МАН цагаан тагтаа, АН хар хэрээ

Twitter Print
2016 оны 03-р сар 31-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

МАН-ын дарга М.Энхболд “Монголоо аврах боллоо” нэртэй уулзалт дээр өнөөдрийн эрх баригч АН-ынхныг бут авч, газар доогуур ортол нь шүүмжлэв. М.Энхболд даргын тайлбарлаж байгаагаар бол өнгөрсөн 25 жилийн 10-т нь засагласан ардчилсан хүчнийхэн Монгол Улсын өнөөдрийн бүх л дампуурал, эдийн засаг, санхүүгийн хямралын гол буруутан, хамаг нүглийг хамж үүрэх учиртай гай түйтгэрүүд гэнэ.

Харин өнгөрсөн 25 жилийн 15-д нь засаглаж, Улаанбаатар хотыг ээлж халаагүй зайдагнасан МАН-ынханд өчүүхэн ч нүгэл хилэнц байхгүй, “Энхийн цагаан тагтаа”-нууд юмсанжээ.

1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойш аваад үзвэл Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, П.Жасрай нар 1990 оны гуравдугаар сарын 21-нээс 1996 оны долоодугаар сарын 19-нийг хүртэл засагласан байдаг.

Харин 1996 оны долоодугаар сарын 19-нөөс Ардчилсан холбоо эвсэл засгийн эрхэнд гарч М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нар 2000 оны долоодугаар сарын 26-нийг хүртэл Засгийн газрын тэргүүнээр ажиллаад Н.Энхбаярт халаагаа өгсөн түүхтэй. Н.Энхбаяр яг дөрвөн жил Ерөнхий сайдаар ажиллаад 2004 оны наймдугаар сарын 20-нд Ц.Элбэгдоржид Засгийн газрын тамгыг хүлээлгэн өгсөн ч өнөөх нь засаглаж чадалгүй М.Энхболдод 2006 оны нэгдүгээр сарын 25-нд Ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгсөн байдаг. Ингээд Ерөнхий сайдын албыг С.Баяр, Сү.Батболд нар алчуур шиг нэг нэгэндээ дамжуулсаар 2012 оны наймдугаар сарын 9-нд Н.Алтанхуягт шилжүүлсэн ч түүнээс хойш юу болоод өнгөрснийг Монголын нийгэм мартаагүй байгаа.

Товчхондоо Монголын төрөөр МАН, АН ээлжлэн тоглосоор 25 жилийг ардаа орхив. Үр дүнд нь гуравхан сая иргэнтэй, 60 сая толгой малтай, газрын доорх алт, эрдэнэс баялгаараа дэлхийд эхний 10-т жагсдаг 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай ийм баян орны иргэд цалингаас цалингийн хооронд бүгдээрээ орон сууц, амжиргааны зээлийн өртэй, маргааш нь огт тодорхойгүй, улс нь 20 гаруй тэрбум ам.долларын өртэй, хэзээ л бол хэзээ Грекийн араас гэлдрэхэд бэлэн болчихсон сууцгааж байна.

Байдал ийм байхад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь “Монгол Улс нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 2010 онд 2300 ам.доллар байснаа 2015 онд 4200 ам.долларт хүрч, Монгол Улс нэгэнтээ хамгийн их өртэй, нэн ядуу орнуудын жагсаалтад орох болзлоо хангаж байсан бол эдүгээ дэлхий дунд орлоготой үндэстний эгнээнд шилжлээ” хэмээн зарлаж байгаа нь тун хачирхалтай.

Тэгвэл МАН хэмээх “Энхийн цагаан тагтаа”-нуудын дарга М.Энхболд хамаг нүглийг АН-д тохож, өөрсдөө ямар ч алдаа гаргадаггүй, өнгөрсөн 25 жилийн ихэнх алдаа завхрал, гэм нүглийг хийгээгүй юм шиг, өнөөдрийн их өрийн дийлэнх хэсгийг тавиагүй юм шиг бүхнийг АН руу чихэж суугаа нь аргагүй л 2016 оны УИХ-ын сонгууль ойртсоны хамгийн энгийн нотолгоо юм. М.Энхболд бүх нүглийг АН руу чихэхдээ “Эрх баригчид эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихлээ. Биднийг засаг барьж байхад 17,5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ онд 0,6 хувьд хүрэх урьдчилсан таамаг гарсан. Эрх баригчдын‪ гавъяагаар манай улс ‪‎хэвтрийн эдийн засагтай улс болж ‪‎уруудлаа. 2011 онд 4,6 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт дөрөвхөн жилийн дотор 25 дахин ‪буурч, 182 сая ам.доллар боллоо. 2012 оноос хойш төгрөгийн ханш 50 гаруй хувиар ‪‎унаж, монгол төгрөг ‪‎үнэгүйдлээ.

Төсвийн алдагдал, өрийн дарамт нэмэгдсэнээр 2016 онд манай улс төсвийн орлогынхоо 37 хувийг буюу 2,6 ‪‎их наяд төгрөгийг гадаад, дотоод ‪‎өр, зээлийн хүүд төлөхөөр байна. Монголоо аврах цаг боллоо. Энэ байдлаар Монгол Улс өрнөөс өрийн хооронд амьдрах нь тодорхой боллоо” хэмээн гэнэтхэн хаа нэгтэйгээс гараад ирсэн өндөг шиг өөгүй нэгэн шиг мэдэн будилж, жинхэнэ эргүүтэв. Харин ард түмэн тэнэг, сохор биш болохоор МАН, АН-ыг нэг нь “Цагаан тагтаа” нөгөөх нь “Хар хэрээ” биш гэдгийг хэнээр ч заалгахгүй мэднэ. Энэ хоёр улстөрийн хүчин хоёулаа монголын ард түмний өмнө мөн ч их нүгэлтэй, хэн нь хэнээсээ илүү гарах зүйлгүй булхай луйврын эзэд билээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.