Монголчуудаас зээлдсэн Орос төрх буюу ушанка

Twitter Print
2019 оны 05-р сар 25-нд 08:29 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахины соёлын үнэт өвүүдийн дотор Монгол дээл хувцас яах аргагүй ормоор юм. Хүн төрөлхтний түүхэнд ер нь урьд өмнө нь хаа ч үзэгдэж харагдаагүй эрхэмсэг бөгөөд тансаг гоёл зүүсгэлийг зөвхөн Монголчууд л эдэлж хэрэглэж ирснийг одоо дэлхий дахин хүлээн зөвшөөрөх цаг болсон. Хилийн чанадад цаг үргэлж зохион байгуулагддаг загварын шоун дээр зарим үед Монгол дээл хувцас болоод Монгол ахуйн соёлоос санаа сэдэл авсан гоёмсог загварууд гарлаа гэхэд гадныхан гайхаж шагширч байдаг юм гэсэн.

Харин Монгол дээл хувцас, өмсгөл зүүсгэлийн соёл аль эрт цагаас дэлхий дахинд таран түгсэн баримт мэдээлэл олон байдаг. Наад захын нэг жишээ дурьдахад бидний чихтэй малгай гэдэг, (үнэндээ Монгол үг хэллэг, ухагдахуунаар бол хулгавчтай малгай) харин дээхэн үедээ хүлээж авч байснаар бол орос малгайг анх Оросууд Монголчуудын тэргүүн дэхь өмсгөлөөс санаа авч бий болгосон түүхтэй гэдэг.

Орос хүнд бол энэ өмсгөл зүгээр нэг малгай биш, орос хударгыг илтгэх хүндтэй өмсгөл болдог. Чухамдаа хэдий үеэс ч юм мэдэхгүй тэргүүндээ асааж ирсэн энэ хүндтэй өмсгөлөө тэд дээдэлж, үс хөрсийг нь сайхан хадгалахын тулд өвлийн хүйтэнд гадаа хүртэл хонуулдаг, бүр саяхандаа хөргөгчиндөө хүртэл хийж унтдаг байсан гэх. Сонирхолтой нь, хорьдугаар зуунаас дэлхий дахин оросуудыг чухам энэ малгайгаар нь төсөөлдөг болсон бөгөөд Холливуудын уран бүтээлүүдэд орос хүн л гэвэл “ушанка” өмсгөж гаргадаг байх жишээтэй.

“Ушанка” гэдэг нь оросоор чихтэй малгай гэсэн үг бол Африкт мөн энэ маягийн малгайг ушанка гэдэг аж. Яахав шууд орос хэллэгээр нь нэрлэсэн байх л даа. Харин дэлхийн бусад улс оронд энэ малгайг орос малгай гэдэг байна. Тэр байтугай англи хэлтэй улс орнуудад зүгээр "ushanka", "shapka" гэх бөгөөд “earflaps” гэхийн оронд "russian fur hat" гэж хэлж, ярьж заншсан байдаг ажгуу.

Монгол эх сурвалж

Ингэхэд ушанка малгайг хэдий үеэс анх оросууд өмсдөг болсон байхав. “Алтан орд” улсын хаанчлалын үед орос, славянчууд зүгээр л бүтүү лоовууз мэт малгай духдуулдаг, одоо ч тэр мэт маягийн малгайг Монголчуудынх мэтээр зурж дүрсэлсэн байдаг нь сонин. Харин тэр цаг үеэс оросуудын “малахай” гэж нэрлэдэг болсон Монгол малгайн  хэлбэр загварыг дагуулж хулгавчтай малгай өмсдөг болсон баримт мэдээлэл өнөө үлдэж хоцорчээ. Оросууд “шинэ маягийн” малгайтай болсон шалтгаан нь хацар нүүрээ салхи савирнаас хамгаалж, эрүүвчилж болдог Монгол малгай оросын хахир хүйтнээс хамгаалах сайн талтайн дээр дайн тулааны үед төмөр дуулга ч дараад өмсөж болох тустай байсан байна. Тэр атугай хонины нэхий зэрэг үс хөрстэй амьтны үсээр хийсэн Монгол “малахай” хальт цохисон сэлэмний ирээс хамгаалаад зогсохгүй эрч нь саарсан суманд дийлддэггүй эд байсан тул оросуудын дунд өргөн дэлгэр тархлыг олсон байх магадлалтай аж. Харин оросууд цагийн явцад “малайхай”-гаа улам боловсруулан хөгжүүлж шил дарсан хүрээг нь гурван хэсэгт хувааж, халуун дулаан үед орой дээр нь бүчээр зангидчихаж болдог хэлбэр загвартай болгосон байна. Гэтэл бас тэдний энэ “инноваци” нь мөн л Монгол малгайн эртний хэлбэр загвар учир өөрсдөө боловсруулан хөгжүүлсэн гэдэг нь арай юу л бол.

Түүхэн баримт харин сөхөж үзвэл “ушанка” малгай XX зууны эхэн хүртэл голчлон тариачдын гол өмсгөл болж ирсэн (Лев Толстойн зохиолын баатар Филипок ушанкатай л давхиж явдаг) бөгөөд “труеха”, эсвэл “магерка” гэж нэрлэдэг байжээ. Харин Орос оронд хүнд бэрх цаг нүүрлэсэн үеэс цэргийнхэн эгэл борчууд, тариачдын толгойн өмсгөлд анхаарал хандуулж эхэлсэн байна. Хахир хүйтэн цаг агаар, дайн тулааны үед тариачны малгай шиг найдвартай эд тэдэнд байсангүй. Тиймээс ч цагаан гварди, колчаковчууд уг малгайг өдөр тутмынхаа өмсгөл болгосон гэдэг байна. Гэхдээ энэ зэрэгцээ “ушанка” малгай “оросынх” болоход түлхэц өгсөн өөр нэгэн хүчин зүйл бий гэж үздэг байна. Тэр нь "нансеновка" хэмээн нэрлэдэг болсон Норвегийн туйлын хэсгийн оршин суугчид өмсдөг байсан малгай гэнэ. Гэтэл Норвегууд Гренландын оршин суугчдаас уг малгайг зээлдэж авсан гэж үздэг байна. Харин "колчаковка" малгайг арьс үсээр биш, цэмбээр хийдэг байсан бөгөөд цэмбээ Японоос худалдан авч, Англид бөөнөөр нь үйлдвэрүүдэг байсан баримт үлдэж хоцорчээ.

Өнөөгийн төрхөө олсон Зөвлөлт засгийн үе

Зөвлөлт Холбоот улсын үед ушанка малгайг өнөөгийн хэлбэр загварт хүртэл нь боловсруулсан байна. 1934 оноос уг малгай тэнгисийн цэргийн өмсгөл болсон бол таван жилийн дараа Тэнгисийн цэргийн флотын Ардын комиссариатын тушаал гарч эсгийгээр оёсон малгайг савхиар сольсон аж. Харин дээд тушаалын офицеруудын малгайг тухайн үед хар өнгийн каракуль хонины арьсаар хийдэг болсон бөгөөд дунд тушаалын дарга нарынхыг хар өнгийн цигейка хонины нэхийгээр хийдэг болсон бол жилийн дараа гэхэд 1940 оноос зэвсэгт хүчин, цагдаагийн албан хаагчдын өвлийн малгай мөн ушанка болсон түүхтэй.

Оросуудын дээдлэл

Орос хэлэнд "опростоволоситься" гэдэг үг бий. Энэ үгийн утга харин одоо шилжирч "тэнэг зүйл хийх", "алдаа гаргах" гэх утгатай болсон бол эрт цагт нүцгэн толгойгоо харуулах гэсэн утгаар ухдаг байжээ. Энэ нь нэг ёсны доромж үг бөгөөд олны өмнө хуйхаа харуулах гэсэн утгатай бөгөөд малгайгүй байна гэдэг байж болшгүй журамгүй явдал гэж үздэг байсантай холбоотой үг аж. Оросын ахуй соёлд толгойн өмсгөл чухал байр суурь эзэлдэг  учраас малгайгаа ямагт хүндэтгэж, нэр төр мэт үзэж ирсэн байна. Тэгээд ч ушанка малгай орос хүний хамгийн ойр дөхөм хэрэглээ, найдвартай хадгаламж, уут сав болсоор иржээ. Жишээлбэл, Монгол хүн нандин бүхнээ өвөртөө хадгалдаг бол оросууд ушанка малгайныхаа ар хулгавчинд чухал бичиг баримт, мөнгө төгрөг бүхнээ хийдэг заншилтай болсон байна.

Сонирхолтой нь, Зөвлөлтийн “зогсонги” гэгддэг үеэс ушанка малгай оросын билэг тэмдэг болсон байдаг билээ. Чухам энэ үеэс л дэлхий дахин оросуудыг зөвхөн энэ малгайтайгаар төсөөлөх болсон бол оросууд ч гадаадынханд өөрснөө малгайгаа "шахдаг" байсан учир хожмоо Холливудын бүтээлүүдэд оросын өнгө төрхийг төлөөлөх болжээ. Харин цаг цагийн өнгөнд ушанка улам өндөр үнэлэгдсээр 90-ээд он гарахад булган ушанка үнэд орж, нүдний цөцгий мэт дээдлэх энэ үнэт эдлэлээ оросууд арьс хөрсийг нь гэмтээхгүй, арчилж сэргээх үүднээс шөнө унтахдаа хөргөгчиндөө хийж орхидог байсан наргиантай түүх бий бөгөөд тэргүүнээсээ малгайгаа авсны дараа заавал ч үгүй сэгсэрч, үс сорыг нь сэргээдэг зуршилтай байсан гэдэг.

Оросуудад тэрчлэн малгай тэргүүнтэй холбоотой ёс, ёр билэг гэж бий. Хэрвээ хүний малгайг цохиж унагавал хамгийн их доромжлол болдог бол малгайгаа алдаж гэмээнэ гэдэг толгойгоо алдахын чинээ ёр цондон гэж үзэж, зэвүүцдэг байна. Гэтэл ийм ёс заншил оросуудад бас хөрш зэргэлдээ Монголчуудаас уламжлагдан ирсэн гэхэд хилсдэхгүй болов уу.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.