Үсчинд болсон яриа

Twitter Print
2017 оны 02-р сар 23-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Монголчуудын амьдрал жаахан гундуухан, сэтгэл санаа бас гутруухан. Гутрахгүй байхын ч аргагүй гэнэ.  Дээгүүр байгаа хэд улс орныг элгээр нь хэвтүүлчихлээ, идэж ууж хандаггүй юм уу, өөрсдөө л элдэв тансаг орон байранд амьдарч, цатгалан царайлж явахаас ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордсоор байгааг өөрсдийнхөө залхуугаас тэр гэж доромжилж суух юм гэх…

Үсчинд нэг энэ мэт яриа үүсдэг юм байна. Энэ өдөр хүн ихтэй байлаа, үс засуулахад сайн өдөр аж. Эрэгтэй, эмэгтэй үс засдаг хоёр үсчинд арав гаруй хүн дараалан зогсож, сууж, энэ тэрийг нь дуугайхан ажиглан байх зуур хаалга сэвхийтэл татан орж ирсэн дөч шахам насны жаахан халамцуу эр олны дараалалыг харж зогтуссанаа нэгийг бодов бололтой эргэн тойрноо ажиглан үүдэн тус газар зогсов.

Гэтэл үсээ засуулахаар толины өмнө суусан нэг залуу, эхлээд угаалгахад хэдэн төгрөг байдаг юм гэж асуухад, үсчин бүсгүй “Гайгүй ш дээ” гэж байх юм. Нөгөө залуу, үгүй ээ би хэдхэн төгрөгтэй гарч ирчихээд л хүрдэг болов уу гэж бодоод асууж байна л даа гэв. Хариуд нь бүсгүй үс засуулах, угаалгахтайгаа нийлээд тэдэн төгрөг гэхэд, нөгөө залуу, “Өө тэгвэл амжихгүй юм байна, зүгээр засуулчихъя. Одоо ч авдаг цалин байхгүй дээр юм бүхэн үнэ ороод хэцүү юм” гэснээр үсээ засуулахаар цугласан олныг “улс төржүүлж” орхив.

Нөгөө үүдэнд зогсох халамцуу залуу түүний энэ үгийг уухайн тас өлгөн авч, “амьдрал хэцүү болсоон хөгшөөн, одоо нөгөө “халуун хоол, хүйтэн пиво” гэж борчуудын стрессийг ганц тайлдаг байсан баар савнуудад чинь хүн орохоо байсан байна ш дээ. Нөгөө хэд нь түрээсээ дийлэхээ байгаад хаяад явдаг болсон байна лээ” гэхэд эгнээ сандлын эхэнд суугаа гуч гаран насны, нүдэнд дулаахан нэгэн бүсгүй, “тэр баар сав ямар хамаа байсан юм, хүүхдүүддээ аятайхан юм ч аваад идүүлж чадахгүй болсон байхад” гэнэ. Ингээд л хүн бүр дор дороо засаг төр барьж буй эрхэмүүдийг эргүү тэнэгээр нь дуудаж, улсын хөрөнгө идэж ууж, баяжсан бүхэн нь хоол болохгүй, үр хүүхдүүд нь хожим нүгэл үүрэх юм болов. Харин нөгөө халамцуу залуугийн хэлсэн, “ нэг л их үнэтэй том машин унасан, арчаагүй жоохон хүүхдүүд аль үнэтэй тансаг газруудыг шилж сонгон наргиж байдаг… хэний мөнгөөр тэгж тансаглаад байдгийг нь нэг ойлгуулж өгөх юмсан. Эцэг эхийнхээ хийсэн нүглийг хүүхдүүд нь хамтдаа бас үүрэх ёстой биз дээ” гэсэн үг  2008 оны долдугаар сарын түйвээнийг санагдуулж орхилоо.

Үнэндээ амьдралдаа сэтгэл дундуур, бухимдаж хорссон санаа бодолтой явдаг хүмүүс, ямар нэг үл ойлголцол, үймээн самуун тулсан цагт залж чиглүүлэх аргагүй улангассан хар хүч болж хувирдгийг тэр цагийн үйл явдал харуулж билээ. Тийм үймээн дотор хүн өөрийн ухаанаа алдаж, юу ч хийхээс буцдаггүй “араатан” болж хувирдгийг дэлхий дахины мэргэд эртнээс хэлж анхааруулж ирсэн, тийм гашуун сургамж олон байдгийг түүх хэлээд өгнө. Түүх ч гэлтгүй, Ливи, Сири гээд Ойрхи Дорнодын орнуудыг хамсан улбар шар хувьсгал гэдэг саяхны бэлхэн жишээ баримт байна. Ливийн босогчид олон арван жилийн турш авралт бурхан мэт шүтэж ирсэн нөгөө удирдагч Каддафигаа хэрхэн нохой мэт тарчлаан алж байлаа даа. 90-ээд оны эхэнд Румынд ч тэр, коммунист удирдагч Николай Чаушеску, эхнэрийнхээ хамт зэрлэгээр хороодсон. Үнэндээ, олныг хамарсан үймээн самууны үед хүн бүхэн асуудлыг Линчийн хуулиар л шийдвэрлэхийг хүсдэг сэтгэл зүй байдаг гэдэг.

Ийм үзэшгүй муухай самуун Монголд бас дэгдэхгүй гэхийн аргагүй, өөрөө би тийм явдалтай тулгарсан хүний хувьд хэлж байна. Учир юун гэвэл, долдугаар сарын 1-ны тэр өдрийн үдэш ажил дээрээ нилээн оройтсон би вээр гэртээ орохоор байрынхаа гадаа иртэл, “траншейныхан” гэгддэг хэсэг нөхөд нилээн халамцуу байгаа харагдав. Юмыг яаж мэдэхэв гэж болгоомжлоод байрны нөгөө талаар тойрдог юм бил үү гэж нэг бодсоноо, за гайгүй биз гэсэн бодол зурсхийгээд хажуугаар нь өнгөрч гартал, хүнсний дэлгүүрийн өмнөх шатан дээр зэрэглэн суусан тэдний захаас гурав нь босож ирээд “нөгөөдөх чинь энэ байна, хөөе чи, манай дүү охиныг яахаараа дээрэлхдэг новш вэ” гээд намайг барьж авахыг завдахад би самбаачлан ухасхийж, орцныхоо зүг гүйсэн маань оносон байлаа. Архинд нэвчиж, ядарч ягдсан тэдний сүг болсон бие намайг гүйцэхээргүй байсан юм. Хэрвээ би баригдсан бол юу болох нь тодорхой, цусаа асгартал зодуулж, бүх зүйлээ дээрэмдүүлэх байв. Өөр юу ч болоо билээ, тэр дүү охиныг дээрэлхсэн энэ тэр гэдэг нь зүгээр л далим. Хүнд гэнэт тэгэж хэлэхээр гайхан зогтусаж тэр дороо баригддаг л байхгүй юу. Дараа нь бодохнээ тэр “траншейныхан” хувьсгалт намын байранд болсон үймээн самуунд гар бие оролцож, цөс нь хөөрчихсөн амьтад замдаа таарсан бүхнийг арчаад хаячих юм шиг явж. Муу хүн чөлөөнөөр, чоно борооноор гэдэг л тэр.

Ингээд бодоход, ямарваа нэгэн үймээн, бослого самууны үеэр мөрөөрөө яваа гэмгүй хүн л хохирно. Цэвэрхэн хувцасласан, боловсролтой, “хорхойд хоргүй” энгийн нэгнийг  тэд, тэр самуун ухаантнууд ямар их хорсолтой нүдэж байх бол. Тийм үед аль үнэтэй харагдсан машин тэргээр тогтохгүй, нүдний буланд торсон өнгөтэй өөдтэй бүхэн сүйдэх болно. Тэгээд зогсохгүй хүний амь.

Ер нь ямар ч үймээн самуун, аливаа “майдан”-ы үеэр тухирсан олны уулгалал дунд хүнээс гардаг ганц араншин бол эвдэж сүйтгэх явдал байдаг. За энэ ч яахав нөгөө эхэнд өгүүлсэн “улс төржсөн” явдлаас жаахан хазайчихлаа.

Харин үсчинд цугласан түмэн олны хөгшин залуугүй ганц санал нэгдсэн зүйл бол энэ ардчилалынхан улс орныг бас л элгээр нь хэвтүүлчихлээ, гэдсэндээ хөлөө жийлцсэн ямар их амбицтай нөхөд байдаг юм бэ гэх. Гэтэл нөгөө “шинэчлэлийн”, “шийдлийн” засгийн газруудын хийсэн бүтээсэн, нөгөө хувьсгалт намын үеэс ажил болдоггүй дэд бүтцийг ямар хэмжээнд аваачиж, улс орныг өр зээлээс гаргаж, гацаанд орсон нөгөө том мега төслүүдийг яаж хөдөлгөж эхэллээ гээд ямар ч үр дүн харагдахгүй байна уу гэхэд “Үгүй” гэнэ. Яагаад? Гэвч тэдэнд улс орныг ядууралд хөтлөхгүй байсан арга зам, гарц л чухал аж. Дэлхий дахин эдийн засаг, санхүүгийн хямралд өртчихөөд байхад энэ чинь манайхыг тойрохгүй, дайрах л асуудал шүү дээ, хөрш хоёр орноо харахад юун манайх байтугай маш хэцүү байгаа гэхэд “үгүй” манайх бол байгалийн баялаг, малаараа хэзээ ч ингэж ядрахгүй, ганцхан дээгүүрээ л гадаадынхантай хамтран идчихээд байна шүү дээ гэх аж.

Уншсан, мэдсэн юмгүй хэрнээ “улстөрждөг” тэдний эсрэг би эцэстээ ганцаардав. Арга ч үгүй, тэр идсэн уусан нь бас бий хойно аманд ингэж багталгүй яахав. Тэгээд бодлоо, энэ жилийн сонгууль ер нь ямар дүр зурагтай өндөрлөх болоо гэж. Ямар ч байсан ардчилсан намынханд их хүнд тусах бололтой. Хорь шахам насны залуу л гэхэд “залуучууд бол бүгдээрээ ардчилалынханд итгэхээ байсан” гэх юм. Хөдөө, орон нутгаас ирсэн гэх нэгэн эмэгтэй бас ингэж байна. Юу гэсэн үг вэ, зүтгэж зүтгэчихээд эцэс сүүлд нь ийм “хүндлэл” хүлээнэ гэдэг. Чин шударгаараа явсан олон хүмүүст энэ бол хүнд тусна. Ирэх сонгуульд энэ их хурлын гишүүдээс нэгийг нь ч сонгохгүй юм гэнэ, намаа болъё, нөгөө хүнийг нь харж итгэл хүлээлгэнэ гэдгээ байчихаа юу, ирэх сонгуульд бие дааж нэр дэвшигчид улс төрийн ухаан сууж, туршлага хуримтлуулсан нь юу л бол, тэгэхээр нам эвслийн хүч гэхэд олонд танигдсан тулхтай шинэ хүн гаргана гэж байхгүй шүү дээ.

Тэр ч тийм, энэ ч ийм. Ийм л нэг маргаан, мэтгэлцээн шахуу бухимдал үсчинд өрнөлөө. Үсээ засуулж байгаа нь ч ярьж л байх, үсчинд төвөг удахгүй байгаа мэт. Үсчин ч мөн ам хуурай өнгөрсөнгүй, бүгдээрээ л бухимдацгаалаа. Ер нь бидний бухимдал, эгдүүцэл өнөө цагт дээд цэгтээ тулсан бололтой. Гадныханд хүртэл илт байгаа аж.

Олон улсын эдийн засаг, санхүүгийн дүн шинжилгээ, судалгааны Bloomberg төвийн шинжээчид бүр дэлхийн хамгийн их бухимдалтай улсуудын дөрөвт биднийг эрэмблэчихсэн байна.  Тэд судалгаандаа нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, орлогын тэгш бус байдал, авлигын тухай ойлголт, ажилгүйдлийн түвшин, дундаж наслалт, хот суурин газрын агаарын бохирдол зэрэг долоон шалгуурыг харгалзан бухимдлын түвшинг 100 оноогоор жагсаасан байна. Гэтэл манайх хамгийн дээд бараг зуугаад оноо авчихсан аж. Учир нь тэдний дүгнэлтээр бухимдлын хэмжээ багасах тусам өгөх оноо хорогдох юм байж, хөөрхий.  

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.