33.4 км төмөр замыг концессын гэрээгээр барьж ашиглалтад орууллаа

Twitter Print
2016 оны 04-р сар 04-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

-ТӨМӨРТЭЙ-ХАНДГАЙТЫН 34.4 км ТӨМӨР ЗАМААР АНХНЫ АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХИЙЛЭЭ-

Монголчууд монголдоо бүтээж байна. “Консервны лааз үйлдвэрлэж чадахгүй хэрнээ комунизм байгуулах юм гэнэ” хэмээн бусдын элэг, доог болж явсан үе ард хоцорч, монголчууд өөрсдөө консервны лаазаа ч үйлдвэрлэж,  төмөр замаа ч барьжээ. Сэлэнгэ  нутагт өрнөж буй их бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг болох  “Төмөртэйн орд-Хандгайт” чиглэлийн 33.4 км төмөр замыг энэ сарын 3-нд нээж, анхны тээвэрлэлтээ хийлээ. Төмөр замын бүтээн байгуулалт ойролцоогоор 100 гаруй сая ам.долларын өртгөөр боссон. Харин “Уул уурхай, металлургийн цогцолбор” байгуулах төслийн өртөг 800 орчим сая доллараар хэмжигдэж буй. Төмөр замын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэх Засгийн газрын шийдвэр 2014 онд гарч, жил гаруйхны хугацаанд монголчууд өөрсдөө төмөр замаа барьж дуусгаж, эх орны хөрсөн дэх хүдрийг тээвэрлэж, ган хайлуулах үйлдвэрт хүргэх суурь дэд бүтцийн ажил болох төмөр зам ашиглалтад орлоо.

 

Нээлтийн үйл ажиллагааны үеэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Ерөнхий захирал Д.Батжавхлан үндэсний бүтээн байгуулалт Төмөртэй- Хандгайтын төмөр замыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганбатад шилжүүлэн, түлхүүр гардуулан өглөө. Мөн тус арга хэмжээний онцлог нэг үйл явдал бол “Монголын төмөр зам” ТӨХК-иас тээвэрлэлтийн үйл ажиллагааг нээж, өөрийн эзэмшлийн ачааны хагас вагоны анхны цуваагаар төмрийн хүдэр тээвэрлэсэн юм. Төмөртэйн ордоос энэ жилд 1 сая орчим тонн төмрийн хүдэр тээвэрлэх бөгөөд цаашид 8-10 сая тоннд хүргэх зорилготой аж.

Төмөр замын  нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд, Д.Эрдэнэбат, Зам тээврийн сайд М.Зоригт, "Дархан төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн захирал Д.Батжавхлан болон бусад албаны хүмүүс оролцов. Нээлтийн арга хэмжээний үеэр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат  монголчууд анх удаа суурь дэд бүтцийн ажлаа хариуцан хийж, ашиглалтад оруулсан, үндэсний боловсон хүчин, үндэсний төмөр замтай болох эхлэлийг тавьсан, Монгол Улсад аж үйлдвэрийн сэргэн мандалтыг ард түмэн, үндэсний компаниуд эхлүүлсэн, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд хийгдэж буй анхны том бүтээн байгуулалт нь энэхүү төмөр зам гэдгийг онцлов.  Түүнчлэн  төр хувийн хувшил буюу концессын асуудлыг эрхлэх хүрээнд хийгдэж буй том бүтээн байгуулалт гэдгийг онцлов. Мөн тэрбээр  “Манай улсад хүнд үйлдвэрлэл суурь дэд бүтэцгүйгээр  хөгжих боломжгүй.  “Төмөртэйн орд-Хандгайт” чиглэлийн 33.4 км төмөр зам ашиглалтад орсноор Дархан-Сэлэнгийн бүсэд “Уул уурхай, металлургийн цогцолбор” байгуулах төслийн суурь дэд бүтцийн ажил үндсэндээ дуусч байна. Хүнд аж үйлдвэрийн хөгжил зөв гараанаасаа эхэлж байна. Хар төмөрлөгийн үйлдвэр хөгжих дэд бүтцийн суурь тавигдлаа. Түүнчлэн монгол улсад төмөр зам барих асуудал цааснаас хөрсөн дээр бууж, анх удаа үндэсний хөрөнгө оруулагчид, Монгол инженер, техникийн ажилчид хамтраад концессын гэрээгээр энэхүү төмөр замын ажлыг амжилттай хийж, гүйцэтгэлээ.  Сэлэнгэ-Дарханы бүс нутаг өрхийн аж ахуй, газар тариалангийн тухай ярьдаг байсан бол хүнд аж үйлдвэрийн талаар ярьж байна. Цаашид энэ бүс нутгийн хөгжлийн чиг нь  хүнд үйлдвэрлэл байх болно” гэдгийг хэлсэн юм.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Ерөнхий захирал Д.Батжавхлан “бид төслийн хүрээнд хийгдэж буй хамгийн чухал ажил болох төмөр замаа барьж дуусгаад анхны тээвэрлэлтээ хийж байна. Монгол Улсыг ган үйлдвэрлэгч орон болгох, эх орны хөрсөн дэх төмрийн хүдрийг гангийн үйлдвэр рүүгээ зөөвөрлөх төмөр зам юм. Үүгээрээ монголчууд төмөр зам, цаашилбал дэд бүтэц, хүнд аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хийж, гүйцэтгэж чадна гэдгээ нотоллоо. Өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоноос Ерөө, Хүдэр сумдыг холбох 104.4 км хатуу хучилттай автозамын ажлыг Аж үйлдвэрийн яамны концессын гэрээгээр эхлүүлсэн. Сэлэнгэ аймгийн гурван сумыг дайрч өнгөрөх энэхүү хатуу хучилттай автозам бол нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл гэдгээрээ онцлог. Учир нь энэ замаар бид хүдэр тээвэрлэхгүй, зөвхөн орон нутгийн иргэдийн хэрэгцээнд зориулсан бүтээн байгуулалт” гэсэн юм.

Тиймээс ч Дархан-Сэлэнгийн бүс нутагт “Уул уурхай, металлургийн цогцолбор”-ыг сүндэрлүүлэхээр Аж үйлдвэрийн сайдаар ахлуулсан багийнхан ажилдаа ханцуй шамлаж, хамгийн чухал бүтээн байгуулалтаа хаврын их ажлын өмнөхөн “өлгийдлөө”. Монгол инженер, техникийн ажилтнуудын ур ухаанд түшиглэн, үндэсний хөрөнгө оруулалтаар боссон энэхүү бүтээн байгуулалтад Монгол Улсын Ерөнхийлөгч 2016 оны хоёрдугаар сарын 05-ы өдрийн 02 тоот зарлигаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн "Төмөртэй-Хандгайт" төмөр замын бүтээн байгуулалтад 2015 оны "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ"-г хүртээжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.