
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 74, 78 настай хоёр өвгөн өрсөлдлөө. Тэр бол манайханд ч сургамжтай чухал зүйл боллоо. Цахим сүлжээгээр манайхан бүр өөрсдөө санал өгөх гэж буй мэт, Монгол л Ерөнхийлөгчөө сонгох гэж буй мэт бараг хоёр талцав уу даа.
Манайхан хөгшин залуугүй улстөржиж чаддаг гэдгээ харуулав уу даа. АНУ-д 74, 78-тай хоёр өвгөн Ерөнхийлөгч болох гээд өрсөлдөө, манайд бол тийм насны хөгшид автуусанд залуустай сандал булаацалдан өрсөлдөж байна гээд тохуурхан бичиж байлаа.
Ишш хөөрхий минь дээ. Мань мэтийн дал хол гарсан хөгшид автуусанд сандал булаацалддаггүй юм шүү дээ. Хааяа автуусанд бэгцрээд ороход намайг л лав харсан залуус ухас гээд л сандлаасаа босдог юм. Зарим маань утсаа маажаад юм уу, эсвэл үүргэлсэн дүр эсгээд лаглайн сууж л байдаг юм. Түүнийг татаад өөрийгөө харуулбал босдог л юм. За тэгээд ажиглахад 70 гарсан хөгшид автуусаар зорчоод залуустай сандал булаацалдах тохиолдол бараг үгүй. Энэ 70 гарсан байх аа гэхээр хөгшид хотын гудамжинд, автуусанд тун цөөхөн дайралддаг юм. 70 нас хол гарчихаар хот дотроо автуусаар зорчих хэрэгцээ сонирхол тун бага шүү дээ.
АНУ мэтийн орны Ерөнхийлөгчид өрсөлдөж буй 80 орчим насны хөгшдийн амьдрах орчин, биднийхтэй зүйрлэх аргагүй огт өөр байх аа. Тэд чинь хэдэн ч өрөөтэй юм билээ бүү мэд, шилтгээнд аж төрнө. Тэд чинь товчхоноор хэлбэл хур баян хүмүүс. Өглөө босоод тусгай зориулалтын тоног төхөөрөмжтэй өрөө танхимд биеийн тамирын чийрэгжүүлэх дасгал үйлдэнэ. Хувийн буюу гэр бүлийнхээ эмчид биеэ үзүүлж хянуулна. Ганц эмч биш ээ, голлох нарийн мэргэжлийн эмч нартай, бүхэл бүтэн судалгааны баг ажиллуулж байгаа л даа. Тэрхүү баячууд өөрийнхөө эрүүл мэндээ хамгаалах урт наслахын төлөө мөнгө зарцуулж байгаа шүү дээ. Мэргэжлийн тогоочтой, тэрбээр эмч нартайгаа байнгын холбоотой. Ажил, амьдрал, амралтаа эртнээс зохицуулаад сураад дадал заншил болчихсон байж таарна.
Харин эрхэм гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлснээр манай шинэ үеийн баячууд телевизтэй, сонинтой өөрийнхөө дургүй хүмүүсээ яаж ийгээд тэр мэдээллийн хэрэгсэл бүхнээрээ балбана. Бас дэргэдээ хуцдаг, хаздаг ноход тэжээж буй нь үнэн байх аа. Энэ бол манай баячуудын ялгаа.
Нөгөө нэг хэлмээр санаа бол манайхан 60 жаахан гаран настнуудаа, та нар тэтгэвэртээ гар! Залууст зайгаа тавьж өг! Та нар яасан ханаж цаддаггүй юм бэ. Та нар өөрсдийнхөө оронд 20, 30 насныхныг ажиллуул! гээд цахим сүлжээгээр өнөө хуцдаг хаздаг нохдоороо байнга балбаж боорлуулчихаж байгааг ажиглалтгүй илхэн.
Хүн суралцаж ажилласаар 50 нас хүрээд овоо ухааждаг байх шүү. 50 нас хүртлээ суралцаж ажиллахдаа хүн их алдана. Алдаагаа ухаарч суралцана. Өвгөдийн хэлээр хичнээн оймс илүү элээнэ, төдий чинээ ухаажина. Тэгсээр 50 наснаас хойш бол хэрсүүжээд бага алдана. 60 наснаас хойш бол тун хянамгай бүр ч бага алдана. 70 наснаас хойш хашир туршлагатай аливааг таньж мэдээд эргэцүүлэн хэд дахин хэмжих мэт бодож бусадтай зөвлөж ярилцаад алдана ч гэж бараг үгүй байх аа.
Тэгээд ч цахим сүлжээнд мэдээлж буйгаар хүн 60-70 насандаа ажиллах чадвар бүтээл илүү байдаг гэсэн байна. 70-80 насандаа бас бүтээлч. Монгол хүний бие мах бодь ерөнхийдөө бусад аль ч үнэдстнийхээс үл дутах сайн бололтой. Харамсалтай гэмээр ч юм уу монголчуудын дийлэнх олонхи ерөөсөө хоолоо тааруулж идэж чаддаггүй. Их л иддэг бол сайн гэж бодно. Их идсэнийгээ хөөршөөж бахархана. Бүр ходоодоо гэрэлттэл мах иднэ. Нөгөө нэг дутагдал гэвэл архи их ууна. Унан тустлаа уугаад, маргааш нь шартаад бас гудрана.
Гуравдахь дутагдал гэвэл цагийн хуваарь баримталдаггүй, хэдийд л бол хэдийд идэж ууна. Бүр унтаж амарах үе шөнө ч гэсэн идэж архидана.
Олонхи залуус уншиж бодож мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхсэн гэж эрмэлзэхээ больжээ. Өө, тэр сургуульд нэг ангид надаас дор сурлагатай юм байсан, одоо дарга болчихоод мундаг байна. Тэр худалдаачин болчихоод баяжлаа. Ном уншсаны хэрэггүй гэж бодоод нөгөөдүүлтэй ижилхэн байхыг эрмэлзэнэ. Уншиж мэдэх аливаа ажлаас хойргошиж оюун ухааны хомсдол хоцрогдолд ороод идэх уух унтах, зүгээр зугаалж наргих бодолд автсаны гайгаар богино насалж байна. Ажиллаж хөдөлмөрлөснөөр л хүн илүүтэй ухааждаг байх шүү. Эхчүүд төрснийхөө дараа улс, хувийн хэвшилд ажиллахаа больж хүүхдээ хөл хэлд оруулдаг болов. Тэгснээрээ нялх балчир насны хүүхэд эндэх маань ховордсон үнэхээр сайн үзүүлэлтэй л дээ. Нялхсын эндэгдэл цөөн учраас хүн амын ерөнхий наслалт уртсаад буй мэт мэдээ гарч буй байх аа даа.
АНУ-ын 74,78-тай өвгөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдлөө. Ямар учиртай байна вэ гэж бодох хэрэгтэй болов уу. Залуус маань хөгшид өтөл настнаасаа суралцах ухааны тэнхээ олж авахад АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль манайханд сургамжаа үлдээв үү дээ гэж бодож байна. Ухаараарай! Залуус минь ээ.
Самбуугийн Товуудорж
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.