Өнөөдөр Good Friday буюу Христийн шашны эмгэнэлт өдөр

Twitter Print
2018 оны 03-р сар 30-нд 09:14 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр баасан гариг. Энэ өдөр Христийн шашин шүтлэгтнүүдийн дунд Иисус Христийг цовдлуулсныг санан дурсах өдөр болох ням гаригийн (Оросууд “пасха” хэмээн нэрийддэг) өмнөх “битүүн” буюу “Сэтгэлийн баасан гариг” хэмээн тэмдэглэдэг байна. Харин Англо-саксчууд энэ өдрийг “Гэгээн баасан гариг” (Good Friday) болон «Урт баасан гариг» (Long Friday) хэмээн тэмдэглэдэг байна.

Сонирхолтой нь “Гэгээн баасан гариг”-ийг тэмдэглэх тов жил жилд өөр байдаг бол энэ жилийнх нь өнөөдөр тохиож байгаа аж. Энэ өдрийг харин хэрхэн тогтоодгийг жирийн сүсэгтэн олон хэзээ ч мэддэггүй бөгөөд зөвхөн сүм хийдээс тэмдэглэх өдрийн товыг гаргаж өгдөг байна.

Эрдэмтийн судалснаар, “Гэгээн баасан гариг” анх манай эрины 30-р оны дөрөвдүгөөр сарын 7-нд (Anno Domini – AD) тохиосон гэж үздэг аж.

Барууны орнууд, тухайлбал Их Британи даяар энэ өдрийг албан ёсны баярын өдөр болгон ёслон тэмдэглэдэг бөгөөд албан байгууллага, хувийн компаниуд амарч, сүм хийдэд гурван цаг үргэлжилсэн урт мөргөл үйлддэг байна. Харин өдрийн яг гурван цагт буюу загалмайд зовдлуулсан Иисус Христийг амьсгал хуурсан үед Британийн гол сүм хийдүүдэд жүжиглэлт найраг уншдаг аж.

Энэ өдөр гэхдээ сүм хийдийг чимэглэдэггүй, учир нь эмгэнэлийн  өдөр тул зөвхөн «hot cross buns» гэх загалмай тэмдэг дүрсэлсэн амтат боов хийж иддэг уламжлалтай ажээ. Зарим сүм хийдүүдэд бүр «hot cross buns»-д зориулсан тусгай ёслол үйлддэг бол энэ өдөр мөн махны оронд загас иддэг уламжлалтай.

Good Friday өдөр болон гашуудалт ням гаригт шинэ хүн төрвөл асар их авьяас билэгтэй хүн төрлөө хэмээн билэгшээдэг аж. Тэрчлэн энэ өдөр барьсан талх гэдэс өвдөхийг намдаадаг гэсэн итгэл үнэмшил байдгийн дээр энэ өдөр барьсан талх, боов хатдаггүй, харин хатсан талх орон гэрийг галын аюулаас хамгаалдаг гэж үздэг байна.

Энэ мэт сонирхолтой ёс заншил, уламжлал, шашны зан үйлийн тухай харин Бурхны шашин шүтлэгтэй Монголчууд судалж үзэх нь ховор. Харин түүхийг сөхвөл, бидний  өвөг дээдэс Христийн шашны зарим эртний урсгалыг шүтдэг байсан мэдээ баримт, олонтаа тааралддаг. Эзэн Чингис хаанаас хожуу үед Монголын уугуул овог аймгууд дэлхийн тэнгээр тарж бутарч явахдаа, Христ болоод Исламын шашин шүтлэг авсан нь өнөөдөр олон газар нутагт тархан суухад хүргэсэн нэг хүчин зүйл болсон байдаг билээ. Харин Христийн шашин шүтлэг ямар утга учиртай, хэзээ хаанаас эхтэйг сонирхоод нэг үзвэл, Христийн шашин дэлхий дахинд түгж, Европ дахины оюун санааны үндэс болтлоо урт удаан замыг туулсан байдаг. Энэ шашинг Христийн мэндэлснээс эхлэн тоолдог манай эрний нэгдүгээр зуунд үүссэн гэдэг. Гэхдээ Иисус Христ яг мэндэлсэн эсэх нь тийм ч баттай биш. Магадгүй олон хүнийг хуурсан хамгийн том төөрөгдөл ч байж мэднэ.

Христийн шашин анх иудизмын дэвсгэр дээр, түүний нэг бүлэглэлийн шашин номлол маягаар төлөвшсөн байдаг. Харин энэ шашны номлол түүхэн цаг хугацаанд түгэн түгсээр эцэстээ Христийн шашныг өөрийн амьдралын утга учир гэж үзэх болсон сая, сая хүмүүсийн итгэл үнэмшил болж, Иисусийг Христ /Аврагч, Мисси/ болгон залахад хүрсэн байна.

Христийн шашны номлол Евангелийг /утгачилбал, ариун буянт мэдээ/ дан ганц Иисүс гэгч биш олон хүний оюун ухаан шингэсэн зохиолууд хэмээн дүгнэж болно. Эрдэмтэд заримдаа баттай түүхэн баримт ховор дөрвөн евангелид /Матайн, Маркийн, Лүүкийн, Иоханы/ бичигдсэн түүхэн баримт, намтрыг судлаад зарим талаар зөрөөтэйг иш татан Есүсийн түүхэн бодит хүн байсныг эргэлздэг байна.

Эртний Грекийн бурхан шүтлэгт өдий төдий бурхан байсан бол Христийн шашинд цор ганц бурхан бий. Грекийн бурхад тус тусдаа ертөнцийг захирах болж сансрын журамд захирагддаг бол Христийн шашны бурхан ертөнцөөс дээгүүр ертөнцийг бүтээгч бөгөөд эзэн нь хэмээн үздэг байна. Христийн шашны бурханыг зөвхөн байгалийн төдийгүй, хүний эрх дураар бүтээгддэг ертөнцөөс дээгүүр ариун сүнс гэнэ.

Бурханы агуу сүр хүчинд итгэх явдал эртний еврей нарын шашин иудаизмаас эх авчээ. Энэ итгэл нь иудизмын хувьд ч, Христийн шашны хувьд ариун нандин сургаалиудын эмхэтгэл болох “Хуучин гэрээс”-т тулгуурладаг аж.

“Хуучин гэрээс” номлолд еврей нарын хэрхэн  адлуулан зовж, хэрхэн хэрэн хэсэн тэнэж, Вавилон, Египетэд олзлогдож байсан гунигтай гашуун үйл явдлаар дүүрэн бөгөөд тэдний тэр зовлон зүдгүүрийг ганц бурхан л аварна гэсэн номлол гардаг байна. Харин энэ номлолыг хожим нь “Шинэ гэрээс”-ийн бэлтгэл бөгөөд хүн төрөлхтөнд шинэ итгэл найдвар хүргэх өмнөтгөл гэж үздэг бөгөөд  энэ хоёр номлол ихээхэн ялгаатай байдаг байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.