29820.97 га газрыг гэр бүлийн зориулалтаар өмчлүүлнэ

Twitter Print
2016 оны 03-р сар 29-нд 14:48 цагт
Мэдээний зураг,

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн 2016 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг хавсралтаар баталж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэд үүрэг болголоо.

2016 онд улсын хэмжээнд нийт 29820.97 га газрыг гэр бүлийн зориулалтаар, 39,26 га газрыг аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн 2016 онд улсын хэмжээнд иргэдэд үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн нийт 29820.97 га газрын 4,5 хувийг одоо эзэмшиж, ашиглаж байгаа хашааны газар, 93 хувийг шинээр өмчлүүлэх газар, 2,5 хувийг улсын чанартай автозам дагуух газар эзэлж байгаа бол аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөсөн газрын 6,5 хувийг үр тариа,  55,1 хувийг төмс, хүнсний ногоо тарих зориулалттай, 38,2 хувийг газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалттай газар тус тус эзэлж байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2003 оны тавдугаар сарын 01-нээс 2015 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 446004 иргэн 47840,58  га газрыг өмчилж авсан байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн сум, дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээний загварыг баталлаа

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасныг үндэслэн “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлыг тусгасан гэрээ”-г тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээний загварыг баталлаа.

Нутгийн захиргааны байгууллагатай хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аль аль нь гэрээ байгуулж ажиллана. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай байгуулах гэрээний хугацааг талууд хоорондоо харилцан тохиролцож байхаар тусгажээ.

Стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь аймгийн аймгийн Засаг дарга гэрээ байгуулах бөгөөд энэ асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэхээр тусгажээ.

Энэхүү загвар гэрээ байгуулагдсанаар аймаг, сум, дүүргийн түвшинд янз бүрийн гэрээ хийдэг байсныг нэг мөр болгож, гэрээнд оролцогч талуудын үүрэг хариуцлага тодорхой болж байгаа юм. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс оруулж буй хөрөнгө оруулалт нь орон нутаг, хүн амын хөгжилд хэрхэн үр өгөөжтэй зарцуулж байгаа хийгээд ил тод шударга ойлгомжтой харилцааг хөрөнгө оруулагчид болон орон нутгийн иргэдэд бий болгох чухал ач холбогдолтой байх болно.

Гэрээний хэрэгжилттэй холбоотой төсөл хөтөлбөрийн ач холбогдлыг орон нутгийн иргэдэд таниулах, иргэдийн оролцоо бүхий хамтын ажиллагааны хороо ажиллуулж байх, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тухайн сум, дүүргийн иргэдийн санал, хүсэлтэд суурилсан, ИТХ-аар батлагдсан орон нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас сонгон төсөл хөтөлбөр хамтран боловсруулахаар  гэрээнд мөн тусгагджээ.

“Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталлаа

УИХ-ын 2013 оны тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталж, энд тусгагдсан төсөл, арга хэмжээг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, концессын гэрээ байгуулах замаар болон бусад эх үүсвэрээр хэрэгжүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт даалгалаа.

Үйл ажиллагааны төлөвлөгөөг баталснаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий  төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, хотын доторх төрийн захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн нэг төвт төвлөрлийг задалж, сарниулах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг салбар бүрт тэгш, хүртээмжтэй байдлаар шийдвэрлэн эрүүл мэнд, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлсэн хот бий болгох зорилго хэрэгжих юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.