Эхийн хайр /сургамжит өгүүллэг/

Twitter Print
2019 оны 02-р сар 28-нд 10:16 цагт
Мэдээний зураг,

Бага ангийн сурагч Саки охин бол хичээлдээ тун ч идэвхитэй, сурлагаараа толгой цохидог нэгэн. Юм болгон дээр л Саки, Саки гэцгээнэ. Урлаг, спортын бүхий л уралдаан тэмцээн, за тэгээд сургуулиас зохиогдох олон нийтийн арга хэмжээнд тэрээр байнга л оролцож, амжилт гаргаж байдаг маш завгүй нэгэн байлаа. 

Сургуулийн эрүүл мэндийн үзлэгээр шинжилгээ нь муу гарч, яаралтай нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоо хийлгэх хэрэгтэй гэсэн харамсалтай мэдээ сонслоо. Энэ бүхний эцэст тархины хорт хавдар гэсэн оноштой хөөрхий охин дахин хичээл сургуульдаа явж, үеийн найзуудтайгаа бужигнан шуугиж тоглох боломжгүй боллоо. 

Түүнтэй хамт хамгийн ихээр зовж шаналсан хүн бол ээж нь байв. Амьдралд хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин гэдэг энэ зовлонг яалтай билээ. Гашуун нулимсаа нууж залгин, хайртай охиноо аль болох зоригтой байлгахыг хичээж байлаа. 

Байнгын хүчтэй эмчилгээ, улам бүр дордох биеийн байдлаас болж Саки охин орноосоо ч босох тэнхэлгүй болов. Турж эцээд, цонхийсон царайтай Саки турь муутай гараар найзуудынхаа бичсэн захидлыг уншиж, заримдаа муухан инээмсэглэх гэж оролдоно. Одоо түүнд эдгээр хөгжилтэй, урам өгсөн захидлууд л хамгаас нандин зүйл нь болж байв. 

Эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналан өдөр хоногийг өнгөрөөх бяцхан охины амьдралын сүүлчийн өдрүүд... Түүнд ирдэг захиа одоо тун ч багасчээ. Аргагүй шүү дээ. Тэр сургуульдаа явахаа байгаад зөндөө удсан юм чинь. "Манай ангийнхан хөгжилтэй байгаа даа. Хурдан эдгээд хичээлдээ явах юмсан" гэдэг бодол харин одоо "Намайг мартчихсан байх даа" гэсэн гунигтай бодлоор солигджээ. Тэгээд бүр хөнжил дотроо найзуудтайгаа ярьж байгаа мэт шивнэн уйлж байхыг нь нэгэн удаа ээж нь мэдчихжээ. 

Тэр дор нь ээж нь сургууль руу утас цохин охиндоо тусламж хүсчээ. Дараа өдрөөс ангийнхан нь ээлж дараагаар дахин ирэх болж бусад хүүхдүүдийн захиаг тод дуугаар уншиж өгөхөд Саки охин хэсэгхэн зуур ч гэсэн өвчин зовлонгоо мартан жаргалтай байлаа. Түүнд сэтгэлийн хүч дахин ирж, эдгэчих ч юм шиг санагдах болов. Гэсэн ч тэр улам л дордож байв.  

Өдөр хоног ээлжлэн өнгөрч, ирэх сурагчдын тоо дахиад л цөөрсөөр бүр алга боллоо. Охин цөхрөлтгүй л хүлээж байхыг хараад эх нь тэвчсэнгүй. Охиныхоо сүүлийн амьсгалах цаг мөч бүрийг аз жаргалтай байлгах гэсэн эхийн сэтгэлд "Би өөрөө  ч болов захидал бичих хэрэгтэй" гэсэн бодол төрөв. Ингээд л "Саки, найз минь чи сайн уу? Хурдан эдгээрэй. Бид чамайгаа ямар их санаж, хүлээж байна гээч. Чамайг ирэхээр бүгдээрээ аялалд явна шүү. Тэгээд яг урдынх шигээ сайхан хөгжилдөнөө. Хичээгээрэй, Саки. Ангийнхан чинь" гэх мэт үгтэй захиа охин зөндөө олныг авлаа.

Хаврын урин дулаан цаг ирж, Сакура цэцэг цагаахан дэлбээгээ нээж, хотоор дүүрэн анхилуун цэцэгсийн үнэр ханхлах үеэр Саки охин эргэж ирэхгүй аяндаа үүрд буцлаа. "Амьдралын гэрэл гэгээ, аз жаргалыг дэндүү жаахан амслаа даа. Бурхан юунд ингэнэ вэ" гэж хөөрхий эх нь уйлан гашуудна. Өдөр бүр охиноо санан дурсч, дурсах бүр бяцхан охиноо өрөвдөн ганихарна...

Охин нас барснаас хойш нар хоёронтоо буцжээ. Байгаа чигээр нь орж гардаг байсан охиныхоо өрөөг зориг гарган цэвэрлэхээр болов. Охиныхоо унтаж байсан ор, тоглож байсан тоглоом гээд хөөрхий охиныг санагдуулах зүйл тун ч олон байлаа. Дахиад л мэгшин уйлав. 

Орны хажуугийн шүүгээнээс ангийнх нь хүүхдүүдээс ирсэн захидлууд, доод тавиураас охиных нь бичсэн хариу захидлууд гарч ирэв. Түүнтэй хамт нэгэн захидлыг олжээ. Энэ бол охины ээждээ нууж бичсэн хамгийн сүүлчийн захидал байлаа.

"Миний хамгийн дотны "найз" танаа,

Намайг үргэлж хайрлаж, дэмжиж, тусалж байсанд баярлалаа. Танаас ирсэн захиа болгон надад их хүч бэлэглэдэг байсан шүү. Захиа болгоноос би таныхаа энгүй их хайрыг мэдэрч маш их аз жаргалтай болдог байсан. Ийм их хайрыг ганцхан танаас л мэдэрч болно гэдгийг би маш сайн ойлгосон. Таны минь бичсэн энэ захидлууд надад байгаа хамгийн үнэтэй эрдэнэ юм. Учир нь захиа болгонд таны минь хайр шингэсэн. Ийм их хайраар хайрлуулсан би азтай охин. Тандаа хайртай шүү, ээжээ. Таныг орхих гэж байгаад минь уучлаарай. Баяртай. Баярлалаа, ээжээ" гэсэн байлаа.

Хүн эд зүйлсээр дутдаггүй, хайраар л дутдаг... Таны хайр хэн нэгэнд хэрэгтэй ч байгаа юм бил үү. Та хайртай хүмүүс рүүгээ яг одоо захидал бичээрэй бас утасдаарай. 

 

Япон хэлнээс орчуулсан: Найдангийн Базарсүрэн

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.