Цуйван ба эрчүүд

2017 оны 03-р сар 18-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Цуйван хятад нэр, бодвол гурилтай... энэ тэр гэсэн л үг биз.  Хэрэв та Chao bing гэж бичээд гүүглээс зураг хайвал махгүй буюу бараг махгүй цуйвангууд олж үзэх болно. Харин Монголд байдаг цуйвангууд том том махтай, бүр сүүлтэй байдаг. Тэгэхээр энэ хоол манай нутагт суурьшихдаа, эсвэл ерөөс монгол хувилбар нь ихээхэн мутацид орсон болох нь харагдана. 

Хуцва гэж заримын хэлдэг нь цуйвангийн монгол нэр нь байж магад. Гурил л байвал хаа ч хийж болох эд учир заавал урд хөршийнх энэ тэр гэж гоочлоод ч юүхэв, Модун хаан Алтайд тарьсан гурилыг жигнэж, цэгцэрийн талын тарган ирэгний сүүлтэй сэгсэрсэн цуйванд нугасгүй байсан ч юм билүү. Гэвч цаг үргэлж нүүдэллэн, морин дэл дээр хийсдэг монголчууд хоолонд тэгж их цаг зардаг байсан нь юу л бол.

Цуйван ба эрчүүд

Ёстой л нас хүйс, шашин шүтлэг, баян ядуу ялгадаггүй зоог доо. Учир нь хүн бүхэн дуртай. Гэхдээ хүмүүс янз янзын цуйван таашаадаг. Жишээ нь, “Махных нь амт гуриландаа шингэж байж л жинхэнэ цуйван болно шүү дээ” гэх хүн таарна. Тэд гурилыг тусад нь жигнэхийг эрс эсэргүүцдэг хүмүүс. 

“Өө өвгөн нь харьж явна... аа яагаа ч гүэ, зүгээр нэг сайхан цуйван сэгсрээч л гэх гээд...” гэж ярих эрчүүл мундахгүй. Өдөржин ажилласан ядаргаагаа гаргаж гэргий хүүхдээ харан баясан суух эрчүүдийн амралт цуйвангүйгээр төгс байж чадна гэж үү.

Тойрч суусан харчуудын яриа хүүхэн шуухан, хөлбөмбөгөө дуусгачаад цуйван руу орох нь бий. Хэрэв эхнэрээ магты гэвэл, “манай авгайгийн цуйван бол тасархайшд!” гээ л үнэлгээ тогтоочно.

“Би хаана ч орсон цуйван л захиалдаг. Яаж ч хийсэн гоёоороо байдаг хамгийн найдвартай хоол бол цуйван байхгүй юу. Тэхкү бол өөр юм захьдаг, шал хогийн юм хүрээд ирвэл яахын...” гэж нэг залуу хэлсэн байдаг юм. Хорвоогийн үнэнийг мөн өчсөн байгаам шүү.

Тэр битий хэл, “цуйван л сайхан хийдэг хүүхэнтэй сууна даа....” гэж санаашрах харчуултай таарч л явлаа.

Эмэгтэйчүүдийн хувьд бол харин цуйванг голцуу дундаа тавьцан идэж байгаа харагддаг. Гэхдээ үнэн хэрэгтээ, эмэгтэйм байж тийм том тавагтай цуйван иджийнэ гэж харагдахаасаа ичээд худлаа хоюулаа сууж байдаг болуу гэж бодогддын. Тэхээс шууд л уучхымсан гэсэн нүдээр хараад байдагшд цуйвангаа :))

Цуйвантай дурсамж

Шавилхан биетэй ангийн минь анд сан. Оюутан байхад хуушуур найм олдвол наймыг, арав олдвол аравыг л иддэг үе байлаа шүү дээ. Харин тэр анд маань дөрвөөс цаашаа явахгүй. Бид түүнийг цамаан гэж цаашлуулна. Гэхдээ харин цуйванг ёстой нэг хашраадаг гар даа тэр минь.

Хөдөлмөрийн дээд сургуулийн тэр хавьд Оюутан гуанз гэж байх. Хоёр сардаа нэг орно. Хөлсөө гартал иднэ. Шавилхан анд маань цуйван захина. Ай тос нь гялалзаж, мах ногоо нь бултайсан сэгсгэр бор цуйван овоолгоотой ирнэ дээ. Анд ардаас нь харагдахаа байна. Өрөөсөн гар цухуйж ирээд л сэрээ шүүрч байгаа харагддаг сан. Тэгээд л нүдэн дээр тоосго сугалж байгаам шиг л доошлоно шүү дээ тэр цуйван. 

Эхлээд андын хөмсөг нь цухуйна.
Дараа нь жаргалтайя жаатайх нүд гарч ирнэ.
Тэгээд хөлс нь бурзайсан хамар нь,
Сүүлд нь тэгээд бумбайж буваганах хацар ам нь харагдана даа.
Ёстой л жаргаж иднэ гэж тэр.

Тавгандаа тал хэрчим гурил ч үлдээхийг анд маань цээрлэнэ. "Цуйвангийн заяа гомдчноо" гэж ирээд л шүүрээд үмхчихнэ. Хамгийн сүүлд сэрээгээ долоож байхдаа яг л багш шиг өнгөөр, "та нар ер нь цуйван л идэж бай. Ээ дээ хамаг юмыг нь тааруулж сэгсэрсэн цуйван шиг ариун дагшин, амттайхан хоол өөр байна гэж үү дээ" гэж ирээд л сургана.

-Гүэ чи цайгүй д явуулчих юмаа гэж маниусыг нэг удаа гайхахад,
-Нөхөд минь увдисыг нь олж, өөх мах, ногоо цагааг нь тааруулж үмхвэл цуйванг ууж болдым шүү дээ гэж ам тагласан удаатай.

Тэр анд маань одоо цуйвангаа идсээр яваа. Их хотын хаа нэгтээгээс хамгийн гоё цуйвантай газрыг тэмцэн бэдэрсээр яваа. 

Монголын цуйвангийн ертөнц



Монголчууд үнэхээр баялаг хоолтой ард түмэн. Мах гурил хоёроор л гэхэд хэчнээн янзын юм хийнэ гээч. Гуриланд боож жигнээд бууз, элдэж шараад хуушуур, жижиглээд банш, хэрчээд лавшаа.... Бүхэл мах чанаад зэрлэг сонгино, уулынхаа мангирыг цацсан байна гэж төсөөл дөө. Хажууд нь шөлөнд хаясан хавтгай гурил. Гүэ үүнээс илүү сайхан юм гэж байх уу таминь.

ХХ зууны дунд үеэс манайхан хүнсний өргөнөөр хэрэглэх болсноор монгол хоол шинэ шатанд гарсан. Намар намартаа бид ургацын далай шөлөө иддэг. Эх орны минь хөрсөнд ургасан, нуугиж нурсан шаргалхан төмс хэчнээн сайхан билээ. 

Улс орон капитализмын замд орсоор бид төрөл бүрийн халуун хүйтэн ногоо, амтлагчтай танилцав. Орон орны хоол ундтай ресторанууд ч зөндөө бий болов. 

Гэвчиг энэ бүх хугацаанд манай цуйван огтхон ч бүдгэрч мартагдаагүй юм. Юутай ч Монголд суурьшсан хятад тогооч нар цуйвангийн анхны мастерууд байсан байж таарна. Тэмцэл кинон дээр Гүржав дүүдээ “Чи Буянтын гуанзанд хоол зөө. Санаа амар, гэдэс цатгалан!” гэж зөвлөдөг. Энэ мэт болон бусад киноны кадруудаас бид ХХ зууны эхэн үеийн Хүрээний нийтийн хоолны газрын дүр төрхийн тухай ойлголт авч болно. Цуйван байсан л байж таараа. 

Ардын хувьсгалын дараа монголчууд өөрснөө жижиг худалдаа, нийтийн хоол, гар үйлдвэрлэл, оёдол шидлэгээ авч явах болсноор үндэсний тогооч нар бий болох суурь тавигдав. Гэвч удтал зүгшрэхгүй явсаар хятадуудыг жинхэнэ утгаар нь хөөн гаргасан 60-аад оноос эхлэн монголчууд “нохой хамартаа хүрэхээр усч”-ийн үлгэрээр нийтийн хоолоо өөрснөө аялуулах болсон байдаг. Харин одоо хоолны салбарынхаа хөгжлийг дагаад маш олон үндэсний тогооч нар, мастеруудтай болсон. Цуйван ч төрөл, хачир нэмсээр жирийн гуанзнаас хальж хамгийн тансаг рестораны цэсэнд залрав. Амтат чинжүүтэй, өргөст хэмхтэй, майнуузтай, помьдоортой... аа яа яа. 

Цуйвангүй хоолны газрыг хоолны газарт эс тооцно. Бас хоолны газрын чансааг цуйвангийнх нь амтаар багцаалах нь ч бий. Амттайхан цуйвантай газар олны хөл үл тасарна. Өндөр гэгч нь овоолсон сайхан цуйван идэж гэмээнэ сая нэг юм идсэн болно. Тиймдээ ч манай хөдөөгийн замын гуанзнууд нэр хүнд сайтай байдаг нь учиртай.

Тэр битгий хэл фэйсбүүкд цуйвангүй хоолны группийг хоолны группд эс тооцож байна. Манай Taste iT(нэрэн дээр нь дараад орж хараарай) группийн хамгийн лаг зурагнуудын нэг нь яах аргагүй цуйван. Taste iT өөрөө ч Монголын цахим ертөнцийн хамгийн лаг хоол ундтай булангийн нэг. 

Харин аргуун цуйван ч хэцүү дээ. Чийглэх гээд тосы нь хэтрүүлбэл бас таагүй. Тос нь таарсан ч усыг нь ихдүүлсэн бол хайран юм л гэхээс аргагүй. Гэхдээ бид гэртээ энэ мэт юм хийгээд л амтархан идэж л орхидог шүү дээ.  Магадгүй, “тэгээ л нэхх мах гурил, уйтгартайм бишүү” гэх хүн гарч магад. Гэхдээ л өөх тосыг нь тааруулаад сэгсэрцэн, мах ногоо нь алаглан гялалзах таваг дүүрэн цуйван түүний өмнө тавибал хэсэгтээ л хорвоог умартах монгол хоол оо.

Нийтлэлч Артаньян

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (43.242.243.85) 2017-03-20 10:21
      • 0
      • 0

      eniig ymar teneg n bichdeg bnaa. Chao bing gj hailaa ner n buruu bn. mongol hool bayalag gnu??? dandaa hyatad hooltoi bj yun bayalag gj.

      Хариулах

    • mnbv

      (194.118.31.96) 2017-03-19 02:41
      • 0
      • 0

      nudend haragdaj bna tsuivan idnee

      Хариулах

    • Soongo

      (66.181.177.12) 2017-03-18 15:43
      • 0
      • 0

      Гоё гоё цуйван үнэхээр гоё, заримдаа бүр идмээр санагдаад хийдэг, тэгэж л үгүйлэгддэг хоол шүү дээ, бууз хуушуурыг идмээр санагдахгүй шүү дээ, хийсэн бол л иднэ, цуйван бол үгүйлэгддэг шүү, дургүй хүмүүс байдаг, сонин байгаа биз

      Хариулах

    • Soongo

      (66.181.177.12) 2017-03-18 15:43
      • 0
      • 0

      Гоё гоё цуйван үнэхээр гоё, заримдаа бүр идмээр санагдаад хийдэг, тэгэж л үгүйлэгддэг хоол шүү дээ, бууз хуушуурыг идмээр санагдахгүй шүү дээ, хийсэн бол л иднэ, цуйван бол үгүйлэгддэг шүү, дургүй хүмүүс байдаг, сонин байгаа биз

      Хариулах