О.Баасанхүү: Би “Шударга ёс” эвслийг Н.Батцэрэгээс илүү аваад явчихаж чадна

Twitter Print
2016 оны 03-р сар 28-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн хэдэн хоногт УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийг тойрсон хэл ам, хэрүүл тэмцэл Монголын улстөрийн гол дуулиан болоод байгаа. Ямартай ч Л.Цог, Г.Уянга хоёр бүлгээсээ гарснаар арай чүү найман гишүүнтэй үлдсэнээр О.Баасанхүү гишүүний байр суурийг ажиглаглагчид олширч байгаа. Хэрвээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хэзээний харшилтай О.Баасанхүү гишүүн “Шударга ёс” эвслээс гарвал Шийдлийн Засгийн газар чадамжгүй  болох аюултай. Ингэхээр өнөөдрийн хувьд О.Баасанхүү гишүүний байр суурь Засгийн газрын хувь заяаг ч шийдэх боломжтой болчихоод байгаа. Эдгээр асуудлаар өөрөөс нь дараах тайлбарыг авлаа.

-Гурав хоногийн өмнө болсон МАХН-ын Бага чуулган нэлээн ширүүхэн болсон дуулдсан. Ямар асуудлаар тэгж сүрхий санал зөрөлдсөн юм бэ?

-Надад хэл чимээ ч өгөөгүй, би ч оролцьё гээгүй. Бага чуулганд оролцоогүй болохоор ямар асуудлаар тэгж сүрхий маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Мэдээж олон хүн цуглаад хуралдаж байгаа болохоор олон янзын л үзэл бодол, ашиг сонирхол ил гардаг л даа. Харин нарийн учрыг яг сайн хэлж мэдэхгүй байна.

-Л.Жамбалжав, Э.Гонгор зэрэг гишүүд нь МАХН-ыг шинэчлэх хөдөлгөөн байгуулсанаа зарлаж, баахан эсэргүүцэлтэй тулгарсан юм бишүү?

-Аа албан тушаалд жигтэйхэн дур сонирхолтой, тэгээд хүссэн албандаа очиж чадаагүй өвгөчүүл юу ч гэж дайрч, янз бүрийн юм хийж явахыг үгүйсгэх аргагүй л дээ. Л.Жамбалжав гээд эмч Эрүүл мэндийн сайд болгосонгүй гээд хэл ам хийгээд л явдаг шүү дээ. Сүйдтэй ч юм биш л дээ, чааваас.

-УИХ-ын дэд дарга Л.Цог, гишүүн Г.Уянга нар “Шударга ёс” эвслийн бүлгээс албан ёсоор гарчихлаа. Танд энд тэндээс янз бүрийн санал тавьж байна уу?

-Энд тэндээс санал тавих тухай юм байхгүй. Тэгээд ч би ганцаарчилсан тоглолт хийхгүй. Би нэгэнт л МАХН-ын нэрээр УИХ-д орж ирсэн болохоор эцсийг нь үзнэ. Хувийн тоглолт хийж “баатар” болох сонирхол алга. Л.Цог, Г.Уянга гишүүдийн хувьд хувь улстөрчдийн шийдвэрийг нь хүндэтгэж байгаа. “Шударга ёс” эвсэл одоо найман гишүүнтэй учир үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжтой.

-МАХН-ын Бага чуулганаар Л.Цог, Г.Шийлэгдамба нарын албан тушаалаас нь огцруулсан байна лээ. Харин таны нэр УИХ-ын дэд даргын суудалд яригдаж байгаа юмаа даа?

-Миний нэрийг УИХ-ын дэд даргад дэвшүүлсэн ч би зөвшөөрөхгүй. Тэр суудал дээр би овойгоод сууж байх ямар ч шаардлага байхгүй. Харин түүний оронд намайг “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга болгоотхооч ээ гэж би бүлгийн зарим гишүүдэд хэлж байгаа. Ядаж л би Н.Батцэрэгээс хамаагүй илүү энэ ажлыг аваад явж чадна. Н.Батцэрэг шиг суудал бөглөж, зүүрмэглэж суухгүй. Түүнээс гадна “Шударга ёс” эвслийн бүлэг сүүлийн хоёр гурван жил яг л Н.Батцэрэг шиг бөөрөнхий, ямар ч туйлбартай бодлогогүй, нэгдмэл зорилгогүй явж ирсэн шүү дээ. Одоо арай ч дээ, энэ байдлыг эцэслэх цаг болсон.

-Өнгөрсөн баасан гарагийн орой МАХН-ын дарга Н.Энхбаяр Сөүл рүү ниссэн байна. Та гаргаж өгсөн үү?  

-Тэгсэн гэнэ. Би гаргаж өгөх нь байтугай ойрын үед уулзаагүй. Н.Энхбаяр даргыг Сөүл рүү нисч байхад би Эрдэнэтэд ажилтай явж таарсан. Тэгээд ч надад иймэрхүү гэнэтийн шийдвэр, ажил явдлаа дуулгадаггүй юм шүү дээ. Мэдээж байнга нүдэнд нь харагдаж байхын төлөө хичээнгүйлэн зүтгэдэг, ам руу нь орчих шахдаг олон хүн байгаа болохоор тэд нар бөөндөө гаргаж өгсөн байлгүй дээ.

-Маргааш УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийнэ. Энэ чуулганаар уран, цөмийн хог хаягдлын талаар хэлэлцэнэ гэж шуугиж байна. Энэ асуудалд “Шударга ёс” эвсэл ямар байр суурьтай байгаа вэ?

-МАХН-ын тухайд Ногоон намтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байгаа. Тийм болохоор Ногоон намын зүгээс маргаашийн чуулганаар хэлэлцэх асуудалд оролцох юм бол санамж бичгээ эргэж харахаа мэдэгдсэн. Бидний хувьд ч Монголын байгаль орчинд асар их хор хохиролтой цөмийн хог хаягдлыг манай улсын нутаг дэвсгэрт оруулан ирэх талаар ярих гэж байгаа бол эрс эсэргүүцэж хуралдаанд оролцохгүй.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • чу

      (122.201.22.197) 2016-03-29 10:20
      • 0
      • 0

      ховдын орос хэлний багш л гээ биздээ.энхбаяртайгаа зайлах хэрэгтэй шүү дэ.улс орон та нараар дутахгүй л боловуу. худлаа хуцахаас өөр чадах юм байдаг юмуу. танай нам дахин монголд гарахуу. усгах хэрэгтэй р нарыг шоу шүү дээ.

      Хариулах

    • Зочин

      (95.119.248.107) 2016-03-28 17:53
      • 0
      • 0

      Orolzoxgui gej teneg yum bishuu orolzood harin esreg zogsoxgui eee

      Хариулах