийн өсөлттэй холбож авч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, бид эдийн засгийнхаа өсөлтийг хангаж чадвал ДНБ-д эзлэх Засгийн газрын зээлийн хувь ойрын ирээдүйд түргэн буурах боломжтой. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын зээлээр дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбартаа хийсэн хөрөнгө оруулалт огцом өссөн нь эдийн засгийн ойрын ирээдүйн өсөлтийн нэгэн чухал эх үүсвэр болно. Мөн, дан ганц Оюутолгойн төсөл гэхэд л манай ДНБ-ийг 30 хувиар өсгөх тооцоо бий.

Намаараа талцаж, аль нь илүү зээл авсан тухай маргалдаж суух нь утга учиргүй. Бид урд нь авсан зээлээ нийгмийн халамжид зориулан, идэж уугаад дуусгасан нь үнэн.  Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ огцом унасан сүүлийн жилүүдэд эдийн засгаа өөд нь татахын тулд ухаан зарж ажиллахыг нөхцөл байдал биднээс шаардаж буй. Урд өмнөх алдаандаа дүгнэлт хийж, эдийн засгаа олон тулгууртай болгохоос өөр замгүй гэдгийг цаг үе бидэнд хүчээр ухааруулж байна.

Эрхэм гишүүд ээ,

Энэ жил Монгол Улсад дэлхийн 50 гаруй орны 4000 гаруй төр, засгийн өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор нийслэл Улаанбаатар хотноо хуран чуулах гэж байна. Энэхүү уулзалтын эхлэл болох Ази Европын орнуудын парламентын хамтын ажиллагааны уулзалт буюу АSEP энэ сарын 21-22-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. АСЕМ-ийн дээд түвшний уулзалт нь улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн хоёр тивийн харилцааг ойртуулан бэхжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. 

Энэхүү чухал уулзалтыг бид эх орондоо амжилттай зохион байгуулж чадна гэж найдаж байна. Ингэснээр Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, манай улс гадаад бодлогын үзэл баримтлалынхаа хүрээнд дэлхийн олон оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэх бөгөөд мөн эх орноо сурталчлах чухал алхам болно. 

Улсын Их Хурлын гишүүд Та бүхнийг чуулганыхаа үйл ажиллагаанд идэвхтэй, бүтээлчээр оролцоно гэж найдаж байна. 

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хуралдааныг нээснийг мэдэгдье” хэмээн онцолсон юм.

УИХ-ын даргын энэ үгнээс ажиглавал Тавантолгойд эзэн суухаар улайрсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй “Нүүрсний нам”-ынхан буланд шахагдаж, УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй “Шонхор”, МоАХ фракциуд хүчээ нэгтгэж, түүнийг нь Алтангадас фракц чимээгүйхэн дэмжиж алсаас ажиглан харах дүр зурагтай байгааг анзаарч болохоор байна. Ийнхүү энэ удаагийн УИХ-ын сүүлчийн хаврын чуулган нээлтээ хийлээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.