С.Бархас: Дуулахаас өөр ажилгүй хүн дээ

Twitter Print
2016 оны 03-р сар 30-нд 11:31 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрөөс таван жилийн тэртээ Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн түүхт ойгоор түмэндээ үнэлэгдэж, төр засгаараа соёрхуулсан олон сайхан хүмүүсийн дунд “Авах ёстой гавьяа, шагнал нь арай л оройтож дээ” гэж гайхмаар нэгэн байсан нь “Өргөө” хамтлагийн дуучин МУГЖ С.Бархас байж билээ. Гэхдээ энэ хүн ард түмнээсээ “аль эрт” тэр цолыг авчихсан байсан даа. Ингээд С.Бархас гавьяаттай хийсэн яриаг хүргэж байна.

-Та сайхан хаваржиж байна уу?

-Өө дүү минь сайхан хаваржиж байна аа.  

-Та Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртсэнээс хойш тав дахь хаврын урин анхилж байна. Хаврын улирал танд юу авч ирдэг вэ?   

-Тэгэлгүй яах вэ. Яг л нэг ийм налайсан сайхан хаврын улирал хүнд урам зориг, ухаарал гээд олон зүйл авч ирдэг юм шүү дээ. Нөгөөтэйгүүр хавар бас л ааш нь олддоггүй улирал шүү. Харин шагналын тухайд бол ах нь тэр үед мөн ч их баярлаж билээ. Бодвол жаахан хүлээсэн л юм байлгүй дээ

-Гэхдээ л төр хүнээ олж  шагнадаг?

-Миний дүү наадах чинь “ичмээр дамшиг”.

-Ичмээр дамшиг гэж юуг хэлж байна?

-Яах вэ дээ. Чи бид хоёр л шиг уулзаад баруун, солгойгүй ярилцдаг хүмүүсийг хэлж байна.

-Та харин хатуу нясуун юм амсахаа больчихсон юмаа даа?  

-Ах нь их хатуу яриатай хүн шүү. Амсах үе байна аа. Гэхдээ архин дээр бол “ална” гэж бодож яваа.

-Уучлаарай. Ах аа хоёулаа гол яриандаа орох уу?

-Тэгье. Ах нь “Жанжин” клубын даргаар нэлээн олон жил ажилласан. Өөрөө эргээд хүүхэд болчихсон аятай хүүхдүүдийн дунд ороод орилж, чарлаж явсаар өнөөдөртэй золголоо доо.

-Өнөөдөртэй золгосон эрхэм өдрүүд тань дандаа энгийн байгаагүй нь тодорхой?

-Чи яг мэдсэн юм шиг асуугаад байна. Аль эсвэл чи намайг нэг их сайн мэддэг хүнээс “хов” дуулаад ирсэн юм уу.

-Үгүй ээ, би өөрөө “Өргөө” хамтлагийн үнэнч фен юм?

-За даа тэр чинь л ортой байх. Манай “Өргөө” хамтлаг ч аргагүй л цагийг туулсан, хийдгээ хийсэн хамтлаг л даа. Ах нь урлагт зүтгээд аль хэдийнэ 40 жил болжээ. Энэ 40 жилд тайзан дээр л байлаа. Энэ бүх хугацаанд дуулж, заримдаа уйлсаар  ирлээ. Миний амьдралын залуу нас, хамгийн оргил үе минь тайзан дээр л өнгөрлөө. Одоо эргээд харахад би залуу насаа дэмий өнгөрүүлээгүй юм байна. Миний дууг сонсож  өссөн бүхэл бүтэн үе байна шүү, цаагуур чинь. Хойшдоо ч сонсох л байх.

-“Алтан зул”, ”Зүүд”  дууг чинь сонсоогүй миний үеийнхэн байхгүй л дээ?

-Тийм үү. Баярлалаа дүү минь. Бид нар чинь дуулаад л байдаг яг юу болж байгааг ерөөсөө сонирхдоггүй байлаа шүү дээ.

-Та өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин, ард түмний хайртай дуучны нэг шүү дээ?

-Ах нь төрдөө, ард түмэндээ үнэхээр их баярлаж явдаг. Ахынх нь нас яагаа ч үгүй залуу шүү дээ. 60 хүрэх яагаа ч үгүй байна. Ахад нь хийх юм их байна.

-Яг маргаашнаас тийм уран бүтээл эхэлнэ гэсэн төлөвлөгөө байгаа юу?

-Чи чинь хэцүү асуулт шидэж байх чинь. Ах нь ажлаа дийлэхгүй шахуу л явж байна. Улаанбаатар хотын хэмжээнд Баянзүрх дүүрэг хамгийн их хүн амтай. Ах нь Баянзүрх дүүргийн “Жанжин” клубийн захирлаар олон жил ажилласан гэж хэлсэн шүү дээ. Одоо ч хүүхдүүдтэй ажиллаж л байгаа. Үнэхээр сайхан юм.

-Уран бүтээлч хүнд цагийг нь олж өгсөн шагнал маш их урам зориг, эрч хүч өгдөг юм билээ?

-Баярлалаа. Ард түмнийхээ их хайр шагналыг даагаад явчих эр хүн шүү ах нь. Туулаад өнгөрсөн бүх л амьдрал минь нүдний өмнүүр жирэлзээд өнгөрдөг юм байна билээ. Улираад одсон уран бүтээлчийн 40 жилд ах нь энэ тайзан дээрээ уйлж ч байлаа, ууж ч явлаа. Гутарч гуниж явлаа, хөөрөн нисэж ч явлаа. Бархас гэдэг хүний амьдрал энэ л тайзан дээр хөвөрчээ. Хөврөх ч болно.

-“Өргөө” хамтлагийг Болоож, Бархас хоёргүйгээр төсөөлөх аргагүй. Тийм биз?

-Баярлалаа дүү минь. Дүү минь л гээд аваад байсан чинь чи хэдэн оных юм бэ?

-Би 1967 оны Хонь жилтэй “Амьтан” байгаа юм.

-Өө чааваас. Тэгвэл би чамаар оймсоо угаалгах ах нь юм байна аа.

-Ах минь. Урлагтай амьдралаа холбосон түүх энэ тэр гээд яриач?

-Тавдугаар сургууль төгсөж байлаа. Одоо энэ УИХ-ын гишүүн асан, Элчин сайд З.Алтай бид хоёр чинь нэг ангийн баагийнууд гэж байгаа. Сансарын 33-р сургуулийг төгссөн хоёр л доо. За тэгээд яах вэ дээ орцонд дуулдаг байлаа. Хөөгддөг байлаа. Гэхдээ бид нар их зөв сахилгагүй хүүхдүүд байсан юм билээ. 40 жил дуулж явна ах нь. Хоёр ч удаа гавьяатад тодорхойлогдоод буцаж байсан юм билээ.

-Тийм ч учраас таныг хожуухан ч гэсэн гавьяат авсанд баярласан хүмүүс олон байсан л даа?

-Ард түмэн гэдэг агуу юм. Ах нь ний нуугүй хэлэхэд горьдож явсан өдрүүд бий. Баянзүрх дүүргээс хоёр ч удаа тодорхойлж байсан юм билээ. Тэгээд дээрээ очоод л уначихдаг гэсэн.

-Яагаад унагаад байдаг байсан юм бол?

-Энэ нөхөр Бархас бол Монгол Улсын Гавьяат жүжигчин болох гавьяа байгуулаагүй гэж үзсэн юм байгаа биз. Өгдөггүй л байсан шүү дээ.

-Тэгээд олон жилийн дараа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч энгэрт тань нөгөө хулжиж зугатаад байдаг шагналаа зүүж өгөх тэр агшинд та чухам юу бодож зогссон бол?

-Өнгөрсөн бүх л амьдрал минь нүдний өмнүүр жирэлзээд өнгөрдөг юм билээ. Яг үнэнийг хэлэхэд хоёр гар, бүр хамаг бие  хөлөрчихсөн байсан. Ерөнхийлөгчтэйгөө нойтон гар барихгүй гэж бушуухан өмдөндөө арчсанаа л санаж байна.

-Бараг л нүдэнд харагдчихлаа. Та ер нь аль хэр улстөрждөг нөхөр вэ?

-Тэрнээс чинь л хол байдаг хүн. Би зүгээр дуулдаг л нэг эр хүн. Дуулахаас өөр ажилгүй дээ.

-Худлаа яриад л. Та нарыг харин хамгийн их улстөрчдийг дагаж “навсагнасадаг” хүмүүс гэж хааяа бодогддог шүү дээ?

-Чамайг юу гээд дамшиглаад байгааг чинь ойлгож л байна. Бид нар урлагт зүтгээд 40 жил болцгоожээ. Тодорхой хэмжээгээр ард түмэндээ хүрсэн байна. Чамд мөнгө хэрэггүй юу. Тэгвэл ахдаа өгчих. Би ч гэсэн өрхийн тэргүүн. Би ганц хүүтэй тэр минь Энэтхэгт комьпетрийн прогррамисстаар төгссөн. Эхнэр минь дэргэд байна ахад нь өнөөдөр өөр юу хэрэгтэй гэж.

-Уран бүтээлчдийг “Уудаг иддэг” гэх хэл ам л салахгүй дагах юм даа?

-Яадаг юм. Ах нь ид үедээ уудаг л байлаа. Үнэхээр нэг бяр амтагдана гэж байдаг юм шүү. Тэр үед ..... за за больё. Дэндүү даруу биш үг хэлчихлээ. Монгол Улсын Гавьяат Жүжигчин хэмээх эрхэм өндөр цол хайрласан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид үнэхээр их баярлаж явдаг. Одоо тэгээд сонгууль энэ тэр чинь хуучин шиг бөөн зардал, концерт шоу болохгүй амар болж.

-Та чинь “Өргөө” хамтлагаас төрсөн хоёр дахь гавьяат байх аа?  

-Тэгэлгүй яах вэ. Болоож минь үнэхээр уран бүтээлийн ч, амьдралын ч булган сүүлтэй найз минь юм. Бид хоёр өнгөрсөн бүх л жилүүдэд алхам ч холдсонгүй. Хамт явсаар ирлээ. Зовлон жаргалаа хувааж залгилсан найздаа үнэхээр их баярлаж явдаг. “Өргөө” хамтлаг “Соёл Эрдэнэ”-тэй нэгдсэн. Манай жинхэнэ гавьяатай, авъяастай найз нар өнөөдөр “гавьяат”-гүй л явж байгаа. Найз нар минь өнөө муу Бархасынхаа араас гавьяагаа үнэлүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж явдаг даа.  

-Гавьяа шагнал аваад, найз нөхөд хүрээлээд ирэхээр хатуу ундаа хааяа бодогдох юмуу?  

-Ах нь сайн уудаг байлаа. Тийм ч учраас хоёр удаа гавьяатад тодорхойлогдоод буцсан гэж боддог. Би хүний хоолойгоор архи уугаагүй. Ах нь худлаа ярьж явсангүй, хулгай бол бүр чадахгүй. Залуу насандаа уудаг иддэг л байсан. Одоо бол 50 хол гараад явчихлаа шүү дээ. Гэхдээ би ямар сахил хүртсэн чавганц биш. Хааяа ганц нэг сайхан анд нөхөдтэйгөө балга тагш юм хүртэх үе байна. Гэхдээ ёстой л “хааяа” болсон.

-Таныг “Сансарын хулигаан” явсан гэж сонсож байсан?

-Би түрүүн хэлсэн дээ, УИХ-ын гишүүн асан одоо Элчин сайдаар ажиллаж байгаа З.Алтай бид нар чинь нэг ангийн нөхөд. Орцонд дуулдаг байсаан. Нуухгүй. Ах нь аав ээжээс тавуулаа. Доороо нэг дүүтэй гэж байгаа. Харин манайхан надаас бусад нь спортын хүмүүс. Уг нь ах нь МУИС-ын эдийн засгийн ангийг төгссөн хүн. Улсад ажилласан жил маань дөрөв гэж байгаа. Ах нь тэгээд л дуулсан. 40 жил дууллаа. Эрхэм Ерөнхийлөгчөөсөө Монгол Улсын гавьяатыг нь гардсан надад өөр юу хэрэгтэй гэж. Хүндтэй шагнал гардахад хамгийн эхэнд аав, ээж минь л харагддаг юм байна лээ. Өнгөрсөн 40 жилд тийм ч муу дуулж явсангүй. Ард түмэн гэдэг үнэхээрийн агуу их хүчтэн байдаг юм байна. Уран бүтээлийн 35 жилийнхээ тоглолтыг хийсний дараа хүмүүс утасдаад “Чи чинь ямар цол хэргэмтэй юм” гээд баахан асуусан юм даг. Төр засаг минь нөгөө муу Бархасыгаа мартаагүй. Гавьяа шагналаа олгосон. Үнэхээр их баярласан. Төр маань хүчтэй байна, түмэн олон минь эвтэй байна. Ах нь маш их баярлаж байна аа.

Миний Болоож бол Монголын эстрад урлагт хийдгээ хийсэн хүн. Хоёр дахь нь би болсон. Одоо миний араас бусад маань үнэлүүлэх нь тодорхой.

-Бид хоёрын яриа дуусах дөхөж байна. Өнөөдөр та хаана, хэнтэйгээ амьдарч байна?

-Заавал үүнийг асуухгүй бол болохгүй байна уу. Зарим хүмүүсийг гомдооход ах нь эхнэртэйгээ жирийн л амьдарч байна. Ганц хүү минь Энэтхэгт комьпютерийн инженерээр төгссөн. Чиний асуултны цаад санааг ойлгож л байна. Ах нь архи сайн уудаг байсаан. Одоо бол амсах төдий. За өөр юу байна.

-За баярлалаа. Илэн далангүй ярилцсан танд баярлалаа.

Чамд ч гэсэн баярлалаа. Ах нь ерөөсөө дуулдаггүй байсан юм. Тэгээд арав төгсөх жилээ л дуулж эхэлсэн. 1976 онд цэрэгт очоод л Болоожтойгоо нийлсэн. Энэ Болоож гэдэг хүн миний амьдралаас салахгүй юм байна. Салгаад ч яах вэ дээ.

-Тантай “Жуковын музей”-н буудал хавиар мөн ч их таарах юм даа?

-Унаган нутаг минь шахуу юм чинь аргагүй шүү дээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.