Ус хэмээх чандмань эрдэнэ

Twitter Print
2019 оны 03-р сар 22-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Өвөг дээдсийнхээ үеэс Монголчуудын шүтэж ирсэн оройн дээд эрдэнэ юу вэ? Хүний мэдлэг, уншсан, дуулсан сонссоныг сорьсон ийм нэгэн асуулт тавилаа гэж бодоход шууд, эсвэл тааж буудах хүн хэр их байх бол. Боловсрол суваг телевизээр гардаг “50 саяын уналт” нэвтрүүлгээр ийм асуулт тавилаа гэхэд лав л өнөө үеийн залуучууд  “чандмань” гэдэг үгэн дээр ганц ч төгрөг тавихгүй байж мэднэ. Үнэндээ өнөөгийн бид амин чухал эрдэнээ аль эртнээс умартан, дээдлэн хүндэтгэхээ болиод удаж байна.

Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч нэгэнтээ, “Усаа бид хайрлахаа мэдэхгүй юм. Эх орноо хайрлах гэдэг энгийн нэг сэтгэлээс эхэлдэг. Ядаж, нүүр амаа угаахдаа гоожуураасаа дэмий их ус асгахгүй байвал тэр чинь эх оронч сэтгэл. Харин би ганцаараа ингэж ус ариглаад байдаг шиг байгаа юм” хэмээн телевизийн нэгэн нэвтрүүлгээр өгүүлж байсныг санах юм. Гэтэл Монгол нутгийг буян заяа бааргдахгүй, гэвч бүгд “гадагшаа урсдаг”-ийн нэгэн адил энэ дэлхийн эх ундарга мэт их ус маань ч хил даван алсын алсад оддог билээ. Харин бид амь амьдралын эх болсон энэ чандмань эрдэнийн үнэ цэнийг үл тоомсорлох ажгуу.

Өнөөдөр гуравдугаар сарын 22, Дэлхийн усны нөөцийн өдөр. 2020 он гэхэд дэлхий нийтээрээ усны хомсдолд орно гэдгийг шинжээч, судлаачид тогтоогоод байгаа учир улс орнууд энэ өдрийг урьд өмнөхөөсөө илүү ач холбогдолтой тэмдэглэдэг болж, усны эх үүсвэр, хэрэглээндээ онцгой анхаарал хандуулдаг болсон билээ.  Хэрвээ ус хомсдвол эх дэлхийн уур амьсгал өөрчлөгдөн хатаж, хуурайшин цөлжинө. Гэтэл 1990 онд 5,5 тэрбумаар тоологдож байсан дэлхийн хүн ам одоо долоон тэрбумыг даваад 2020 он гэхэд 9,3 тэрбум болж өсөх тооцоо гараад байна. Тиймээс усны хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр ховордоно гэсэн үг учир эрдэмтэн мэргэд энэ асуудалд толгойгоо өвтгөж, бидэнд усыг ариг гамтай хэрэглэхийг зөвлөж, сэрэмжлүүлсээр байна.

Дэлхийн хөгжилтэй орнууд өдгөө усны асуудлыг чухалчлан авч үзэж, усаа гамтай хэрэглэх, мод тарих, цөлжилтөөс хэрхэн сэргийлэх талаар томоохон ажлууд өрнүүлж байгаа бол Төв Азид төдийгүй дэлхийн цэвэр усны хагалбар судал оршдог Монгол улсад асуудал өөр, асуудлыг ухаарахгүй байх аж.

Эрдэс баялагийн төлөө газар шороогоо хайр найргүй сэндийчээд зогсохгүй, газар тариаландаа хортой бордоо цацахаас өөр арга зам мэдэхгүй улс чинь усны эрдэнэ мэт оройн дээд ач тусыг үл олж харна. 

“Учраа мэдэхгүй балчир хүүхдэд” аливаа юмыг зааж сургахдаа хялбархаан тайлбарлан таниулдаг арга ухаан Монголчуудад байдагсан. Тэгвэл эрдэнэт хүн болж төрсөн энэ биеийн наад захын хэрэгцээ шаардлагыг эргэн нэг сануулъя.

Хүний бие организм үндсэндээ уснаас бүрддэг гэдгийг бид бүгд мэднэ. Гэтэл элдэв өвчний 80 хувь нь бие организмд ус дутагдсанаас болж үүсдэгийг эрдэмтэд нотолсон байдаг...

Хүн байгаль хоёр хүйн холбоотой. Дэлхийн гадаргын 70 % нь ус байдаг бол бидний биеийн 70 %-г ус эзэлдэг. Эхээс төрсөн хүүхдийн биеийн жингийн 80-90% нь уснаас бүрддэг бол насанд хүрэх үед 70% болж, өтлөх цагт 65-50% болтол буурдаг байна. 

Хүн амьсгалах, хөлрөх, бие мах бодийн физиологийн дотоод үйл ажиллагааны явцад өдөртөө 2,5 литр шингэн алдаж байдаг.

Биед ус дутагдсаны анхны шинж тэмдэг нь тогтмол ядрах, бага зэрэг толгой өвдөх, толгой эргэх шинж тэмдгүүд юм. Организмд ус дутагдсанаас болж бодисын солилцооны төрөл бүрийн өвчин, биеийн температур нэмэгдэх, булчингийн ажиллагаа сулрах, хөдөлгөөний эвсэл муудах, тэсвэр хатуужил муудах, инсульт болон инфарктын магадлал өндөрсөхөөс гадна хамгийн түрүүнд нүүр хэсэгт үрчлээ сууж эрт хөгшрөлт явагддаг байна. 

Хүний бие организм олон мянган триллион эсээс тогтдог билээ. Эс өөрөө шингэн бүтэцтэй…. Хүний бие организмыг усан бассейтай зүйрлэх юм бол олон мянган триллион эс маань бассей дахь усанд хөвж явна гэсэн үг. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  ундны усанд маш олон шалгуур тавьдаг. Усны исэлдэн ангижрах чадвар, гадаргуун таталцал, хүчил шүлтийн тэнцвэрт харьцаа, эрдэсжилт, усны бүтэц гэсэн гол таван шалгуурт бид бүхний унданд хэрэглэж байгаа ус маань үнэндээ тэнцдэггүй аж. 

Үнэндээ хот суурин газар төдийгүй хөдөө орон нутагт ч бид ахуйн зориулалттай усаар ундаалж байдаг.

Дэлхий нийт энэ байдлаас гарах арга зам хайн янз бүрийн шүүлтүүр, элдэв төхөөрөмж бий болгож байгаа боловч тэдгээр нь зохих таван шалгуурын нэг, хоёрхон үзүүлэлтийг хангах төдий эд байдаг байна. Ямар ч шүүлтүүр усны найрлагад байгаа хлорыг саармагжуулж чаддаггүй. Харин усан дахь эрдсийн агууламжийг бууруулах талтай. 

Алдарт Авиценна гэгддэг эртний Персийн алдарт эмч Ибн Сина, “Хүний эрүүл мэнд гэдэг бүхэлдээ шингэн алдаж “хатсаны гэрч” юм. “Хөгшрөлт бол хуурайшилт” хэмээсэн байдаг.

Хүн хоногт өөрийн биеийн жингийн нэг кг тутамд 30 мл биологийн хэрэгцээт усаа хэрэглэж чадвал эрүүл байх боломжтой. Хүн өөрийн жинд тохирсон биологийн хэрэгцээт амьд усыг ууснаар өдөрт 1,5 л шээс ялгарч байвал биеэс бохир хорт бодисууд сайн гадагшилж байгаа хэрэг юм. 

Халдварт өвчин, тахал зэргээс урьдчилан сэргийлэхийн тулд 1904 оноос усыг хлоржуулж эхэлсэн түүхтэй. Энэ нь тийм төгс арга биш байлаа. Хлор нь халууны боловсруулалтад орох үедээ нэн хортой нэгдэл болон задарч даралт ихсэх, харшил, хавдрын өвчнүүд, дотоод шүүрлийн гэмтлүүд тэр тусмаа бэлгийн сулралд хүргэх зэрэг хорт нөлөөг үзүүлдэг. 50-иад настай хүн ойролцоогоор 16 кг хлор, 2 кг нитрат, хоолны 2 халбага хөнгөн цагаан зэрэг бусад хорт нэгдлүүдийг ууж хэрэглэсэн байдаг гэсэн тооцоог эрдэмтэд гаргасан байна. 

Иймд бид, тэр тусмаа хүүхэд залуучууд маань зөв усыг хэрэглэдэггүй, мэддэггүйгээс  хүүхэд залуучуудын дунд өвчлөл их байна. Шинэ төрсөн нярай элдэв эмгэгтэй төрж, хүүхэд залуус 40-өөс дээш насныханд илэрдэг байсан ясны сийрэгжилт, яс ургалт гэж оношлогдох болсон зэрэг харамсалтай баримт мэдээлэл бидний эргэн тойронд дэндүү их. Тиймээс ус хэмээх чандмань эрдэнэ, бидний мэддэг эрдэнэ, эрдэнийн дээд гэдгийг энгийн нэг ухаарахад энэ буюу.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.